|

Орхон сумын малын бэлчээр 22 см цастай байна

tonshuul 2016/11/30 526 0
 

Орхон сумын малын бэлчээр 22 см цастай байна

 

Дархан-Уул аймгийн өвөлжилт хүндрэх төлөвтэй болсонтой холбогдуулж аймгийн удирдлагууд сумдын өвөлжилтийн байдалтай танилцах ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна. Аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл, Дэд бүтэц, Хууль эрх зүйн бодлогын асуудал хариуцсан орлогч Т.Ганболдын ахалсан ажлын хэсэг Орхон суманд ажиллалаа.

 Ажлын хэсэгт Орхон сумын Засаг дарга, аймгийн Онцгой Байдлын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Ус цаг уур, Орчны шинжилгээн албаны дарга мэргэжилтнүүд багтжээ. Ажлын хэсгийнхэн тус сумын малчин өрхүүдээр орж хийсэн уулзалтын үеэр эрүүл мэндийн үзлэг хийж холбогдох эм тариаг үнэ төлбөргүй өгч малын тэжээл, нэмнээ, төлийн уут зэргийг гардууллаа.

Тэд Орхон сумын 79-ийн тохой, Хөшөөт, Адуун чулуу, Бүрэнтолгой, Төмөр замын 96 дугаар зөрлөгт өвөлжиж байгаа нийт 26 өрхийн өвөлжилтийн байдалтай танилцах явцад цаашид цаг агаар хүндэрч цас орвол өвөлжилт цагаан зудархуу болж магадгүй гэдгийг малчид хэлж байлаа.

Тус сумын Нарийны хөндийд хэмжилт хийхэд цасны дундаж зузаан 22 см, нягт нь 0,12 г/см3 байгаа нь цас шуурч хатуурвал мал бэлчих боломжгүй болж өвөлжилт хүндэрч мэднэ гэдгийг малчид ярилаа. Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд "Бид ажлын хэсгүүдэд хуваагдаж сумдын өвөлжилтийн байдалтай танилцаж малчдын санаа сэтгэлийг сонсож цаашид анхаарах асуудлыг нь судалж байна. Ажлын хэсгүүд сумдаар явж дууссаны дараа нэгдсэн зөвлөгөөн хийж өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад холбогдох шийдвэр гаргаж туслах ажлыг зохион байгуулна” гэв. 

                                                                                                                                                         Б.Норовсамбуу


Санал болгох

Сэтгэгдэл

top