Зуд болохоор нохой зоолдог гэдэг үг байдаг даа. Түүнтэй адил улс орон жаахан хямраад, иргэдийн гар дээр бэлэн мөнгө бага сага хомсдоод эхлэхээр л янз бүрийн сүлжээний бизнес цэцэглэж эхлэх юм. Сүүлийн үед цахим ертөнцийг ашиглаж бизнес хийж байгаа сүлжээчид борооны дараах мөөг шиг л олширч байна. Хонгконгийн 520 ам.долларын төсөл. Казахстаны ядуурлыг бууруулах GTIME, "Алтан өндөг”, "Баяндалай” энэ тэр гээд л сүлжээний бизнесүүд үргэлжилнэ.
Тэр дундаа Казахстаны ядуурлыг бууруулах GTime төсөл нэлээд газар авч эхэллээ. Бүр тусдаа хаалттай групптэй, тэндээ 110 гаруй мянган гишүүнтэй болчихсон. Өнөөдүүл нь дор бүрнээ хүн ухуулаад л, шинэ жилээс өмнө 8000 ам.долларын цалин авах уу ч гэж байх шиг. Өнөөхийг хүмуүс сонирхож байгаа гэж жигтэйхэн. 272 мянган төгрөгөөр элсч, найман хүн нэг баг болоод, дараа нь хоёр сая 292 мянган төгрөг авна ч гэж байх шиг. Тэр нь вип хөтөлбөр гэж байгаа. Энэ мэтээр хамгийн ихдээ хоёр сая 176 мянган төгрөг оруулаад дараа нь 18 сая 336 мянган төгрөг авна гэж байгаа юм. Ёстой сайхан сонсогдож байгаа биз.
Мэдээж дотроо тодорхой дүрэм журам гэж байгаа байх. Гэхдээ л эцсийн дүндээ энэ чинь сүлжээ. Сүлжээний бизнес прамид тогтолцоотой байдаг. Хамгийн гол нь энэ төслийг луйвар гэдгийг ЦЕГ-аас анхааруулчихаад байгаа. Гэтэл манайхан хашрахгүй, нэгдэж орсоор байна.
Бүр төрийн том байгууллагууд хүртэл бөөнөөрөө элсч орсон мэдээ хүртэл байна. Дарга нь пирамидын дээр суугаад, ажилчдаа дороо элсүүлсэн юм байх аа. Хэрвээ үнэхээр ашиг олдог бол дарга нар нь л хэдэн төгрөг олж авах байх. Харин прамидын сууринд байгаа хүмүүс бол 100, 200 мянган төгрөгөө өгөөд л алдана. Мөнгөө эргүүлж авах боломж байхгүй. Цалин авна гэвэл хүн элсүүлэх шаардлагатай. Чадахгүй бол тэгээд л хохироод дуусч байгаа юм.
Мэдээж сүлжээний бизнест өөрөө сайн дураараа орсон учраас луйвар гэж үзэхгүй. Манайд уг нь сүлжээний бизнесийг хориглосон хууль журам байдаг юм билээ. Гэвч хэрэгжиж байгаа юм алга. Хэрэгжүүлэхээр ажиллах газар ч байхгүй. Үүнийг нь луйварчид мэддэг учраас янз бүрийн аргаар шинэ сүлжээ эхлүүлсээр, хүмүүсийн мөнгийг хуурч авсаар л байгаа байх.
Мэдээж сүлжээний бизнесийг эхлүүлсэн хэдэн нөхдүүд багагүй мөнгө олж байгаа болов уу. Тэгвэл шинээр элсэгчид бол юу ч олж долоохгүй шүү дээ. Тэгээд ядаж байхад бэлэн мөнгөө оруулна. Бусад сүлжээ шиг ядаж бүтээгдэхүүн аваад үлдэнэ гэсэн юм байхгүй шүү дээ. Тийм болохоор бүр ч их хохироод байгаа юм. Одоо бүр сүүлдээ төрийн байгууллагынхан хүртэл даргынхаа араас элсч байна. Энэ бүхнийг холбогдох газрууд нь анхаармаар байгаа юм. Тэр төрийн байгууллагынх нь нэрийг биччихээр манай тэгээгүй, нэр төрд халдлаа, шүүхэд өгнө энэ тэр гэнэ л дээ. Угаас тэгж дайрдаг болсон хойно. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй нь сүлжээнд бүр төрийн байгууллагатайгаа уусч эхэллээ шүү дээ.
Тиймээс л энэ элдэв сүлжээний луйвраас бүгд сэрэмжилж, анхаармаар байна. Холбогдох хуулийн байгууллагууд хүртэл яаралтай арга хэмжээ авч, ард иргэдээ сэрэмжлүүлээч ээ. Одоо бүр сүүлдээ математикийн хэдэн багш нийлээд сүлжээний бизнес бий болгож байна гэнэ, цаана чинь. Бэлэн мөнгөтэй болоод, амархан баяжих гэсэн хүмүүсийн гэнэн хүсэл дээр дөрөөлөх аргаа олчихсон байхгүй юу.
Монголын мэдээ
Н.Пунцагболд