|

Орхон аймагт цагаанаар зудархуу байдал үүсэхэд ойрхон байна

saikhnaa 2016/11/23 744 0

Орхон аймагт цагаанаар зудархуу байдал үүсэхэд ойрхон байна

 

Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга С.Отгонбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар Орхон аймаг тэр чигтээ цасан бүрхүүлтэй байна. Баян-Өндөр суманд цасны зузаан 18-27 см, нягт нь 0.12-0.15 г/см3, Жаргалант сумын Хойдбулаг, Тасгийн орчимд цасны зузаан 18-19 см, хунгар газраа 26-51 см бөгөөд нягт нь 0.16-0.17 г/см3 байна.

    Үүнээс үзэхэд, Орхон аймагт цагаанаар зудархуу байдал үүсэхэд ойрхон байна гэж С.Отгонбаатар мэдээллээ. Зудыг хар болон цагаан гэж ангилдаг. Цагаан зуд нь  цагаанаар зудархуу, цагаан зуд гэж хоёр ангилдаг. Цагаанаар зудархуу гэдэг нь цасны нягт 0.20-0.24 г/см3 бөгөөд цасны зузаан 16 см-ээс их байхыг хэлдэг ажээ. Түүнчлэн энэ сард Орхон аймагт 11 удаа цас орж хүйтний эрч өнгөрсөн жилийнхээс  -6-8 хэмээр  нэмэгдсэн  байна. УЦУОША Баян-Өндөр суманд тав, Жаргалант суманд 3 цэгт цасны зузаан, нягтын хэмжилт хийжээ. 11 дүгээр сарын 10-ны хэмжилтийг 20-ныхтой харьцуулахад цасны зузаан 6-8 см-ээр нэмэгдсэн байна. Мөн энэ сард гурван удаа шөнөдөө -30-35.3 хэм хүртэл хүйтэрсэн байна. Хүйтний эрч 26-аас бага зэрэг суларна. 11 сарын 25-нд бага зэргийн цас орно. Ирэх сард цас орж хүйтний эрч чангарна гэнэ. Цаг агаар энэ хэвээр үргэлжилбэл Орхон аймгийн Жаргалант суманд зудын байдал үүсч болозошгүй гэж УЦУОША мэдээллээ.

Мэдээллийн төв

Санал болгох

Сэтгэгдэл

top