Айлчлалыг зохион байгуулагч тал болох Гандантэгчинлэн хийдээс өнгөрөгч тав дахь өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, МБШТ Гандантэгчинлэн хийдийн Тамгын газрын ажилтан С.Даваапүрэв "Энэ удаагийн айлчлал улс төрөөс ангид, Есдүгээр Богдын хойд дүрийг тодруулах бус цэвэр номын айлчлал байх болно” хэмээн мэдэгдсэн.
Учир нь Далай ламын айлчлалтай холбоотойгоор БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жен Шуан "Далай лам бол шашны нэрийн дор Төвдийг БНХАУ-аас салан тусгаарлахыг оролддог улс төрийн дүрвэгч юм. Бид Монгол улсаас хоёр орны найрсаг харилцааг хүндэтгэн, Төвдийн асуудлаарх байр сууриндаа үнэнч байж, Далай лам болон түүний хүмүүсийг тус улсад айлчлахыг хориглохыг хатуу шаардаж байна” хэмээсэн юм.
Мөн зарим лам хуврагууд Далай ламыг Монголын дотоод асуудалд хэт оролцож, Х Богдыг тодруулах гэж байна хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн ч үүнийг Гандантэгчэнлэн хийдээс удаа дараа үгүйсгэсэн билээ.
Хятадын талын мэдэгдлээс үүдэж Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил "Далай ламын айлчлалд бид оролцохгүй” хэмээсэн.
Үүнийг Хятадын Засгийн газар хэрхэн хүлээж авах бол хэмээн олон улсын тоймчид таамаг дэвшүүлсэн. Зарим олон улсын болон дотоодын хэвлэл мэдээллээр Далай ламын айлчлал Хятад-Монголын хамтын ажиллагаанд саад болохвий хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлсэн. Тодруулбал, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх энэ сарын 28-нд БНХАУ-д ажлын айлчлалтай байсан бөгөөд манай улс Бээжинтэй 4,2 тэрбум долларын зээлийн асуудлаар хэлэлцэж байгаа юм.
Далай ламын айлчлалаас үүдэж Шадар сайдын айлчлалыг Хятадын талаас тодорхой хугацаанд хойшлуулсан гэж байсан ч үүнийг Монголын Засгийн газраас үгүйсгэсэн бөгөөд айлчлал хэвийн явагдана хэмээсэн.
Харин өчигдөр буюу Лхагва гарагт БНХАУ-ын гадаад хэргийн яам гадаад, дотоодын сэтгүүлч нарт ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Хятад-Монголын засгийн газар хоорондын уулзалт яагаад цуцлагдсан талаар асуулт тавигдаж, Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хариулт өгсөн байна.
Тэрээр "Далай ламын Монголд хийж байгаа айлчлалын талаар бид албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Далай ламын айлчлалыг зөвшөөрсөн Монголын талын алдаатай бодлого Хятад-Монголын улс төрийн суурь харилцаанд сэв суулгаж, хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд сөргөөр нөлөөллөө. Тиймээс Хятад улс Монголын талаас Хятадын суурь ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаж, алдаатай үйлдлээс бий болсон сөрөг нөлөөг арилгах арга хэмжээ аван, Хятад-Монголын харилцааг хэвийн түвшинд нь буцааж оруулахыг шаардаж байгаа” гэв.
Хятадын талын энэхүү мэдэгдлээс харахад Шадар сайдын айлчлал тодорхой хугацаанд хойшилсон, энэ нь Далай ламын айлчлалтай шууд хамааралтай гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Далай ламын айлчлалаас шалтгаалан уулзалтыг хойшлуулснаа Хятадын тал тодорхой илэрхийлжээ.
Далай лам айлчлалынхаа төгсгөлд сэтгүүлчидтэй уулзсан бөгөөд тэрээр Хятадын талаас Монголд ирүүлсэн мэдэгдлийн талаар "Намайг хаана ч очсон Хятадын зүгээс ийм асуудал байнга тавьдаг. Би энэ дэлхийн бурхны шашинтай улсуудаас Монгол, Японд л чөлөөтэй ирж, очиж чаддаг. Бусдад нь очиж чаддаггүй. Би бурхны шашинтай хүн ч бурхны шашинтай улсад очиж чадахгүй байна гэдгийг тоглоом, шоглоом болгон хэлдэг. Хятадыг аваад үзье. Энэ улсад бурхны шашинтай 400 гаруй сая хүн бий. Тэдний зүгээс намайг айлчлаач гэж байн байн урьдаг. Бодит байдлыг хэлэхэд, би 1974 оноос хойш Түвдийн тусгаар тогтнолын асуудлыг дэвшүүлэхгүй байгаа. Хятадын засгийн бодлого бол намайг салан тусгаарлагч гэж үздэг. Би Түвдийг тусгаар тогтносон улс болгоно гэж тэмцэхгүй байгааг дэлхий нийт мэдэж буй. Зарим хүн "Түвдийг тусгаар улс болгохын төлөө явахгүй байна” гэж намайг буруутгадаг. Би анхнаасаа "Бид ялна, тэд ялагдана” гэсэн санаагаар бус хоёр улсад харилцан тустай байх юмсан гэсэн бодлоор хандаж ирсэн” хэмээсэн юм.
Мөн Далай ламыг Х Богдыг тодруулах нь хэмээж байсан олон нийтийн таамаг талаар өнгөрсөнгүй. Тэрээр сэтгүүлчдийн хамгийн их сонирхсон Х Богдыг тодруулах уу хэмээх асуултад "IX Богд Жавзундамбын дараагийн дүр Монголд мэндэлсэн шинж, тэмдэг илэрсэн. Гэхдээ хүүхэд балчир байгаа учраас одоохондоо нийтэд зарлах шаардлагагүй болов уу гэж бодож байна. Таван нас хүрэхэд нь бодолцох хэрэгтэй. Жаахан хүүхдийг сэнтийд залах хэцүү. Том болоод ном эрдэмд гэгээрч, олонд тусыг хүргэх учиртай” гэв.
Хятадын тал Далай ламын айлчлалыг анх удаагаа эсэргүүцэж байгаа биш юм. 2006 онд Монгол Улсад хийсэн Далай ламын долоо дахь айлчлалыг эсэргүүцэн Бээжингийн зүгээс галт тэрэг, онгоцны нислэгийг зогсоож байсан билээ.
Энэ асуудал дээр одоогоор Монголын Засгийн газраас ямар нэгэн хариу мэдэгдээгүй байна. Далай ламын айлчлалаас үүдэж Монгол-Хятадын харилцаа царцсан нь хэдэн тэрбум долларын зээл горилж байсан манай улсад хүнд тусах нь гарцаагүй. Учир нь уул уурхай, түүхий эдэд суурилсан эдийн засагтай манай орон Хятадын зах зээлээс гүнзгий хамааралтай байдаг билээ.
Мөн Хятад улс Далай ламын айлчлалыг хүлээж авсан улс оронтой найрсгаар харилцах боломжгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн.
АНУ-ын шинэ төрийн тэргүүн Доналд Трамп Далай ламыг хүлээж авч уулзвал Америк-Хятадын харилцаа ч мөн муудаж болзошгүй юм. Учир нь Далай лам сэтгүүлчидтэй хийсэн уулзалтаараа АНУ-д Доналд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяртай байгаагаа дуулгаад "АНУ-ыг чөлөөт ертөнцийг удирдан дагуулж буй нэгэн үндэстэн гэж үздэг. Сонгууль ямар болсноос үл хамааран эцсийн эцэст америкчууд өөрсдөө сонголтоо хийсэн. Хэдийгээр сонгуулийн өмнө ерөнхийлөгчид нэр дэвшигч санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлж байсан бол ерөнхийлөгч болсноор өөрийн үг, үзэл бодол, алсын хараа, үйлдлээ бодит байдалтай уялдуулах хариуцлагыг үүрэх болно. Удахгүй АНУ-д хүрэлцэн ирнэ үү гэсэн урилга ирэх байх. Тэр үед нь би айлчилж очно” хэмээсэн юм.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn