Нийгмийн даатгал сангаас 10 гаруй мянган нас барсан хүний данс руу 1.5 тэрбум төгрөгийн тэтгэврийн мөнгө шилжүүлсэн хэрэг өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм. Энэ талаар өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
НДЕГ-ын дарга Д.Мэндбаяр "Дээрх яриа үүссэнээс эхэлж өнөөдрийг хүртэл зургаан удаагийн хяналт шалгалт явуулсан. Үндэсний аудитын газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар, аймаг, нийслэл дүүргийн хяналт, НДЕГ, ХАХНХЯ зэрэг байгууллагууд хамтран нас барагсдын болон оршуулгын тэтгэмжтэй холбоотой асуудлаар нарийвчлан шалгалаа.
Уг шалгалтаар хоёр шалтгааныг тодрууллаа. Нэгдүгээрт, 2006-2008 онд төрийн байгууллагын уялдаа холбоо муу байснаас болж мэдээллийг нэг сарын хоцрогдолтой солилцсон зөрчил гарсан. Хоёрдугаарт, нас барсан гэх бүртгэлийг ар гэрийнхэн нь 1-2 сараар хугацаа алдаж бүртгүүлдэг байсан.
Энэ хоёр зөрчлөөс болж нас барсны мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага сарын дараа авснаас тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө нь банкны данс руу шилжжээ.
Шалгалтын үр дүнд 150-300 орчим хүний мөнгө нас барснаас хойш нэг сарын дараа данс руу нь шилжсэн гэх тооцоо гарч нас барсан гэх мэдээллийг баталгаажуулаад энэ мөнгөний 90 хувийг харилцах данснаас буцаан татаад байна. Одоо 19 сая төгрөгийн асуудал шүүхийн шатанд явж байна.
http://www.zuvsongolt.mn/page/newsmore/2663