|

Таналт байгаа оносонгүй

saikhnaa 2016/10/11 702 0

Таналт байгаа оносонгүй

 

Эдийн засаг хямралтай хэцүү байгаа учир тэвчиж болох бүх зүйлийг хасч, танахаар болоод байгаа. Гэхдээ хасах, танах ажил "Будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчийн үлгэр болоод байна. Хэдхэн хоногийн өмнө Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хувийн хэвшлийн МСҮТ-үүдэд төсвөөс өгдөг хувьсах зардлыг хасч, тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг ч олгох боломжгүй гэдгээ албан бичгээр мэдэгдсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, их дээд сургууль, коллежид суралцдаг оюутнууд 70 мянган төгрөгийн тэтгэлгээ үргэлжлүүлэн авах бол МСҮТ-д суралцдаг 40 мянга суралцагч энэ тэт­гэлгийг авахгүй гэсэн үг. Чухам яагаад гэсэн асуултад "Төсвийн мөнгө хүрэлцэхгүй байгаа тул тэвчиж болох зардлаа танана” гэсэн хариулт өгчээ.

 

Уг нь толгойтой болгон их, дээд сургууль дүүргэж "диплом өвөртөлсөн худалдагч" болдог "мода” овоо намжиж, МСҮТ-үүдийн нэр хүнд иргэдийн дунд аажим ч болов өсч байсан. Мэдээж үүний нэг томоохон хөшүүрэг нь 70 мянган төгрөг гэдэг нь ойлгомжтой. Тэгээд ч их, дээд сургуулийн оюутнуудад өгч буй тэтгэлгээс цаад зориулалт нь тэс өөр байдаг гэдгийг олон хүн хэлж байгаа.

 

Учир нь манай улсад үйл ажиллгагаа явуулж буй 70 гаруй МСҮТ-д нийтдээ 42  мянга орчим хүүхэд суралцаж буй. Харин суралцагчдын 60 гаруй хувь нь бүтэн болон хагас өнчин, 90 гаруй хувь нь тэтгэлэг болох 70 мянган төгрөгөөрөө өрхийн  орлогоо бүрдүүлэхэд багагүй жин дарах нөлөө үзүүлдэг айлын хүүхдүүд суралцдаг гэсэн тоон судалгаа байгаа юм. Өөрөөр хэлбэл, МСҮТ-д сурах болсон шалтгаан нь төлбөргүй сургуульд, цалин авч сурах, тэтгэлгээ ар гэрийнхээ амьдрал ахуйд нэмэр болгох  зорилготой байдаг гэсэн үг.

 

Тиймээс ч өнгөрсөн жилүүдэд МСҮТ-ийг болон суралцагчдыг олон талаар дэмжиж ирсэн. Тухайлбал, МСҮТ-ийн оюутны тэтгэмж, хувьсах зардлын мөнгийг олгосны дээр өнгөрсөн дөрвөн жилд АНУ-ын "Мянганы сорилтын сан”-гаас хөрөнгө оруулалт татаж, сургуулиудын техник технологиудыг шинэчилсэн. Мэдээж төр засаг ийнхүү дэмжиж байгаад урам авсан оюутан залуус дэлхийн ур чадварын олимпиадад оролцож, дэлхийн аварга, алтан медалийн эзэд болж, улс орныхоо нэрийг дэлхийд гаргаж эхэлсэн гээд олон эерэг үр дүн гарсан юм.

 

Харин одоо энэ бүхэн үгүй болох гээд байна хэмээн багш нар нь толгой сэгсэрч сууна. Өнгөрсөн долоо хоногт МСҮТ-ийн багш, оюутнууд төсвөөс өгдөг хувьсах зардлыг хассан болон 70 мянган төгрөгийг ч олгохгүй болсонтой холбоотойгоор эсэргүүцдийн жагсаал хийсэн. Энэ үеэр нэгэн багш "70 мянган төгрөгөөр оюутнууд шоуддаг гэдэг. Гэтэл манай оюутнууд шоудах насанд ч хүрээгүй, энэ мөнгөө сургалтдаа, амьдралдаа, гэр бүлийнхээ талхны мөнгөнд зарцуулдаг.

 

Энэ байдал хүндрэх байх. Нөгөө талаар энэ хүүхдүүдийн тал нь хичээлдээ суухаа болино, сургуулиа хаяна. Ийм л дүр зураг харагдаж байгаа” хэмээн хүүхдүүдийнхээ өмнөөс хоолой зангируулан хэлж байсан юм. Тиймээс мянга мянган хүүхдийн ирээдүйг хараар будах балмад үйлдэл хийж байгаагаа ухаарч ядаж хүүхэд залуусын хувь заяагаар улс төр хийхээ больчихвол зүгээр байна. Харин үүний оронд Төрийн ордон засах 2.2 тэрбум төгрөг, хэнд ч  хэрэггүй дэд сайд нарын зардал гээд хасч, тэвчиж болох бүхний өөрсдөөсөө эхлүүлээч эрхмүүд ээ.

 

Эх сурвалж: mminfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top