|

Хайрцагтай цогцосноос гэрээслэл олджээ

bayaraa 2015/02/11 1225 0

Хайрцагтай цогцосноос гэрээслэл олджээ

 

 Замын-Үүд дэх хилийн боомтоор 40 гаруй настай М гэх эр хайрцагт нуугдан улсын хилээр орж ирэх замдаа амиа алджээ. Түүний дүү гэх залуу хөргөгчний цаасан хайрцгийг хоёр давхарлан, амьсгалах нүх гаргаад дотор нь ахыгаа нууж, ачааны машинд ачуулсан аж.

Гэвч хайрцагны агаар оруулах зорилгоор гаргасан нүхийг нь таглаж бараа, хөнжил ачсанаас дотор нь байсан хүн агааргүйдэн нас барсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэнэ. Энэ талаар Замын-Үүд дэх Цагдаагийн хэлтсийн ажилтнуудаас тодруулахад "Яагаад ингэж хайрцагт нуугдан орж ирэх болов. Хэзээ улсын хилээр гарав гэдгийг тогтоохоор шалгаж байна. Бичиг баримтаа алдсаны улмаас ийм замаар орж ирсэн байх гэж зарим хүн үзэж байгаа. Шалгалтын явцад энэ бүхэн тодорхой болох байх” гэлээ.

Өөр нэгэн эх сурвалж "Амиа алдсан хүн 1972 онд төрсөн М болохыг биеэс нь олдсон жолоочийн үнэмлэхээр тогтоосон. Хохирогч хоёр давхарласан цаасан хайрцагт орж, амьсгалах нүх гаргаад наалдамхай тууз (скоч)-аар хайрцгийг бүхэлд нь ороолгосон юм билээ. Гэвч түүнийг нь битүүлснээс хүчилтөрөгчийн дутагдалд орсон.

Сайншандад ирээд ачаа буулгасан хүмүүс нь хайрцагтай цогцсыг хогийн цэгт хаясан байсныг хууль хяналтын байгууллагынхан олсон. Талийгаач хайрцагт орохоосоо өмнө дүү рүүгээ ярьж "ирж ав” гэж дуудсан байсан юм билээ. Цогцосноос жолоочийн үнэмлэхээс гадна гэрээслэл маягийн зүйл олдсон. Түүнд "Надад ямар нэг зүйл тохиолдвол энэ хүмүүс хамаагүй шүү” гээд хэдэн хүний нэр бичсэн байсан” гэв. Харин хууль хяналтын байгууллагынханд энэ гэрээслэл нь сэжигтэй санагдаж буй бололтой. Гэрээслэлийг нарийвчлан шалгахаар болсон гэнэ.

bataar.mn


URL: http://www.fact.mn/206410.html

Санал болгох

Сэтгэгдэл

top