|

Инээмтхий хөх зурамтай хөөрөлдсөн минь

saikhnaa 2016/09/03 1627 0

Инээмтхий хөх зурамтай хөөрөлдсөн минь

 

Уучлаарай!.. Зурам хэзээ хөх байсан юм гэж надтай бүү маргаарай!.. Зун болоогүй, зурам таргалаагүй үед буюу зуны эхэн cap дөнгөж гараад 7-8 хоноод байхад энэ зурам бид хоёр хөөрөлдсөн юм…
 
Би шүтээн минь болсон Долоон салаа цагаан хусандаа хүрч, хадгаа уяж, адис аваад, хамаг биеэ тавиртал тэвэрч зогсчихоод буцаж явав. Амралтын их хашааны хаалгаар ороод тэрүүхэн баруун өмнө буй сүүдрэвчид шургаж, амьсгаагаа дарж суугал, нэг муу хөх зурам баруун өмнөхнөөс гүйсээр надад бүр тулж ирэн, оцойн суугаад:
 
-Сайн уу, хөршөө? гэж байна
 
-Сайн сайн л гэв.
 
-Чи, намайг таньж байна уу?
 
-Үгүй гэж үнэнээ хэлэв.Тэгсэн чинь:
 
-Муу л байна даа!.. Чи, надад их л ач болсон хүн шүү дээ!.. гэнэ
 
-Хэзээ?
 
-Ноднин өдийд
 
-Хаана!
 
-Яг энэ хашаанд… Тэрүүхэн зүүн хойно!..
 
-Яаж?
 
-Өдрийн амралтаар ирсэн баахан омголон залуус, намайг гүйж явтал хөөцгөөгөөд, мухар нүхнүүд дамжуулан оруулан гарган чулуу нүүлгэж хөөгөөд, алдагийн даваан дээр та хашгирч бархирсаар гүйн ирж, намайг алах гэж үлангассан залүүсын гараас аварсан шүү дээ! Би тийм явдал болсныг санаж:
 
-У-а за-за… Одоо саналаа!.. Тэр зурам чи байсан юм уу?
 
-Тийм ээ!.. Тэр зурам чинь Би яг биеэрээ байж байна…
 
-Хачин юм аа!..
 
-Юу тэр вэ?
 
-Үгүй чи тэгээд энэ олон амьтан хүний хөлөөс зайд газар очиж амьдрахгүй… Заавал энд…
 
-Хаа байгаа юм тийм газар чинь?
 
-Энүүхэн зүүн урд байгаа ганц гэр айлаас цааш бүүр дээшээ, жалгаа дагасан хар моддын хамгийн эхний мод хүртэл явлаа. Тэгээд жалгаа хойш гарч, зүүн хойд уулыг энгэрлэсээр яваад, хашааны хойд хаалгаар орж ирлээ. Зурам та нар амар тайван жаргаж баймаар мөн ч их газар байна даа…
 
-Тэгж явахад чинь нэг ч зурам тааралдсангүй юу?
 
-Тийм, нэг ч зурам тааралдсангүй…-Худлаа!..
 
-Юу худлаа гэж?
 
-Зурам тааралдаагүй гэдэг чинь огт худлаа… Саяын их цас, хар хүйтэн, хөх салхины хөлөөс болоод, бас хүн таны хараа бараанаас болоод зурам гарч ирэхгүй байгаа юм. Энэ хавийн хамаг амьтан одоо хүн та нараас айгаад барааны газар л хун харагдахад л бушуу нүх оромж руугаа шургаж байгаа юм…
-Үгүй тэгэхдээ л, тэр хавьд тийм олон зурам байхгүй. Чамд санаа амар амь зуух газар хаанаас ч олдоно шүү дээ…
 
-Олдохгүй!..
 
-Яагаад?
 
-Тэр хавийн газар тэнд амьдардаг зурамнуудын эзэмшил газар байхгүй юу!.. Тэр газрынхаа хил рүү, манай эндэхийн зурамнаас нэгийг ч оруулахгүй. Тэгэхээр энэ газрын зурам бид тэр дээрээс зурам гүйж ирвэл бас оруулахгүй. Бид чинь энэ газраа хаан ч мөн, Богд ч мөн байхгүй юу!..
 
-О-оо лам минь гэж. Та нарт чинь бас тийм амьхан "нутаг юм” үзэл байдаг юмуу?
 
-Байхгүй яах юм. Бидэнд байтугай өчүүхэн жаахан шоргоолжинд хүртэл "нутгийн үзэл” бий шүү дээ!..
 
-Ээ бас, ээ бас гэж!.. Насны эцэст ийм сонин юм муу туранхай хөх зурам чамаас дуулах гэж!..
 
-Хн!.. Хүн та нар ер нь юу мэддэг юм бэ! Та нар өөрсдийгөө бүхнийг мэдэгч, бүхнийг чадагч гэж боддог уу. Естой гайгуй байлгүй…
 
-Үгүй тэгээд, муу хөх зурам минь чи одоо энд яаж амьдарна даа!..
 
– Амьдрах л болно доо!..
 
-Хэцүу байна!.. Тун хэцүү байна!
 
-Яаж байна?
 
-Энэ амралтын хашаа дүүрэн чиний дайсан байна?
 
-Жишээлбэл?
 
-Жишээлбэл, тээр, зүүн хойтох, эдний гэр амралт байх цагт барьсан мууран байшингуудын нэгний нь үүдэн дээр мануул шиг пагвайсан бүдүүн цагаан муур нарлан унтаж байснаа, сэрж, намайг хараад, босч, байшингийнхаа суурь доогуур орчихлоо…
 
-Би тэр муурыг хараад л байгаа!..
 
-За-а, дээр үед гэр амралт байхад барьсан зуны амрагчдын зоогийн газар байсан модон байшин шатсан… Түүний оронд арай багавтар байшин барьсан… Одоо тэр байшингийн суурь дор хар алаг муур зулзгалсан байна. Дөрвөн алаг зулзага томорчихож… Оготно, зурам та нарыг бариад шамшиж (идэж) орхихтой болж…
Тэр зулзаганууд өдрийн цагаар ил гарч гүйх гэхээр хэрээ, шаазгай, жунгаанууд хашгиралдаж шавааралдан хөөж туугаад байшин дороос нь гаргахгүй байна. Шувууд шөнө болохоор унтана. Муурнууд унтахгүй… Зурам та нар ч шөнө гүйлдэнэ. Тэгэхээр та нар, эрт орой нэгэн цагт тэр муурнуудын хумсанд базуулахгүй, хаа хүрэх юм бэ?
 
-Зохицож амьдрах гэж нэг юм байдаг юм шүү!
 
-Яаж?
 
-Таныг овоо байгаль ан амьтан, шувуу жигүүртэн мэддэг, таньдаг гэдэг. Тэгтэл та чинь бас л түүхийгээрээ яваа юм байна.
 
-Чи надад номчирхоод яахав. Харин мууруудтай яаж зохицож амьдрах гээд байгаагаа л хөөрчих?
 
-Бор болжморыг хүмүүс та нар муу санаатай, хартай хортой муухай шувуу гэж байна. За яахав, тийм гэж бодьё. Манай энд бор болжмор өсч, олширч байгаа…
-Яагаад тэр вэ?
 
-Яахав. Байшингийн дээр дор, цонхны хүрээ модны дээр… Аль боломжийн гэсэн газар болжморууд үүр засч өндөглөхөөр муур өндөгийг нь түүгээд байна. Тэгэхээр нь болжморууд замын хашлага, нарийн төмөр хоолойнууд дотор үүр засаад өндөглөж байна. Муур тэр хоолойнууд руу орж чадахгүй, багтахгүй. Тэгэхээр яах юм бэ? Болжмор өсч л таараа. Шувууд хүртэл ингэж, зохицож амьдрах ухаан сийлж байхад, зурам бид яаж амьдрахаа олж таарна биз дээ?
 
-За-а тийм байдаг байж!
 
-Өөрийг чинь энэ амралтынхан, уржнан байна уу даа тарьсан хар моддын оройд өндөглөсөн хэрээнүүдийн ангаахай, дэгдээхэйг бас өдрийн амрагч залуусын гараас аварсан гэх юм билээ!..
 
-Тэр үнээн..
 
-Бас яасан юм бэ?
 
-Би одоо ганцхан зүйлд ихээхэн сэттэл гонсгор явах болсон. Би, төр түмний буянаар гаднын арваад оронд хөл тавьж үзсэн. Тэр орнуудын хүүхэд, залуус эхээс төрөхийн байгаль ан амьтан, шувуу жигүүртэн, загас жараахай, мод бут цэцэг жимстэй амь нэгтэй төрсөн юм шиг байх… Манай л хүүхэд, залуус болохоор хөх чулуу, хүйтэн цэвдэг мөсөн зүрхтэй төрсөн юм шиг байх… Хотын хүүхдээс эхлээд энэ сурагчид, оюутан залуус юм бүхнийг эвдэх устгах, нураах, үгүй хийхийн одонд төрчихсөн юм байх…
 
Чиний хэлдэг тэр хэрээнүүдийн ангаахай дэгдээхэйг яах аргагүй би аварсан… Хэдэн муухай залуу хоёр хэрээг чулуудаад, урт модоор ангаахай дэгдээхэйн үүрийг доороос нь хучилж (мулталж, гудчиж төнхөөд) бүр нурж өгөхгүй болохоор мод өөд авирч, үүрт нь хүрч сүйтгэх гээд, тэр далимд өнөө залуу модны хамаг нялх мөчир гишүүг яйчаад, хугачаад хаяж байгаа юм.
 
Тэр явдлыг би хорьж болиулсан. Одоо тэр гэр амралтын үед тарьсан залуу хар моддыг хар! 7-8 нь хатаад хувхайрчихсан байна. Энэ байдал бусад модонд нөлөөлнө. Удахгүй үлдсэн хэдэн мод нь хувхайрна… Ургамал, ус цөм л айдаг, ичдэг юм. Энэ Баянбуурал амралт асар удахгүй, хөрс шороо ч үгүй, ус, ургамал гэхээр юу ч үгүй, хувхай цөл (цул цагаан далан) болно…
 
-Муу хүнд үг бүү хэл, мухар үхэрт худаг бүү үзүүл гэж нэг үг байдаг уу?
 
-Ай даа, наадах чинь мөн ч лут учиртай үг шүү!.. Ердөө хоёр гурван хоногийн өмнө нэг хүүхэнд баруун өмнө талын зуны байшингийн нэгний нөмөрт нэг үндэснээс ургасан 29 ширхэг цэнхэр яргуй үзүүлчихлээ. Тэгсэн чинь тэр сайхан хүүхэн яргуйг ерөөсөө мэддэггүй юм байна. Ёстой л нэг нүд нүүр, хөмсөг сормуус гар хуруу нь будаг шудгаар өнгөлж далдаагдсан мунхаг чөтгөр байж… Өчигдөр үдээс хойшхон гадаа хаалгаар гартал өнөө хүүхэн гялгар уут дүүрэн юм баршихсан орж ирж байна!
 
-Юу вэ наадах чинь гэвэл -Яргуй гэнэ -Хаанаас түүв?
 
-Хашаан дотроос гэнэ -Үгүй чи, энэ яргуйгаар яах нь вэ? -Хоолой өвдөхөд сайн л гэлцэх юм. Би юугаа мэдэхэв. Сайн сайн гэхээр л түүчихлээ!..
-Хоолойнд сайн л гэдэг. Тэгэхдээ нэг хоёрыг л хүмүүс идэх юм билээ! Айхавтар халуун чанартай… Яргуй идсэн ямаад орой хотолж ирээд, халуурхаж, энд тэндгүй орилж байхыг харж л, сонсож л байсан… Олон ямаа орилохоор нохой хүртэл гайхдаг юм уу, яадаг юм хуцаж байсан…
 
Чи ийм их яргуй түүх гэж! Энэ чинь одоо, хэнд ч хэрэг болохгүй хатаад л үрэгдэнэ. Тэхээр чи замдаа аягүй бол вагоны цонхоор гадагшаа цацна даа!.. Хайран хайран… Даанч яав даа чи!..
 
-У-а хэн мэдэж, хүмүүс ийм тийм юманд сайн гэхээр нь түүчихлээ!.. Тийм хэрэггүй юм бол хаяж л таараа гээд тэр хүүхэн дагуулсан хүүхнүүдгэйгээ дотогшоо оров.
Би өнөөх нэг үндэсгээс ургасан 29 ширхэг яргуй дээрээ очлоо!.. Хөөрхийс минь, юу ч байдаггүй. Саяын будмал хүүхэн, хампани хүүхнүүдтэйгээ цуг суга татаад авчихаж…Түүгээр барахгүй амралтын хашаан дотуур ургасан бүх яргуйг хуу хаман түүсэн байхгүй юу!.. Мухар үхэрт худаг бүү үзүүл гэдэг.
 
Мунхаг хүүхэнд юу ч үзүүлмээргуй, хэлмээргүй юм байна… Ийм амьтсыг яана!.. Манайхны залуу үе, байгаль эхтэйгээ ингэж л харьцах юм байна шүү дээ! Миний гүн журамт багш Цэдэнжав гэж хүн байсан. Мохож цөхсөн юман дээрээ "Ай даа. юу ч гэхэв дээ” гэдэг байсан. Бидний жинхэнэ нүүр царай ийм л байна шүү дээ!..
 
-Та нар, Улаанбаатартаа, жил бүрий өч төчнөөн мянган мод тарьсаар, Улаанбаатар чинь одоо Ногоонбаатар болж байгаа юм биш үү?
 
-Буруу хойшоо!..
 
-Бас яачихаа вэ?
 
-Улаанбаатарт бид олон жил хэдэн сая мод тарьсан… Ноднин гэхэд л сая мод тарьж, арай л морь уралдуулж, бөх барилдуулаагүй…
-Тэгээд?
 
-Тэр олон мод чинь бараг ургаагүй, үхэж хатсан… Уг нь тарьсан модоо ургуулчихаад л баярлаж баймаар байх юм даа, хөөрхий!..
 
-Хэдхэн жилийн өмнө дөө. Манай улсын алдартай жүжигчин хүүхнүүд, Төрийн ордны арын цэцэрлэгт мод сууулгацгаагаад, түүнийгээ бараг үр хүүхэд шигээ хайрлаж, бөөцийлж ургуулна гэж байсан… Тэр хүүхнүүд тарьсан моддоо сайхан ургуулсан байх даа!..
 
-Буруу хойшоо гэж би түрүүн хэлсэн шүү дээ!..
 
-Бас яахчихсан бэ?
 
-Би бас чамд хэлсэндээ… Манайхан юмыг эхэлж чаддаг, төгсгөж, үр дүнг нь үзэж чаддаггүй. Бас хэлж чаддаг, түүнийгээ төгстөл хийж чаддагтүй гэж! Тийм л үлгэр болоод амар сайхандаа жаргасан…
 
-Хайран модод!.. Яанааяана!..
 
-Богд уулыг бүрхсэн мод болохоор олон сая модны амь насаар тоглолоо!.. Одоо ч тэгээд бараг өнгөрлөө л дөө!..
 
-Харин ээ хө, бодоод байх нь ээ ер нь манай юм бүхэн нэг л бишдээд, өдөр хоног өнгөрөхүй улам уруудаж доройтоод байх шиг… Яахаараа ийм болдог байна.
-Яахав дээ хө, загас толгойноосоо эхэлж ялзардаг, өмхийрдөг гэгчийн л үлгэр болж байхгүй юу!..
 
-Одоо тэгээд ер нь яавал дээр вэ?
 
-Яах ч арга байхгүй ээ хө!
 
-Манай энэ Баян-буурлын байгаль орчин ч гэсэн, нэг л биш боллоо л доо!
 
-Тиймээ! Энэ Баянбуурал орчимд миний хөл хүрээгүй газар байхгүй. Одоо, миний хөл хүрэх газар байхгүй!
 
-Яагаад?
 
-Яахав. Намайг нас, цас хоёр дарлаа… Би үнэнд гүйцэгдлээ!.. Би чамд энэ Баянбуурлын тухайд ганц хоёрхон л жишээ хэлье! Тээр, баруун өмнөх Хараа голын тохойг хар!.. Битүү модтой, тугал бяруу ороод олддоггүй байсан гэх… Одоо хар, хэрээ гэдэн годон гээд явах юм уу, чамайг муур хөөж явбал харагдахаар болтол модыг нь хядсан..
 
За тэгээд Хараа гол энэ хавьдаа, хоёр талаараа модтой байсан гэтэл одоо голоо дагаад энд тэнд, настай хүний эмсгий шүд шиг цөөн мод үлдлээ!..
 
-Тоогүй, тоогүй!..
 
-Хараа голын цаад уулыг Баян хайрхан гэдэг. Сүсэгтэй гээд манай бүсгүйчүүд хүртэл орой дээр нь гардаггүй юм. Гэтэл гадаадьш шар хар элдэв хүүхнүүд ирээд Баянхайрханы орой дээр гараад яаж аягладаг, маягладаг гээ!.. Ярих юм биш! Эзэн нь болсон нуггийн бүсгүйчүүд эх нутгийнхаа уулын орой дээр гарахгүй байна гэдэг тэдний дэндүү мунхаг доройгийнх л байх гүй юу!..
 
-Одоо тийм л юм даа!..
 
-Энэ урд уулыг Баян-буурал хайрхан гэдэг. Эндээс харахад л модтой юм шиг харагдана… Гэтэл энэ хайрханы цаагуур, оройгоор нь, наад талын арын ой, за тэгээд наашаа харсан энгэрүүд цөм цөмөөрөө цөөн ч гэсэн модтой байсан… Одоо бараг модгүй болсон…
 
-Бас яачих нь тэр вэ?
 
-Яахав. Энд ирж нутагласан хүмүүсийн хашаа байшин, түлээ түлш болчихгүй юу!..
 
-Ямар аймаар юм та ярина вэ?
 
-Яахав, манай байж байгаа үнэн нүүр төрх маань л яалт ч үгүй ийм болчихлоо!.. Ийм байдал ганц энд биш, манай эх орон даяар газар сайгүй л ийм боллоо!
-Ээ бас, ээ бас!.. Би танаас ийм үг сонсох байсан бол огт ирдэггүй байж.
 
-Одоо тэгээд чи муу юм чихээ алт болтол сонслоо. Болоо биз дээ?
 
-Боллоо, боллоо!..
 
-Болоогүй ээ!.. Би чамд, ердөө, наад захын л жишээ ярьж байна.
 
-Та энэ ярьсанаасаа цаашаа бүүр муу муухай юм ярих байсан гэж үү?
 
-Ярилгүй яахав, ярилгүй яахав.
 
-Ингэхэд та хаа яваад, энд ирж суусан хүн бэ?
 
-Би шүтээн хусан дээрээ очиж хадаг уяад, залбираад… Энд ирээд амьсгаагаа дарж сууна!..
 
-Таны шүтээн хус гэж хаана, тийм мод байдаг юм бэ? Та, мод шүтдэг юм уу?
 
-Мод шүтэхэд юу нь болохгүй гэж!.. Бид чинь байгаль эхийн л бүтээгдэхүүн. Явж явж, бид буцаад байгаль дэлхийдээ шингэдэг биз дээ?
 
Миний энэ үг хөх зурамд жаахан юм бодуулаад орхих шиг боллоо. Тэр, хэсэг маанайгаад суучихлаа. Тэгснээ:
 
-Нээрээ ч тийм юм даа. Таны хэлдэг хатуу ч гэсэн үнэн юм. Зурам бид муур нохойн идэш болсон, болоогүй эцсийн нэг өдөр байгаль дэлхийдээ л шингэнэ шүү дээ. Гадна дотнын элдэв долоон шидийн бурхан шашин гэж явснаас ариун сайхан эх дэлхийдээ шингэдэгээс хойш байгалиа сүслэх нь урьдын нэг заяа юм даа!.. Тэгээд таны тэр шүтээн хус чинь хаана байгаа юм бэ?
 
-Галт тэргэнд хүмүүс суудаг буудал тэр газрын цаана, цаашаа одсон гэрлийн шонгуудыг хар!
 
-За-а!
 
-Наанаас нь арваад шон тоолтол доогуураа харласан бүстэй, мод харагдаж байна уу?
 
-Байна…
 
-Тэр чинь миний шүтээн цагаан хус!.. "Баянбуурал” амралт бий болоогүй гэр амралт байхад би уул, ой, голоор гүйж яваад тэрхүү нэг үндэснээс ургасан долоон цагаан хустай таарсан юм. Залуухан, цэвэрхэн сайхан ч модод байв. Тэгээд ч хус мод угаасаа гэрэл гэгээ бадраасан сайхан мод… Бодлоо! Долоон салаа сайхан цагаан хус таарч байдаг… Би долоон хүүхэдгэй… Баярлалаа. Хэвлэлд бэлдэж байсан шүлгийн номоо "Долоон цагаан хус” гэж нэрлэлээ. Овоо том ч юм…
 
-Тэгээд, номоо хэвлүүлсэн үү?
 
-Үгүй
 
-Яагаад?
 
-Ичээд!..
 
-Юунаас?
 
-Миний шүлэг бичих гэж юу байдаг юм гээд дарчихсан…
 
-Тоогүй…
 
-Харин тийм ээ!..
 
-Танд хэдэн аятайхан дууны шүлэг бийшүүдээ!..
 
-Харин тийм ээ!.. Би чинь тэгж байгаад их азтай шийр толгой шүү!.. Миний дууны шүлгүүдэд аугаа их Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, С.Гончиг-сумлаа, Дарамзагд, Д.Лувсаншарав зэрэг манай хөгжмийн суутууд ая хийсэн. Хамгийн сүүлд гайхамшигт удирдаач Ж.Чулуун минь нас барахаасаа өмнөхөн миний "Хайрын дуун”-д ая хийж өгсөн. Чулуундаа баярлах ч бас түүнийгээ хайрлаад хайрлаад барахгүй юм. Миний дуу сайн аянд хөтлөлцөөд зарим нь ная шахам жил дуулж байна.
Олон ч мундаг дуучин миний дууг дуулсан даа!.. Би тэдэнд байнга баярлаж явдаг…
 
-Дууныхаа шүлгээр түрий бариад шүлгийн номоо хэвлүүлчих нь яадаг юм бэ?
 
-Харин бодож л байна. Надад бас Ардын аман яруу найргийн "Алтны ном” гээд нэг цуглуулга ном бий. Шүлгээ энэ ардын аман зохиолтой нэгтгээд хэвлүүлчих санаа байдаг… Гэтэл миний чадал!.. Зав зай… Мөнгө гээд олон бэрхшээл байна шүү дээ! Ядуу өссөн минь бас их нөлөөлж байна даа, хөөрхий!..
 
-Та ингэхэд хаа хүртэл явчихаад энд ирж суусан хүн бэ?
 
-Би, Долоон цагаан хусандаа очиж сүслэж, биширчихээд ирж байна. Үгүй тэгсэн чинь "Долоон цагаан хус” минь "Хүслийн мод” нэртэй болчихож!.. Баахан залуус шавсан л байна!
 
-Яахаараа хүслийн мод болчихдог байна аа?
 
-Хүний хүсэл, шунал хоёрт хязгаар байх биш!.. Хүн гэдэг ер нь тэгж байгаал яльгүй өчүүхэн амьтан юм даа!.. Очиж очиж модонд хамаг хүслээ даатгадаг юм байна аа!
 
-Юун сонин юм бэ?
 
-Энд ирж амардаг залуусын ихэнх нь энэ хүслийн модонд (Долоон цагаан хусанд) хамаг хүслээ даатгах гэж ирдэг юм байна.
 
-За-а бас юу вэ?
 
-Муухан сурлагагай оюутан сурагчид сургууль дүүргэх… Ер нь анги ахих ч юм уу хатуухан шалгалт шүүлэг ойртоод ирэхээр, миний долоон цагаан хусанд (одоо хүслийн модонд минь) "Ээ цагаан хус минь!.. Цагаан дарь эх минь шалгалт шүүлэг ирж явнаа!..
 
Наддаа эх орны алтан гурвыг чирүүлнэ шүү!..” гээд сунаж мөргөдөг, адис авдаг, цацал өргөдөг гээд их юм болдог гэнэ ээ!.. гэтэл хөх зурам минь инээд алдаад л сунаж, өнхөрч эхлэв ээ!..
 
-Чи юу болоод өнхрөөд, инээгээд унав аа? гэвэл,
 
-Та тэнд цааш нь юу болдогийг ярь ярь! гэнэ.
 
-Гадагшаа, ганзагын наймаа энэ тэрд явах санаатай нь осол эндэлгүй, олз омогтой явуулж хайрла!.. гээд л, зарим нь болохоор орон сууцтай, машинтай, овоохон цалинтай, байнгын ажилтай тохитой томоотой эр нөхөртэй золгуулж хайрла!.. гээд
 
-Па-а па яанаа!.. гээд хөх зурам инээгээд л байх…
 
-Зарим бүсгүй нь болохоор би нөхрөө буруу сонгочихжээ!.. Уг нь би тийм хүнтэй суух гэж байтал одоо сууж байгаа энэ нэг хар юм илбэдэж жилбэдээд болоогүй юм… Энэ нөхрөөс салж, тэр эртэйгээ суумаар байна!.. Хус минь хус минь үзэж хар!.. Туслаж хайрла!.. Танд даатгалаа шүү!.. гээд л хүслээ илэрхийлдэг гэнэ гэсэн чинь муу хөх зурам инээгээд, өнхрөөд л байна!.. Тэгсэн мөртөө цааш нь яриач гэж гуйхыг нь яана!.. Зарим залуувтар охид, би, хүүхэд цувуулаад болдоггүй ээ! Одоо намайг хүүхэд тээдэггүй болгож өгөөч!.. гэж хүслээ илэрхийлдэг гэнэ!.. Гэтэл хөх зурам минь "Үгүй одоо яанаа!.. Энэ хүмүүс гэдэг мөн ч яасан хачин хачин ааш араншинтай байдаг байна!.. гээд л инээв.
 
Би яриагаа ахарлаж, хамгийн сүүлд нэг бүсгүй "Ээ гэгээн цагаан хус минь!.. Ээ гэрэлг ариун ээж минь, намайг үр хүүхэдтэй болгож өгөөч!.. Хүн амьтан намайг үрийн зулай үнэрлэх заяагүй эм!.. Дээр цагт, Бөмбөгөр ногоон театрт, миний эмээ, Зөвлөлт холбоот улсын хамтралчин бүсгүйчүүдийн дуу гээд …Хувьтай заяанаасаа болоод Хоёртой ч болсон яадаг юм Ял зэмлэлтэй юм биш Яруу алдартай юм чинь! гэж дуулж байсан гэдэг… Тэгэхээр намайг нэг мөсөн хоёр хүүхэдтэй… За гуравтай ч болгосон яадаг юм гэснээ! "Үгүй үгүй хоёртой л болгож хайрла! Тэгэхдээ хүү охин хоёр” гэж өгүүлсэн гэнэ лээ гэхэд хөх зурам:
 
"Юун нэрэлхүү юм!.. Нэг ч хүүхэд төрүүлээгүй байж… Хоёр гурав гээд байхдаа яадаг байна аа!.. гээд баахан инээснээ:
 
"За-а хөрш минь, наад яриагаа больж үз. Тэгэхгүй бол би нэг харахад элэггүй болоод дахиад нэг харахад наад хүслийн модны дэргэд болдог хөгийн юмнуудаас чинь болж инээд алдаж яваад муусайн муурын хоол ч болж юу магад гэснээр инээмтхий хөх зурам бид хоёрын яриа түр завсарласан даа!..
 
 
Bast462370034201502160348(1)
 
Б.Бааст
Монголы Улсын Ардын уран зохиочл ,СГЗ
 
"Баянбуурал ” амралт

Санал болгох

Сэтгэгдэл

top