Төрийн өмчийн бодлого зохицуулалтын дарга Ц.Ням-Осор өчигдөр мэдээлэл хийж "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ хуралдаж даргаа сонгон ажилдаа орсон талаар мэдээлэл хийлээ. "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг эзэмшигч Засгийн газар ТУЗ-ийн гишүүдээр У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Б.Доржсэмбэд, Д.Дэмбэрэл нарыг томилоод байсан бол 49 хувийг нь эзэмшигч "Монгол зэс" корпорац Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг томилжээ. ТУЗ-ийг есөн хүний бүрэлдэхүүнтэй байлгах тухай ярьж байсан ч эцэстээ ийнхүү долоон хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтжээ. Шинээр бүрдсэн ТУЗ анхны хурлаа хийж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнг даргаараа сонгосон байна. Харин үйлдвэрийн даргын томилгоогоо хэлэлцээгүй гэдгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор онцоллоо. ТУЗ-ийн даргаа томилсноос гадна дүрмээ баталжээ.
"Монгол зэс” корпорац ТУЗ-ийн дарга болон үйлдвэрийн даргыг хоёр талаас хоёр хоёр жилийн хугацаатай томилох санал гаргасан байна. Гэвч уг саналыг нь 51 хувийг эзэмшигч тал хүлээж аваагүй бөгөөд дөрөв дөрвөн жилийн хугацаатайгаар Засгийн газар санал болгон томилуулдаг байхаар дүрмээ баталжээ. Компанийн тухай хуулийн дагуу үйлдвэрийн захирал нь ТУЗ-ийн гишүүдийнхээ 66-гаас дээш хувийн саналаар сонгогдох ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар "Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар хэнийг томилуулахаа шийдэх ч цөөнхийн төлөөллийн дэмжлэгийг заавал хүлээж байж томилогдох юм байна. ТУЗ-ийн баталсан дүрмийн дагуу "Эрдэнэт” үйлдвэр дэргэдээ Аудит, Нэр дэвшүүлэх, Цалин, урамшууллын гэсэн гурван хороотой байх аж. Уг гурван хорооны Аудит, Нэр дэвшүүлэх гэсэн хоёр хорооны даргыг "Монгол зэс" корпорац, Цалин, урамшууллын хорооны даргыг Засгийн газар томилж байхаар болжээ.
"Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдээр томилогдсон хүмүүсийг танилцуулъя.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн
ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн нь одоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байгаа юм. Тэрээр Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Итали улсын Бокконийн их сургуулийг тус тус төгсчээ. Мөн БНСУ, Их Британид менежмент, Малайзад даатгал, Тайванд хөгжлийн бодлогын чиглэлээр мэргэжил дээшлүүлж байжээ. Багш мэргэжилтэй бөгөөд бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй аж. Ажилласан байдлын тухайд 1994-1997 онд "Монгол даатгал” төрийн өмчит улсын үйлдвэрийн газар мэргэжилтэн, менежер, 1999-2004 онд "Монгол даатгал” ХХК-д ерөнхий менежер, 2004-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөх, 2007-2010 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоонд ерөнхий нарийн бичгийн дарга, 2010-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга, 2012-2015 онд "Миг даатгал” компанид зөвлөх, ТУЗ-ийн даргаар ажиллаж байжээ. 2015 оноос хойш Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилогдтолоо МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын зөвлөхөөр ажиллаж байв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал
Хариуцсан ажлынхаа чиг үүргийн дагуу "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон дараагийн хүн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал. Тэрээр 1996 онд нийслэлийн нэгдүгээр дунд сургууль, 2003 онд ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд бизнесийн ухааны магистр зэрэгтэй юм байна. Мөн 2010 онд Сингапурын "Ли Куань Ю” институтэд төрийн захиргааны удирдлагын чиглэлээр мэргэшжээ. Г.Нандинжаргал нь 2003 оноос хойш төрийн албанд ажиллажээ. Тодруулбал, 2003-2010 онд Монгол банкны Мөнгөний бодлого судалгааны газарт эдийн засагч, 2010-2013 онд нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2013 онд нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын орлогч дарга, 2013-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2014-2015 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний бодлогын хэрэгжилтийнг зохицуулах газрын дарга, 2015-2016 онд "Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлын багт төслийн захирлын алба хашсан байна.
Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Доржсэмбэд
Засгийн газраас "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон дараагийн хүн бол Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Доржсэмбэд. Өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан хууль бусад тооцогдоод буй ТУЗ-д гишүүнээр томилогдоод байсан юм. Өөрөөр хэлбэл, түүнийг эрхэлж буй ажлынх нь үүрэг чиглэлийн дагуу ТУЗ-ийн гишүүнээр улираан томилсон нь энэ. Тэрээр Сангийн яаманд удаан ажиллаж байгаа бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн газрын даргаар ажиллахаасаа өмнө Нэгдсэн төсвийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Орлогын хэлтэс, Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ. Мөн өмнөх Засгийн газрын үед Эгийн голын усан цахилгаан станцын төслийн удирдах хорооны гишүүнээр ажиллаж байв. Одоо "Эрдэнэт” үйлдвэрээс гадна Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр давхар ажилладаг юм.
УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл
Дээрх нэр бүхий гурван эрхэм одоо эрхэлж буй үндсэн ажлынхаа чиг үүргийн даргуу "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар томилогдсон бол УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлийг төрд удаан ажилласан туршлагыг нь үндэслэн томилсон гэхэд болно. Тэрээр УИХ-д зургаа дараалан сонгогдсон туршлагатай улстөрч. Ийнхүү зургаан удаа тасралтгүй сонгогдохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, УИХ-ын даргаар ажилласан юм. Тэрээр 1941 оны дөрөвдүгээр сарын 15-нд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 1964 онд Эдийн засгийн дээд сургуулийг Худалдааны эдийн засаг, технологи зохион байгуулалт мэргэжлээр, 1977 онд ОХУ-ын Москва хот Нийгмийн ухааны академид улс төрийн дээд боловсрол эзэмшсэн. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдох хүртлээ 28 жил төрийн болон улс төрийн албан тушаал хашиж байжээ. Тодруулбал, 1964-1968 онд Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын орлогч дарга, 1968-1970 онд Ховд аймгийн МАХН-ын хороонд улс төр, гэгээрлийн кабинетэд эрхлэгч, лектор, 1970-1972 онд Ховд аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1972-1975 онд МХЗЭ-ийн Төв хорооны эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгч, 1977-1984 онд МАХН-ын Төв хороонд зохион байгуулагч, 1984-1990 онд МАХН-ын Төв хороонд зохион байгуулагч, группын ахлагч, 1990-1992 онд Завхан аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилласан байна.
"Эрдэнэс-оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Д.Ганболд
"Эрдэнэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлын ажлаа өгөөд удаагүй байсан Да.Ганболдод "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчид санал тавьж ТУЗ-ийн даргаар томилоод байв. Гэвч энэхүү шийдвэрийг нь Засгийн газар хүчингүй болгосон юм. Улмаар "Монгол зэс” корпорац Да.Ганболдыг ТУЗ-ийн гишүүнээр ажиллуулахаар шийдвэрлэжээ. Түүний төр, хувийн хэвшилд ажилласан туршлага, Оюутолгой хэмээх томоохон төслийн удирдлагын багт ажиллаж байсан зэрэг нь ТУЗ-ийн гишүүнээр сонгох шалтгаан болсон биз ээ.
Тэрээр эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Шадар сайд, нийслэлийн Засаг даргын орлогч зэрэг томоохон албан тушаал хашиж байсан юм.
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон
"Монгол зэс" корпорац "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахдаа Худалдаа хөгжлийн банкнаас санхүүжилт авсан байдаг. Тиймээс тус банкны гүйцэтгэх захирал О.Орхонг ТУЗ-ийн гишүүнээр томилжээ. О.Орхон 1993 онд ОХУ-ын Ярославль хотын есдүгээр дунд сургууль, 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсөж банкны эдийн засагч, санхүүч мэргэжил эзэмшсэн нэгэн.
Мөн 2003 онд Их Британийн Уэльсийн их сургуульд Банк санхүүгийн бизнесийн удирдлагын магистр цол хамгаалжээ. Түүнийг банк, санхүү, бизнесийн салбарт 17 жил ажиллаж буй туршлагатай банкир гэж салбарынхан нь үнэлдэг бөгөөд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас гадна "Ти Ди Би капитал” болон "Ти Ди Би Лизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2014 оноос Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэрээр өмнө нь Мянганы сорилтын санд санхүүгийн зөвлөх, Улаанбаатар хотын банкинд гүйцэтгэх захирал, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөх, Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдын зөвлөх, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байжээ.
"Монгол зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар
"Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дараагийн гишүүн нь "Монголын зэс” корпорацын ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар юм. Түүний тухай мэдээлэл тун ховор ажээ. "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал олны анхаарлын төвд орсны дараа хэвлэлд ярилцлага өгснөөс нь хойш л түүнийг олон нийт таньдаг болсон гэхэд болно.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин