Яг одоо дэлхийн улс орнууд өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлгэгдсэн 11.5 сая данс бүхий Панамын мэдээллээр "халуурч” байна. 2016 оны тооцоогоор оффшор банкны дансны үйлчилгээ үзүүлдэг офшор зон бүхий 50 гаруй бүс нутаг бүртгэгдсэн аж. Тэдний нэг нь Панамын бүс. Эдгээр оффшор бүсүүдэд нийт 32 их наяд доллар эргэлдэж байгаа гэнэ.Саяхан Английн нэгэн томоохон улс төрч "АНУ-аас ОХУ, Хятад зэрэг орнуудын удирдлагуудад дарамт, шахалт үзүүлэх, тэдгээр орнуудад өнгөт хувьсгал хийх бэлтгэл ажлын нэг болгож Панамын мэдээллийг зохион байгуулалттай дэлгэсэн” гэж мэдэгдсэн нь үнэний хувьтай байж болно гэсэн таамаг өрнөж байна.
Учир нь зарим олон улс хоорондын гэсэн нэртэй төрийн бус байгууллагуудыг зориуд санхүүжүүлэн тодорхой үйл ажиллагаанд чиглүүлэн алсаас удирддаг арга өнөөгийн ертөнцөд нээлттэй болоод удаж байгаа. Нөгөө талаар хэдийгээр факт баримтыг Олон улсын эрэлч сэтгүүлчдийн холбоо зарлаж байгаа гэж буй ч яагаад 50 гаруй оффшор бүсээс гагцхүү Панамыг онцлох болов. Бусад нь хаана байна вэ. Магадгүй тэдэнд сануулга сэрэмжлүүлэг өгсөн юм биш биз. Уг зорилго нь юу вэ гэсэн асуулт хариу нэхсээр байгаа юм. OF CHORE-ОФФШОР гэдэг үг нь "Эргийн гадуур” гэсэн утгатай англи үгнээс гаралтай нэршил аж. Заримдаа OFF CHORE гэсэн байдлаар ч бичдэг байна. Ийм нэрээр нэрлэгдсэн үйлчилгээ анх далайн эргийн бүсийн болон жижиг аралуудад бий болсон байна.
Далайн дээрэмчид, хориотой бараа тээгчид элдэв төрлийн хяналт шалгалт, татвараас зайлсхийх зорилгоор тухайн улс орны төр засгийн хяналтаас хол байдаг алслагдсан бүс нутагт бараа мөнгө хөрөнгөө байршуулах, улмаар тухайн орон нутагт суурьшсан иргэдтэй хамтран ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг байжээ. Үүнийг хэзээнээс эхэлсэн, хэрхэн хөгжиж ирсэн зэрэгтэй нь холбон судлах юм бол ихээхэн урт түүх болно. Харин оффшор зон, оффшор банкны үйл ажиллагаа 1970-аад онд Английн эзэмшлийн жижиг аралуудад үүсч бий болжээ.
Тэдгээр бүсийн орнуудад Английн төрөөс санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээ багасган зогсоосноор тэрхүү бүсийн жижиг орнууд өөрөө өөрийгөө санхүүжүүлэх байгалийн болон бусад орлогын эх үүсвэргүй болсон учир нэмэлт орлогын эх үүсвэр олох зорилгоор оффшорын үйлчилгээ эрхлэх болжээ. Үүний гол хэсэг нь Оффшор банкны үйлчилгээ. Энэ нэр томъёо анх Америкийн зүүн эргийн дагуух бүс нутагт өргөн хэрэглэгдэж эхэлжээ. Зорилго нь, уг үйлчилгээг авах сонирхол бүхий этгээд нь өөрийн хөрөнгөө тухайн үеийнхээ засгийн газрын хараа хяналтаас гадуур байлгах гэсэн л хүсэл. Түүнийг хууль эрхзүй, банк санхүүгийн, географын агуулгаар тодорхойлсон нь энэхүү нэр томъёо юм. Офшор үйлчилгээ нь үйлчлүүлэгчдэдээ үлэмжхэн хөнгөлөлт үзүүлдэг байна. Үүнд;
• Хамгийн бага татвартай буюу "О” татвартай байх
• Дансаа удирдах, захиран зарцуулах маш хөнгөн шуурхай, амар хялбар нөхцөлтэй байх
• Данс эзэмшигчийн нэр хаяг нууцлагдмал байх
• Дансаар орж гарч байгаа хөрөнгийн гарал үүсэл, зориулалт зэрэгт хяналт тавьдаггүй зэрэг ажээ.
Ийм байдал нь уг дансыг дорхи зорилгуудаар ашиглахад амар хялбар болгож өгдөг байна. Үүнд;
• Орлогоо хэн нэгнээс нууцлах шаардлагаар (татвараас, мөн дотоод таагүй нөхцөл байдлаас болон мөнгө хөрөнгөө дайжуулах шаардлагын үүднээс)
• Гаднаас орж ирэх орлогоо хяналтаас ангид байлгах
• Мөнгө угаахад
• Терроризмыг санхүүжүүлэхэд /мөн түүнчлэн хэн нэг улсын хяналтанд байгаа улс орнуудад дотоод самуун, өнгөт хувьсгал хийхэд/
• Гэмт хэрэг, авилгалын авсан өгсөн мөнгөө байршуулахад тус тус ашиглагддаг байна.
Орчин цагт оффшор банкны үйлчилгээ үзүүлдэг бүсийг оффшор зон гэж нэрлэж буй. 1991 оноос оффшор үйлчилгээ эрчтэй хөгжсөн ба үүнийг анх "Riggs Walter” групп хэрэгжүүлж эхэлсэн байна.
Энэ үед социализм задарсан бөгөөд түүнтэй хамт барууны овжин зальхай
бүхэн үерийн ус шиг хүчтэй орж ирсэний нэг нь оффшор. Оффшор данс
эзэмшигчдийн тоо хэдэн арван мянгаар хэмжигдэхийн зэрэгцээ зөвхөн
ОХУ-аас 2011 онд гэхэд уг дансаар дамжин 191.1 тэрбум доллар гадагш
гарсан тухай баримт байдаг аж.
Д.Отгонжаргал
Эх сурвалж: