|

Хувьцаагаа арилжих хүсэлтэй 650 мянган иргэний мөнгө ирэх долоо хоногоос олгогдоно

marsbold 2016/06/18 778 0

Засгийн газраас Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлсэн. Өнгөрөгч 2012 онд ахмадууд болон группт байдаг хүмүүс нэг сая төгрөгийг бэлнээр олгосон бол өнгөрсөн хугацаанд оюутан залуус сургалтын төлбөртөө 1072 хувьцаагаа шилжүүлэн бодуулсан байна. Харин 1650000 иргэн хувьцаагаа худалдах эрхтэй үлджээ.

Засгийн газар "Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжүүлэн иргэдийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр авах шийдвэр гаргасан билээ. Үүний дагуу өнгөрөгч даваа гариг буюу энэ сарын 13-наас эхлэн иргэд хувьцаагаа арилжих эрхтэй болж арилжааны банкуудад бүртгүүлж эхлээд байгаа юм.

"Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд дотоодын арилжааны банкуудаас 495 тэрбум төгрөгийн бонд босгох бөгөөд 300 мянган төгрөгийг гурав хувааж олгох юм. Ингэхдээ 300 мянган төгрөгийг 100 мянгаар хуваан олгох бөгөөд эхний ээлжийн мөнгө ирэх долоо хоногт иргэдийн дансанд орох юм. "Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшиж байгаа "Сайн хувьцаа” арга хэмжээний дагуу хувьцаагаа худалдах эрхтэй нэг сая 650 мянган иргэнээс өчигдрийн байдлаар 650 мянган иргэн хувьцааныхаа 30 хувь буюу 322 хувьцааг Засгийн газарт худалдах санал гаргажээ.

Иргэд арилжааны банкуудад хувьцаагаа худалдах хүсэлт гаргаж эхэлсэнтэй холбогдуулан мэдээллийн хэрэгслээр үүнийг эсэргүүцэж шүүмжилсэн мэдээ мэдээлэл ч цацагдах болов. Тодруулбал улсын төсөв улам хүндэрч, нийгмийн халамж тасалдах магадлалтай. Цаашилбал энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэж дүгнэх хэсэг ч бий. Гэхдээ энэ нь ташаа мэдээлэл болохыг Засгийн газраас мэдээлээд байгаа юм. 

Ирэх долоо хоногоос иргэдийн дансанд мөнгө эхнээсээ байршиж эхлэх бөгөөд арилжааны банкинд хандах шаардлагагүй, мессежээр мэдэгдэл хүргэх зохицуулалт хийгдсэн байна.

Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top