|

Эвий мазаалай, бөмбөрцгийг орхих нь ээ

marsbold 2016/05/26 1120 0

 

Мазаалайн тухай бид говийн баавгай, цөөн тоотойгоор оршдог гэхээс цааш ойлголтгүй шахам. Энэхүү цайвар, жижиг биетэй, дэлхий дээр нэн ховордсон хөхтөн маань их говийн уудамд устаж үгүй болохоо хүлээх мэтээр нааш, цааш хэрэн хэсүүчилсээр. Гэхдээ тун цөөн тоотойгоор шүү. 1975-1980 оны 25-30 орчим буй гэсэн тойм тоо гаргахад хирдхийн дуу алдагсад олон байжээ. Гэтэл өдгөө 15-20 орчимд эргэлдэж буй гэхэд тоох хүн өдрийн од шиг болов. Сүүлийн жилүүдэд монголчуудын угаас тоомжиргүй, үндэсний баялгаа нүд үзүүрлэдэг болсны нэг илрэл энэ.


Мазаалай амьдардаг нутгийнхан түүнийг хүн гөрөөс, мажаалай гэх. Аймхай үр төлийг нь алманцаг хэмээнэ. Зарим нэг мартамхай, харгүй, хэнэггүй хүнийг "мажаалай шиг” гэж зүйрлэн хэлсэн нь сонирхолтой. Эл хэнэггүй, хөөрхий мазаалай Говийн их дархан газарт амьдардаг  хэдий ч жил ирэх тусам цөөрсөөр, хааяахан хоорондоо тааралдахдаа хүртэл бие биеэ танихгүй шахам болж буй. Жилийн турш агаарын хэм 80 градус хүртэл өөрчлөгдөж байдаг ертөнцийн  хамгийн таагүй орчинд амьдардаг азгүй амьтан. Тачир сийрэг ургамалтай, хоол тэжээлийн нөөц бага, усгүй шахам нүцгэн толгодын дунд хэдэн мянган жилийн турш тусгаарлагдан амьдарч ирэхдээ өнөөдрийнх шиг мөхөх сэхэхийн ирмэг дээр ирнэ гэж зүүдлээ ч үгүй явна, тэр. Өнөөдөр мазаалайд мөхөх аюул учирсан гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн. 1998 онд хийсэн популяцийн эмзэг байдлын анализ шинжилгээгээр энэ зүйлийг ойрын 15-20 жилд устаж болзошгүй гэсэн дүгнэлт гаргасан нь цаг хугацааны хувьд улам бүр наашилсаар байна. Эдүгээ мазаалайн тархацын хүрээ өчүүхэн бага нутагт хэдхэн уст цэгүүдийг бараадан амьдарч байгаа нь тодорхой болжээ. Тухайлбал, Атас уул, Шар хулс, Цагаан богд уулын орчимд байршин нэгээс нөгөөд шилжин амьдарч байгаа гэж болно. Ховор амьтныг хамгаалахын тулд түүний ховордож байгаа шалтгааныг мэдэх шаардлагатай. Ингэж байж л сая түүнийг хамгаалах жорыг боловсруулах билээ. Учир шалтгааныг таньж мэдээгүй хэрэгжүүлэх арга хэмжээ нь таамаг төдийгүй ихээхэн эрсдэлтэй. Өнгөрсөн зууны турш дэлхийн янз бүрийн улс оронд том хөхтөн амьтдын устаж сөнөсөн үндсэн шалтгаан нь хэт агналт, эсвэл хүний үйл ажиллагааны улмаас амьдрах орчинд гарсан өөрчлөлт болохыг дэлхийн хэмжээнд тогтоосон юм. Энэ бол 1989 онд гаргасан дүгнэлт. Энэ хоёр шалтгааны аль нь ч мазаалайн тоо толгойг хорогдуулах шийдвэрлэх хүчин зүйл байж болмооргүй мэтээр хүмүүст санагддаг. Учир нь мазаалай амьдарч буй одоогийн багахан газарт хүн огт суурьшаагүй зэлүүд нутаг. Нөгөө талаар мазаалай ховор учраас түүнийг агнах нь бүү хэл олж харах амаргүй. Авч ашиглах ямар нэг "онцгой чанар”-ын түүхий эдийн зах зээлийн хэрэгцээ байхгүй учир зориуд агнах сонирхол бага баймаар мэт санагддаг. Гэтэл хэрэг дээрээ Алтайн өвөр говийн алслагдсан хязгаар нутагт ч хүний шууд нөлөө байдаг болохыг судлаач А.Болдын 1968 онд бичсэн судалгаанаас харж болно. Тэрээр 1960-аад оны дунд хүртэл 20 орчим жилийн дотор Алтайн өвөр говьд 11 мазаалай хорогдсон тодорхой баримт олсон нь бий. Энэ бол цөөхөн мазаалайн хувьд их тоо. Үүний 70 орчим хувийг хүмүүс буудаж алсан нь харамсаар. Хэчнээн ховор нандин амьтан болохыг үл тоомсорлон ямар ч зорилгогүйгээр буудчихдаг явдал одоо ч давтагдаж буй. Мазаалайн тоо тэг рүү дөхөх нэг шалтгаан нь хоол, хүнсний хомсдол. Сүүлийн жилүүдэд ган, зуд дараалан болж үндсэн тэжээл нь болох бажууна, хармаг ургахгүй байгаагаас тэр. Говийн булаг шандууд нүд аньсан нь мазаалайн хувьд үхэл билээ.

МАЗААЛАЙ БА МЕНЕЖМЕНТ
Өнгөрсөн зууны эхний хагаст мазаалайн тархалтын хойд хил баруунаа Аж богдын өвөр бэл, хойш Эдрэнгийн нуруу, зүүн тийш Тост уул хүрч Алтайн өвөр говийг бүхэлд нь хамарч байв.  Өөрөөр хэлбэл, Аж богд-Эдрэнгийн нурууны, өмнөд буюу Атас ингэс-Цагаанбогдын гэсэн мазаалайн амьдрах хоёр муж байсан юм. Өдгөө хойд мужид бүрэн устаж, нөгөө хэсгийн нутгийн хэмжээ ихээхэн хумигдсан. Үүний гол шалтгаан нь мазаалай үзэгддэг байсан зарим баян бүрдийг хүмүүс эзэмшиж, мал идээшиж эхэлсэн хэрэг. Энэ нь суурьшил багатай эзгүй цөлд ч хүний үйл ажиллагаа зэрлэг амьтдын амьдралд дам байдлаар сөргөөр нөлөөлж байгаагийн жишээ болж байна. Хүмүүс шинэ орон зайг эзэмших бүр зэрлэг амьтдын амьдрах чөлөөтэй орон зайг хумих төдийгүй ховор амьтадтай учрах магадлалыг өндөржүүлж, ихэнх тохиолдолд эмгэнэлтэйгээр төгсдөг болохыг дээрх тоо баримт баттай гэрчилж байгаа биз. Бид мазаалайг ховор гэж зарлан тунхаглаж байснаас бус сурталчлан таниулах, амьдарч буй орчныг нь тэтгэх талаар зохистой менежмент явуулаагүй билээ. Ховор амьтдыг хамгаалах хамгийн оновчтой, үр дүнтэй, эдийн засгийн хувьд ч ашигтай арга бол амьдрах орчныг нь найдвартай хамгаалах явдал.

Мазаалай өнөөдрийг хүртэл бидний дунд оньсого таавар мэт амьтан хэвээр байгаа. Энэ нь ч учир шалтгаантай. Дэлхийн нэн ховор энэ амьтнаараа бахархаж, судалж, хамгаалж чадаагүй бидний буруу ч бий. Нөгөө талаар нуугдмал амьдралтай тул судлах цаг хугацааны нөхцөл бага байсан нь нөлөөлсөн юм. Эл "шөнийн амьдралтай” байж болох амьтныг алсын зайнаас тандан судлах орчин үеийн хэрэгсэл ашиглах шаардлагатай байна. Нөгөө талаар судалгаа хийхээр зориглох хүн ховор байгааг хэлэх хэрэгтэй. Мазаалайг устах аюулаас аварч, улмаар тоо толгойг нь нэмэгдүүлэхийн тулд түүний үржлийн биологи, экологийн талаар маш их мэдлэг хуримтлуулмаар байдаг. Цөөрч буй шалтгааныг нь яг таг тогтоогоогүй нөхцөлд орчин үеийн гентехнологийн аргаар олноор нь "үйлдвэрлээд” ч аварч, өсгөж чадахгүй. Тэгэхээр энэ амьтан орчиндоо ямар шаардлага тавьдаг, үүний аль нь дутагдаж байгаа, ямар хүчин зүйл түүний үржил, тархалтад сөргөөр нөлөөлөв, аврах боломж бий юү, аль эсвэл түүхэн хөгжлийнхөө жамаар сөнөж байгаа зүйл үү гэдгийг баттай тогтоомоор байна. Газар нутаг, хоол хүнс болон бусад шаардлагатай нөөцийг нь бий болгож чадвал устах аюулаас холдуулах боломжтой. Түүхэн хөгжлийнхөө явцад сөнөж байгаа гээд орхиж хэрхэвч болохгүй. Хэдэн арван сая жилийн өмнө устаж сөнөсөн зарим бүлэг амьтдын "амьд эрмэл үлдэгдэл” өнөөг хүртэл амьдарч ирснийг бид мэднэ.

ГАРШУУЛ БОЛНО, ГЭХДЭЭ…
Мазаалайг авран хамгаалахын тулд зайлшгүй хийвэл зохих чухал ажлууд биднийг хүлээсээр буй. Эдүгээ голлон амьдарч байгаа Цагаан бургас, Цагаан тохой, Шар хулс зэрэг газрын онцгой хамгаалалтад авч байршлын зураг, бичлэгийг нарийвчлан үйлдмээр байна. Гаршуулан тэжээх, үржих нөхцөлийг бүрдүүлж, үүний тулд шинжлэх ухааны орчин үеийн биотехнологийн арга туршилтыг нэвтрүүлэх нь чухал. Үүнд дорвитой дэмжлэг үзүүлэхүйц тушаалыг Байгаль орчны сайд асан У.Барсболд  гаргаж, ажлын хэсэг томилж байв. Энэ дагуу эхний ээлжинд хашаа байр барьж, мазаалай амьдрах бичил орчин, ичих байрыг нь хүртэл бэлдэж өгсөн  билээ. Нэгэнт үүнийг нь бэлдсэн хойно хүйсийн харьцааг нь тохируулж үржүүлэх ажил хийж таарна. Гэхдээ сүүлийн үеийн үр хөврөлийг шилжүүлэн суулгах аргыг ч яаралтай нэвтрүүлэхгүй бол хождож мэдэхээр. Өнөөгийн нөхцөл байдал үүнийг шаардсаар. Энэ нь мэдээж олон улсын эрдэмтдийн туслалцааг авч, хамтран шийдэх ёстой асуудал гэдгийг төр, засаг анхаараасай. Мазаалай баавгайн төрөл зүйл, эсвэл бие даасан гэдэг нь маргаантай байсан. Сүүлийн үед бие даасан зүйл гэж үзэх нь давамгайлж буй. Ийм учраас мазаалайг авран хамгаалах нь дэлхий нийтийн асуудал байхаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, панда хэмээх Хятадын  хулсны баавгай шиг эталон буюу ховор амьтдын төлөөлөл болгон дэлхий нийтэд гаргаж тавих нь бидний үүрэг болж байна. Хулсны баавгай 1940-1950 оны үед нэн ховордож мөхлийн ирмэгт очоод байв. Хятадууд төр, засгийн хэмжээнд онцгой анхаарсны хүчинд Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэмжлэг үзүүлсэн. Дээр өгүүлсэн гаршуулан үржүүлж, дараа нь хамгаалж өсгөөд, бий болгосон найдвартай бичил орчинд нь эргэж тавьсан юм билээ. Эдүгээ ч дэлхийн ховор амьтдын төлөөлөл болон үржүүлсээр байна. Эндээс ургуулан бодоход, ховор амьтныг өсгөхдөө эргээд бие даан амьдрах нөхцөлийг хангах чухал нь харагддаг. Манайд мазаалайг хувиараа судалж, сонирхолтой ажиглалт хийсэн хүмүүс бийг дурдахгүй өнгөрч болохгүй. Нийгмийн ухааны мэргэжилтэн Ж.Бааст 1998-2001 оны хооронд 52 өдөрт 5-7 бодгаль мазаалайг 23 удаа 11-600 метрт ойртон ажиглалт хийсэн нь бий. Биологич, агнуур зүйч П.Лхамсүрэн 2002 оны аравдугаар сарын эхээр мазаалай амьдардаг гол уст цэгээр явсан байна. Манай улс 1953 оноос энэ амьтныг хуулиар хамгаалалтад авсан юм. Мазаалайн тархсан нутаг 1991 онд Дэлхийн хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд хамрагдсан нь бидний хувьд том бахархал. Бид нэн тэргүүнээ мазаалай бол үндэсний бөгөөд олон улсын үнэт өв, Монгол орны говийн экосистем, унаган байгалийн нандин бүрэлдэхүүн, гол төлөөлөгч маань мөхөхийн ирмэгт очоод буйг мартаж болохгүй.  Монголоос өөр газар байхгүй нэн ховор амьтан гэдгийг байнга саная. Мазаалайн үржих орооны үе жилийн наймдугаар сард тохионо. Нэгхэн сарын дотор бие биеэсээ хэдэн зуун километр алслагдсан энэ амьтан хоорондоо эвцэлдэнэ гэдэг бараг үгүйтэй ижил. Ер нь онолын хувьд ямарваа амьтны тоо 500-гаас дээш байсан тохиолдолд популяцийн хувд сэргэн өсдөг  аж. Тэгэхээр Хятадын туршлагаар гаршуулан тэжээх аргыг хэрэглэхээс өөр замгүй. Түүнд тахь, хулсны баавгайд эдлүүлсэн эрхийг бэлэглэе. Дэлхийн хэмжээнд 20 хүрэхгүй үлдсэн гэж бодохоор хоёр нүднээс нулимс дусна. Цаазын тавцанд очсон цайвархан мазаалай минь дээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

top