|

Д.Батбаяр: Намайг Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батбаяртай АНДУУРСАН байна

saikhnaa 2016/11/08 675 0

Д.Батбаяр: Намайг Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батбаяртай АНДУУРСАН байна

Кёкшүзан Д.Батбаяр оффшор дансны асуудлаар мэдээлэл хийлээ.

2016 оны тавдугаар сард Кёкшүзан Д.Батбаярыг оффшор данстай талаар зарим мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан бөгөөд энэ талаар тухайн үед тэрбээр тодорхой тайлбар өгч байсан юм.

Харин арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Монгол HD телевизийн Панамын баримтууд цуврал сурвалжлагаар хүргэсэн мэдээлэлд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэний оффшор дансанд Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Батбаяр гэх хүнийг холбоотойг мэдэгдсэн.

Энэ талаар Кёкшүзан Д.Батбаяр "Тавдугаар сард Монгол Улсад анх оффшор гэх нэр томьёо гарч ирсэн. Энэ үйл явдлыг анх Монгол HD телевизээр миний зурагтайгаар мэдээлсэн.

Тухайн үед миний сонгуульд нэр дэвших болон гаднаас хөрөнгө оруулалт оруулж ирэх тал дээр ч маш олон асуудал хөндөгдөж байсан. Энэ үеэр бүх шатны байгууллагад хандсан боловч намайг оффшор данстай үгүйг тогтоож чадаагүй.

Монголчуудын хувьд хүний наймаа, зэвсэг, хар тамхины наймаа, авлига зэрэг татвараас зайлсхийсэн хөрөнгийг оффшор данс гэж ойлгож байгаа.

Тиймээс би энэ асуудал дээр маш их эмзэглэж байсан. Харин Монгол HD телевиз энэ хэргийн эздийг олж өгсөн байна. 

Энэ хүн бол миний бие биш, Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Батбаяр гэх хүн юм гэдгийг тодорхой болгож өглөө.

Олон жилийн турш Япон улсад сумо бөхөөр барилдаж, эх орондоо ирээд өөрийн хөдөлмөрөөр 10,000 айл өрхийг орон гэртэй болгож, олон хороолол барьж, олон хүнийг ажлын байртай болгож  цэвэр бизнес хийдэг хүний хувьд энэ бол зохисгүй асуудал.

Тэгэхээр үүнд андуурал гарсан байна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн тайлбарлалаа.

Тэрбээр мөн барилгын чиглэлээр Япон улсаас 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулж ирэхээр төлөвлөж байсан боловч оффшорын асуудлаар тус үйл ажиллагаа зогссон бөгөөд энэ асуудал шийдэгдсэнээр үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх байх хэмээн дурдсан юм.
Г.ЦЭНД-АЮУШ, IKON.MN

Санал болгох

Сэтгэгдэл

top