АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд үргэлжлэн хуралдана. Хуралдаанаар намын шинэчилсэн дүрмийг боловсруулах танилцуулах ажлын хэсэг байгуулах юм. Гэхдээ үүний хажуугаар орон нутгийн сонгуульд оролцсон байдал, даргыг сонгох асуудал ч чих дэлсэж, "бор шувуу” нисэх биз.
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиас хойшхи хугацаанд удирдлагууд нь хариуцлага хүлээхээ мэдэгдэж, АН-ын даргыг үүргийг орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажиллаж байгаа. Тэрбээр өмнө нь АН-ыг парламентад цөөнх байхад намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, аппаратыг удирдан байсан. Өмнөх парламентад АН олонх болсон ялалтыг ч намынхан нь энэ хүнтэй холбон тайлбарладаг. Өнөөдөр ч АН задарч, бутарсан энэ үед Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд намаа удирдан авч орсон. Парламентад МАН үнэмлэхүй эрх мэдэлтэй болсон энэ үед АН-ынхан сонгогчдын нийт саналын гуравны нэгийг авч, 100 гаруй суманд, нийслэлийн гурван дүүрэгт ялалт байгуулсан нь том амжилт.
Сонгууль, намын ҮЗХ-ны хуралдааны завсарлагын дундуур АН-ын Ардчилсан залуучуудын холбоо ээлжит чуулганаа хуралдуулж, шинэ удирдлагаар С.Дэмчиг сонгогдлоо. Энэ нь АН асуудал алхам алхмаар цэгцэрч байгаагийн нэг илрэл.
АН-ын өнөөдрийн хэлэлцэх гол асуудал нь намын дүрмийг боловсруулах ажлын хэсэг байгуулах. Ер нь шинэ дүрмийн төсөл олон хувилбараар яригдаад эхэлсэн юм билээ. Жишээлэхэд, цаашдаа намын даргаа бүх гишүүдээсээ сонгох. Мөн Үндэсний зөвлөлдөх хороогоо аймаг, дүүргээс биш бүх гишүүдээсээ сонгодог болох хувилбар яригдаж байсан.
Ер нь АН-ын задрал бутрал, сонгуулийн ялагдал нам дахь фракц, бүлэглэлийн тэмцлээс үүдэлтэйг олон нийт олон жил шүүмжилж ирсэн. Тиймээс ч намын шинэ дүрмийн оршилд фракцгүй, эв нэгдлийг эрхэмлэх АН-ын уриаг тунхаглах нь зүй ёсны асуудал байх биз.
Юутай ч ҮЗХ-ны гишүүдийн тоог өнөөдрийнхөөс нэмэгдүүлэх асуудал хөндөгдсөн байна лээ. Одоогийн дүрмээр Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний суудлын тоо 228 байгаа юм. Цаашлаад "фракцийн буюу эдийн засгийн болон албан тушаалтай хүчирхэг хэдхэн хүнээс намын бодлого шалтгаалдаггүй тийм тогтолцоо руу орно. ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэгдүүлснээр фракциуд нь хөдөлмөрлөдөг болно. Хөрсөн дээрээ очдог болох байх” гэж тус намын генсек Л.Эрхэмбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Энэчлэн АН-ын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг өнөөдрийн хуралдаанаар байгууүлах юм.
АН-ын ҮЗХ-ны хуралтай зэрэгцээд намын даргын асуудал олны анхаарлыг татаж байгаа. Одоогийн байдлаар АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбатаас гадна Лу.Гантөмөр, П.Цагаан, н.Чимэддорж гэх нэрс намын даргад нэр дэвших эрхмүүдэд явж байна. Өнөөдрийн байдлаар намын дарга дараагийн асуудал ч, намын шинэ дүрэмд даргыг хэрхэн сонгохыг тусгана. Намын даргаа бүх гишүүдээсээ сонгох асуудал анхан шатны нэгжүүдийнхээ саналыг ч тусгахаар байгаа юм. АН-ын даргад нэрээ дэвшүүлж байгаа эрхмүүд ч намын дүрмээ шинэчлэх ажлын хэсэгт багтах биз. Учир даргын томилгоо шинэ дүрмээр явагдана. Нөгөөтэйгүүр их хурлын төлөөлөгчдийн итгэлийг олох, лоббидох эсэх нь даргад горилж байгаа эрхмүүдийн авъяас мэдэх хэрэг.
Ямартай ч өнөөдрийн хуралдаанаар байгуулагдсан ажлын хэсэг намын дүрмээ боловсруулахтай зэрэгцээд даргад нэр дэвшиж байгаа эрхмүүд ч гишүүдтэйгээ ажиллах гээд хүйтний эрч чангарсан өвлийн өдрүүдэд халуухан өрсөлдөөн үргэлжлэх нь.
Арванхоёрдугаар сарын 06 хүртэл АН-ын даргад өрсөлдөгчдийн хувьд сонгуулийн сурталчилгааны өдрүүдтэй адилтгах богино хугацаа, богино ч өдрүүд, урт шөнө байна даа.
Н.Энхлэн
Эх сурвалж: Shuud.mn
http://www.shuud.mn/content/read/475866.htm