|

УИД-ийн ерөнхий түрээслэгчийг хэзээ солих вэ?

bayaraa 2015/02/12 1540 0

УИД-ийн ерөнхий түрээслэгчийг хэзээ солих вэ?

 

 УИД-ийг тойрсон маргаантай асуудлууд сүүлийн үед олны чихийг сортолзуулах болсон. Учир нь, тус дэлгүүрийг "Номин холдинг” компани олон жилийн турш ямар ч ашиггүйгээр түрээслэж ирсэн бөгөөд тэр ч бүү хэл УИД "Номин холдинг”-т өдгөө 11 тэрбумын өртэй болсон нь жижиг хувьцаа эзэмшигчдийн дургүйцлийг хүргэжээ. Үнэхээр тус дэлгүүрийг түрээслээд ямар ч ашиггүй байдагсан бол "Номин холдинг”-ийн үйл ажиллагаа өдрөөс өдөрт цэцэглэж байгаа нь цаанаа нэгийг өгүүлнэ.

Тус компани жилд ердөө гурван тэрбум төгрөгийн түрээсийн ашиг олдог гэжээ. Тэгвэл жилийн 10 тэрбум төгрөгөөр түрээслэх саналтай байгаа компаниуд ч мөн эхнээсээ тодорч байна.

Ингэхэд "Номин холдинг” УИД-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг бол юу хийх нь тэдний асуудал баймаар. Гэтэл тус компанийн хувьцааны 33 хувийг 45 мянга орчим жижиг хувьцаа эзэмшигч эзэмшдэг агаад тэдний хувь заяа хэрхэх нь тодорхойгүй байгаа аж.

1999 онд хувьчлагдсан тус дэлгүүр өнгөрсөн 16 жилд гурван удаа л ногдол ашиг тараажээ. Ингэхдээ хүн доромжилж байгаа юм шиг тус бүр гурван төгрөг, таван төгрөг, 30 төгрөгийн ногдол ашгийг жижиг хувьцаа эзэмшигчдэд тараасан байна. Гэтэл өнөөдөр гурав битгий хэл 30 төгрөгөөр юу авч болох билээ гэдгийг эрхэм уншигч та түвэггүйхэн ойлгох биз ээ. Нэгэнт л "Номин холдинг” УИД-ийг 100 хувь эзэмшдэггүйгээс хойш ерөнхий түрээслэгчийг шинээр сонгон шалгаруулах боломж нээлттэй байгаа юм гэж жижиг хувьцаа эзэмшигчид үзэж байгаа аж.

Тиймээс тэд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс энэ хоёрдугаар сарын 04-ний өдөр "УИД яагаад ноогдол ашиг тараадаггүй вэ?” сэдэвт хэвлэлийн бага хурал зарласан нь 45 мянган жижиг хувьцаа эзэмшигчдийг нойрноос нь сэрээхэд хүргэжээ. Тус хурлыг зохион байгуулагчид Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороонд хандаж "УИД” ХК-ийн үйл ажиллагааг шалгуулах талаар хүсэлтээ өгснийг мэдэгдсэн байна. Харин энэхүү шалгалтын дүнгийн талаар бид тухайн үед нь эргэж мэдээлэх болно.

"Улсын их дэлгүүр” ХК-ийн үйл ажиллагааг шалгуулах тухай 

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН
ЗОХИЦУУЛАХ ХОРООНД

"УИД” ХК-ийн 66 орчим хувийг УИХ-ын гишүүн асан А.Шагдарсүрэнгийн гэр бүлийнхэн эзэмшдэг. Тэд УИД-ийн ТУЗ-ийг бараг дангаараа бүрдүүлж суудаг. Ингээд ТУЗ-ийн шийдвэрээр УИД-ийг "Номин Холдинг” компанид түрээслэсэн байна. "Номин Холдинг” компани нь УИХ-ын гишүүн асан А.Шагдарсүрэнгийн гэр бүлийнхний хувийн компани юм. УИД-ийн том хувьцаа эзэмшигчид өөрсдийнхөө хувийн компанид дэлгүүрийн барилгыг бүрэн эзэмшилдээ авч түрээслэсэн нэрээр хуурамчаар алдагдал гаргаж, олон мянган хувьцаа эзэмшигчдийг хохироож байна гэж үзэж байна.

Гол асуудал нь УИД-ийг "Номин холдинг” компанид хэдэн төгрөгөөр түрээслэж байна вэ гэдгээс "УИД” ХК ашигтай ажиллах эсэх нь шууд хамаарах болно. Гэвч одоогийн түрээсэлж байгаа үнэ нь жилийнхээ урсгал зардлыг төлж чаддаггүй учраас жил бүр алдагдалтай ажиллаж байна.
Жишээ нь:
Сүүлийн хоёр жилийг авч үзэхэд 2013 онд 815.4 сая төгрөгийн, 2012 онд 655.3 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Үүний гол шалтгаан нь А.Шагдарсүрэнгийн гэр бүлийнхэнд УИД-ийг ашигтай ажиллуулах хүсэл байдаггүйд оршино. Харин ашгийг нь "Номин Холдинг” компанид оруулах бодлого явуулж байна. Ингэснээр УИД-ийг алдагдалд оруулан, олон мянган хувьцаа эзэмшигчдийг хохироож байна.

Тийм учраас УИД-ийг "Номин Холдинг” компанидаа маш бага үнээр түрээсэлдэг ба "Номин Холдинг” компани цааш нь өндөр үнээр түрээслэн их ашиг олдог байж магадгүй. Хэрвээ УИД ашигтай ажиллавал нийт ашгийн 66 хувийг А.Шагдарсүрэнгийн гэр бүлийнхэн авна. Үлдсэн 34 хувийг нь жижиг хувьцаа эзэмшигчид авах болно. Харин "Номин Холдинг” ашигтай ажиллавал бүх ашгийг А.Шагдарсүрэнгийн гэр бүлийнхэн хүртэх болно.

Одоо том хувьцаа эзэмшигчид өөрсдийнхөө хувийн компанид түрээсэлсэн үнэ хэр бодитой үнэ вэ гэдгийг бодож үзье. 2013 онд УИД түрээсийн орлого гэж 3 тэрбум төгрөг авсан байна. Харин зардал нь 3.815 сая төгрөг болсон байна. Ингээд 815 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

УИД-ийн барилга нийт 25400 м2 талбайтай, үүний 60 хувийг түрээсэлж ашиг олдог гэж хувьцаа эзэмшигчдийн хурал дээр ярьсан байна. Энэ нь 15240 м2 талбай болно. УИД-ийн 1м2 талбайн түрээс 1 сард 75.000 төгрөгөөс 120.000 төгрөгийн хооронд байдаг гэж УИД-ийн түрээслэгч нар ярьдаг. Үүнээс сарын дундаж түрээсийг 80.000 төг гэж тооцъё.
Ингэвэл
15240 м2 x 80.000 төг=1.219.000.000 төг (1 сарын түрээсийн орлого)
1.219.000.000 төг x 12 сар =14.630.000.000 (1 жилийн түрээсийн орлого) болж байна. УИД жилдээ 14.6 тэрбум төгрөгийн түрээсийн орлого олох боломжтой байхад 3 тэрбум төгрөгөөр өөрсдөдөө түрээсэлж, түрээсийн зөрүү 11.6 тэрбум төгрөгийг "Номин Холдинг” компани жил бүр завшиж байна гэж үзэж байна.

"Номин Холдинг” үүнийг бэлэн мөнгөөр завшиж болно, эсвэл өөрийнхөө охин компаниуд болох "Номин Фүүдс”, "Номин Электроникс”, "Номин Фэйшн”, "Номин Косметикс” гэх мэт олон компанийг маш бага түрээсийн төлбөртэйгөөр ажиллуулж, ашгаа тэдэнд шингээж болно.
Үүнээс болж нийт 45000 жижиг хувьцаа эзэмшигч нар хохирч байна. Эдгээр жижиг хувьцаа эзэмшигч нар бол 1990 ээд оны дундуур хийсэн их хувьчлалаар хувьцаатай болсон жирийн ард иргэд юм.

"УИД” ХК алдагдалтай ажиллах тусам ”Номин Холдинг” компанид өрөнд орсоор байна. 2013 оны тайлангаар 11.5 тэрбум төгрөгийн өрөнд оржээ. Одоо энэ өрийг хувьцаагаар солих талаар ярьж байгаа юм. Хэрвээ өрийг хувьцаагаар солих юм бол том хувьцаа эзэмшигч нарын эзэмших хувь нь 90 гаруй хувь болж, жижиг хувьцаа эзэмшигч нарын эзэмших хувь 10 хүрэхгүй болно. Ингэснээр жижиг хувьцаа эзэмшигч нар 10 гаруй жилийн турш нэг ч удаа ногдол ашиг авч үзээгүй байж дээрээс нь эзэмших хувьцааных нь хувь хэмжээ гурав дахин буурч үнэгүйдвэл энэ гэр бүлийнхний тоглоом болоод дуусах болж байна.

Уг нь УИД-ийг "Номин Холдинг” компанид түрээслэх ямар ч шаардлага байхгүй мэт бодогдож байна. УИД-ийн ТУЗ нь гүйцэтгэх удирдлагын багаа томилоод энэ баг нь УИД-ийн талбайг өөрөө удирдан үйл ажиллагааг нь явуулж, дээр дурдсан үнээр бүх түрээслэгч нараас шударгаар ижил түрээсийн төлбөр авдаг болвол УИД жилдээ 10 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг болох боломжтой юм. Тэгээд энэ ашгаасаа бүх хувьцаа эзэмшигч нар ногдол ашиг авдаг байх ёстой. Мөн санхүүгийнхээ мэдээллийг ил тод хувьцаа эзэмшигч нартаа тайлагнадаг болох нь шаардлагатай.

Иймд танай байгууллага "УИД” ХК болон "Номин Холдинг” компанид санхүү, хууль эрх зүйн иж бүрэн шалгалт хийж баталгаажуулан зохих ёсны арга хэмжээг нь авч "УИД” ХК-ийг нээлттэй, үр ашигтай ажиллуулж өгөхийг хүсье.

"УИД” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид

unen.mn


Санал болгох

Сэтгэгдэл

top