|

МАН-ынхны дотоод хагарал савнаасаа хальж АН-ын түүхийг давтаж эхэллээ

saikhnaa 2016/11/30 844 0

МАН-ынхан дотроо маргалдаж, муудалцаж, зодолдож байсан ч асуудлаа хэзээ ч ил гаргадаггүй. Тус намынхны хувьд аливаа асуудалд хөл хөнгөдөөд байдаггүй, нам юу гэж шийднэ, түүнийг нь үг дуугүй дагадаг нь гэм биш зан.

Гэхдээ нам л юм хойно дотроо маргах, мэтгэлцэх зүйл бий.  Тэгвэл тэдний энэхүү маргаан, дотоод хагарал  газар авч савнаасаа халихад хүрсэн бололтой. Саяхан гэхэд  Засгийн газрын хоёр сайд хоорондоо ам мурийж, асуудал нь нэлээд хурц хэлбэрт шилжсэн гэх мэдээлэл гарсан. Зарим хэвлэлд дурдсанаар "зүгээр ч нэг жижиг маргаад, цохилцоод өнгөрөөгүй, оёдол тавиулаад амжсан” гэх. Энэ асуудлыг намынх нь зарим гишүүд нуугаагүй юм.

Түүхэндээ хоёр удаа засгийн эрхийг барихдаа Ардчилсан нам эв нэгдэлгүй гэдгээ нотолж өнгөрсөн дөрвөн жил өөр хоорондоо талцсаны үр дүнд өнөөдөр намаараа ялагдал хүлээсэн.

Тэдний эв нэгдэлгүй байдал өнгөрсөн дөрвөн жилээр зогсохгүй, хэзээний л тархай бутархай өөр хоорондоо талцаж муудалцдаг  зан нь намаа гудамжинд гаргасан. Ингэснээр тэд арван жил хийгээгүй Их хурлаа ирэх сард хуралдуулахаар товлоод буй.

МАН-ынхны өнөөдрийн төрх, тэдний дотоод зөрчил өчигдрийн Ардчилсан намынхнаас дутах юм алга гэхэд хилсдэхгүй. Засгийн сайдууд нь танхим дотроо заамдалцахад хүрсэн шалтаг, шалтгааныг тэд өмнө нь гаргаж байгаагүй. Эндээс харвал сандал ширээнд шунасан МАН-ынхан хумсаа нуугаад бие бие рүүгээ дайрахад бэлэн байгаа бололтой.

Сонгуулиар үнэмлэхүй олонх болсон ч намын дарга нь Ардчилсан намын тогтоосон жишгээр УИХ-ын дарга болох үеэс л Ө.Энхтүвшингээс эхлээд засгийн бодлого болгоныг шүүмжилж, намдаа гоморхож яваа, хөгшин, залуу хүмүүс олонхийн бүлэгт цөөнгүй бий.  

Ө.Энхтүвшингийн хувьд УИХ-ын дарга болно гэсэн том амбицтай байсан нь талаар өнгөрсөнд Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайд болох мөрөөдөл нь бүтээгүйд одоо болтол шаралхаж яваагэж намын нөхөд нь ярилцдаг гэх "бор шувуу” нисч байна.

Гол нь ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд дэвшвэл намын удирдлагыг аль фракци авах вэ гэсэн наймаа тохироо, хэрүүл зодоон МАН-д далдуур өрнөж байна.

Түүнчлэн  МАН  Засгийн эрхийг дангаараа барих болсон ч эрх мэдлийн тойргийн гадна Сү.Батболдын фракцийг үлдээсэн. Оффшор данснаасаа болоод нам дахь байр сууриа алдсан Сү.Батболдын фракцийн хувьд хотын фракцийн эсрэг хөдлөх боломжтой цаг хугацааг анаж байгаа гэнэ.

Чуулганы хуралдаан дээр С.Баярыг загнаж суусан Т.Аюурсайханы ард ах У.Хүрэлсүх нь байгаа гэж Ардын намынхан ярьж байна. У.Хүрэлсүх, С.Баяр хоёрын урьдын сайхан харилцаа байхгүй болсон гэсэн яриа Тусгаар тогтнолын ордноос үе, үе сонсогдох болсон юм.

Ах дүүсийг нь албан тушаал тавьсангүй гэсэн энэ мэт амин хувийн гомдолтой хүмүүс МАН-д цөөнгүй байгаа нь эхнээсээ ил болов.  Тиймээс Ж.Эрдэнэбат далдуурхан  Б.Чойжилсүрэн, Л.Цогцэцэг, Су.Батболд нар руу л сумаа тавих болсныг сохор хүн ч олж харахаар ил болжээ. Мэдээж нум нь Сү.Батболд, У.Хүрэлсүхийн фракцийнхан гээд хэлчихвэл буруудахгүй.

МАН-ынхны дотоод хагарал АН-ынхан шиг шууд намын даргаа шүүмжилж, эсвэл засгаа огцруулах хэмжээнд хүрээгүй ч ганц,  хоёрын зэрэг сайд нарыг огцруулах замаар Ж.Эрдэнэбат, М.Энхболд  хоёрт  "цохилт” өгөх хүсэлтэй хүмүүс нам дотор бий гэдэг нь дээрх үйл явц гэрчилнэ.

Сайд огцруулах тухай өнөөдрийн бор шувууд бол журмын нөхдөө тоншиж буй нэг хэлбэр гэлцэх хүмүүс байна. Гол нь ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд дэвшвэл намын удирдлагыг аль фракци авах вэ гэсэн наймаа тохироо, хэрүүл зодоон МАН-д далдуур өрнөж байна.

24tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top