|

Тавантолгойн хувьцааны 30 хувь нь ердөө л 200 мянган төгрөг гэж үү

marsbold 2016/07/06 605 0

Тавантолгойн хувьцааны 30 хувь нь ердөө л 200 мянган төгрөг гэж үү

 

Монголчууд хэдий ядарсан ч өөрийн гэх үзэл бодол, аливаад үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай гэдгээ хэдхэн хоногийн өмнө батлан харууллаа. Дөрвөн жил улс орны эдийн засгаар тоглож, ард олны амьдралыг "элэг дөрөв”-өөр нь мөлхүүлсэн Ардчилсан намынхан эцсийн мэхээ хэрэглэж, сонгогчдын саналыг татахаар элдэв арга саамыг бишгүй хийсний нэг нь "Эрдэнэс-Тавантолгой" компанийн иргэн бүрт эзэмшүүлсэн хувьцааны 30 хувийг эргэлтэд оруулж, бэлэн мөнгөөр худалдаж авах ажиллагаа байсан юм.

 

Урт цагаан болон Эмээлт орчимд тус компанийн хувьцааг өндөр үнээр худалдан авч байна гэсэн шуугиан тарааж, "Зарчихлаа, өгчихлөө” гэх хоосон яриа түгээсэн нь АН-ын урьдчилсан судалгаа байсан бололтой юм. Учир нь, энэ хэргийн эзэн холбогдогчийг цагдаа, хууль хяналтынхан тогтоож чадаагүй нь ийм хардлагыг төрүүлсэн хэрэг.

 

Ингээд Ч.Сайханбилэгийн Засгийн газар "Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаагаар тоглолт хийж, зургаадугаар сарын 13-наас хувьцааныхаа 30 хувийг мөнгөжүүлэх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхлэхэд 650 мянга гаруй хүн хамрагдсан байна.

 

Түүний дараа ч олон зуун мянган хүн арилжааны банкуудад хүсэлтээ гаргасан нь Засгийн газраас "Хувьцаагаа худалдахаар бол хэдийд ч хандаж болно” гэж сурталчилж байсантай холбоотой юм.

 

Харамсалтай нь, зар мэдээлэл гарахтай уралдан арилжааны банкуудад өргөдлөө өгсөн иргэд УИХ-ын сонгуулийн өмнөхөн хоёр дахь 100 мянгаа авсан ч дараагийнх дансанд нь орохгүй, иргэдийг бухимдуулж байна.

 

Харин "Юмыг яаж мэдэх вэ” хэмээн хойш сууж байсан ч эхний болон удаахь санхүүжилтийг хийж, арилжааны банкууд мөнгө тараагаад эхэлмэгц өргөдөл, хүсэлтээ гаргасан иргэд 100 мянга ч үгүй хоцрох болж байх шиг.

 

Учир нь, гуравдахь удаагийн 100 мянган төгрөгийн санхүүжилтийг Засгийн газраас олгоогүйн дээр АН үнэмлэхүй ялагдал хүлээсэн болохоор цөөхөн тойрогт ялж гарсан, УИХ-ын хэдхэн гишүүнийхээ нүүрийг "ширлээд" орхих бололтой.

 

Тэд дээрх хувьцааг худалдаж авахын тулд нийтдээ 490 тэрбум гаруй төгрөгийг зарцуулна гэж тооцоолсон бөгөөд улс орны эдийн засаг хүндэрсэн энэ үед мэдээж мөнгө хэвлэх замаар амлалтаа биелүүлж эхэлсэн байж таарна.

 

Одоо харин УИХ-д дэндүү цөөнх болсныхоо горыг ард түмний сонголт, итгэл үнэмшил рүү түлхэж, дээр нь "Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааны нь худалдаж авсан хэсгийнхээ үлдэгдлийг олгохгүй бол АН-ынхан "муу дээр муу, муухай дээрээ улцан” гэгч л болох байх.

 

Үүгээрээ тэд өөрийн улс төрийн сонголтоо хийсэн олон түмэнтэй эцсийн удаа тооцоо бодож, сонгогчдыг хууран мэхэлсэн явдал болно. Ийм юм болж гэмээнэ дараагийн сонгуульд ард олон АН-д үүд хаалгаа нээхгүй байх төдийгүй "Мань мартаагүй ээ” гээд зогсч байж мэдзх л юм.

 

Ямартай ч ирсэн шигээ явж, хаалтаа ч гоё хийж сурах нь маргаашийн эхлэл болдгийг мартаж боломгүй ээ. Харин "Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн 18-аас дээш насныхны л үнэт цаасны 30 хувийг худалдаж авахаар шийдвэрлэж, ирээдүй хойчийнхоо үл хөдлөх хөрөнгөд халдаагүйд нь АН-ынханд баярлалаа гэж хэлье.

 

Д.Мөнх

Санал болгох

Сэтгэгдэл

top