ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ 94 ХҮН АМИА АЛДЖЭЭ
Хаалттай хаалганы цаана эрүүл мэнд, амь насаараа хэн ч хохирч болохыг сүүлийн хэдхэн жилд утгаар нь харлаа. Гэр бүлийн хүчирхийлэл гээч нэр томьёо зай завсаргүй хэвлэлийн хуудаснаа хөвөрч, ноцтой олон хэргүүд гарав. Эхнэр, хүүхдээ зодоод хөнөөчихдөг, хазаад, заазуурдаад улаан цусыг нь урсгасан нүд хальтрам дүр зурагтай хэргүүд байсхийгээд л гарч байна. Хамгийн сүүлд л гэхэд хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын иргэн монгол эхнэрээ, дөрвөн настай хүүхэдтэй нь заазуурдаж хөнөөгөөд, 13 настай дагавар хүүгээ гэмтээсэн аймшигт хэрэг гарсан. Ерөөсөө гэр бүлийн хүчирхийлэл гээч цаг үе, орчин нөхцөл, нийгмийн асуудлаа дагаад улам хурц, ноцтой болж буйг энэ жишээнээс харж болно. Харин манай зарим улстөрч үүнийг байх ёстой гэсэн үүднээс хандаж, "Дорнын соёл”-ыг хадгалах ёстой гэж мэдэгдээд байгаа.
Албаныхны мэдээлснээр сүүлийн зургаан /2010-2016 он/ жилийн дотор гэр бүлийн хүчирхийллийн улмаас 94 хүн амиа алдсан гэж байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар гэхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 764 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 30.4 хувиар өссөн гэж байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй болон захиргааны зөрчилд тооцогдон арга хэмжээ авагдсан хүчирхийллийн тоо үүнээс тав дахин их байдаг байна.
Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, таслан зогсоох гол арга нь хууль эрх зүйн тогтолцоо. Монгол Улс гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг анх 2004 онд тусгайлсан хуулиар зохицуулж эхэлсэн байдаг. 10 гаруй жилийн өмнөх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өнөө үед гарч байгаа ноцтой гэмт хэргүүдийг таслан зогсоож чадахгүй байгааг хуулийн салбарынхан анхааруулж ирсэн.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн яамнаас уг хуулийг шинэчлэн найруулж, УИХ-аар өнгөрсөн жилийн сүүлчээр батлууллаа. Шинэчилсэн найруулгад хэд, хэлэн шинэл заалт оржээ.
ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААТАЙ БАЙСАН ХҮН БҮР ХУУЛИАР ХАМГААЛАГДАНА
Шинэчилсэн найруулгын гол зорилго бол гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлоход чиглэгдэж байгааг өөрчилж, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох болгон өргөжүүлсэн юм. Энэ хүрээнд гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнээс гадна хамтран амьдрагч, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, мөн гэрлэлтээ цуцлуулсан, өмнө нь хамтран амьдарч байсан болон хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүн бүр энэ хуулийн зохицуулалтад хамаарагдана. Ингэснээр хохирогчдын олонх нь хуулийн хамгаалалтын гадна үлдэхэд хүрч байсныг өөрчилж буй юм.
ЗАНАЛХИЙЛВЭЛ 7-30 ХОНОГ БАРИВЧИЛНА
Гэр бүлийн хүчирхийллийг өмнө нь иргэний маргаантай адилтгаж шийдвэрлэдэг, зөвхөн согтуугаар үйлдсэн тохиолдолд зөрчилд тооцдог байсан. Үүнээс болж олон эмэгтэй эрхээ хамгаалуулж чадалгүй, зарим нь амь насаа алдсан тохиолдол цөөнгүй гарч байв. Хуулийг шинэчилснээр гэр бүлийн хүчирхийллийг зөрчлийн бие даасан хэлбэр болгож хориглон хуульчлах, ноцтой хэлбэрийг гэмт хэрэгт тооцон, ял шийтгэх оноохоор болж байна. Хууль боловсруулагчид үүнийг хүчирхийлэл даамжирахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас гадна хариуцлагын оновчтой, шаталсан тогтолцоог бий болгоно гэж харж байгаа аж. Мөн гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцсоноор хохирогч нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтаар давхар эрхээ хамгаалах боломж бүрдэж буй юм. Тодруулбал, Захиргааны хариуцлагын тухай хуульд гэр бүлийн гишүүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, мөрдөж мөшгисөн, заналхийлсэн, бусадтай харилцахыг хязгаарласан, гутаан доромжилсон, хуваарьт болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдлийг зөрчилд тооцож 7-30 хоног баривчилж, албадан сургалтад хамруулна. Харин Эрүүгийн хуульд гэр бүлийн гишүүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол 1-3 сар хүртэлх хугацаагаар баривчлахаар томьёолжээ. Хохирогч хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол 3-6 сарын хугацаагаар баривчлах, эсвэл хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр нэмэлт оруулж байна.
ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ХЭВЛЭЛИЙНХЭН ОРОЛЦОНО
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын асуудлыг Гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохицуулах Зөвлөл хариуцахаар, хүчирхийллийн суурь шалтгааныг арилгах хариуцлагыг боловсрол, соёлын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн яамдын чиг үүрэг болгож, хэвлэл мэдээллийн байгууллагын хүлээх үүрэг, хариуцлагыг шинээр тусгасан байна.
Өмнөх хуулиар хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалалт тунхаглалын шинжтэй, хэрэгжүүлэх процесс тодорхойгүй хуульчлагдсан байсан бол энэ удаа хохирогчийг богино хугацаанд хамгаалалтаар хангах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарсан гэж байна. Тодруулбал, цагдаагийн байгууллага, сум, багийн Засаг даргын хүлээх үүргийг тодруулж, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор эрсдлийг үнэлэх яаралтай арга хэмжээ авах үүргийг хүлээж байна.
ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС ХАМГААЛСАН ТУСГАЙ БҮЛЭГ
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн гол бай болж буй нь статистик судалгаанаас харагддаг. Өөрийгөө хамгаалах чадваргүй нь тэдний хамгийн эрсдэлтэй тал. Өнгөрсөн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн олонх нь хүүхдүүд байв. Төрсөн аав, хойд ээжийнхээ гар дээр өсч байсан дөрвөн настай охин зодуурын улмаас хорвоог орхисон хэрэг гурван жилийн хугацаанд шүүгдсээр саяхан шийдэгдсэн. Эцгийнхээ, ээжийнхээ гарт одоо ч зодуур "амсан” бүлтэлзэж өдөр хоногийг өнгөрөөж байгаа хүүхдүүд бий. Тэгвэл тэдний эрхийг хамгаалах асуудлыг шинэ хуульд тусгайлсан бүлэг болгон онцгойлон авч үзжээ. Тодруулбал, "Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах” гэсэн тусгай бүлгийн зохицуулалтыг нэмж нас, сэтгэхүйн онцлог, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчдаас хамааралтай эмзэг байдлыг харгалзан гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зохицуулалтуудыг оруулжээ. Түүнчлэн энэ хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүд үүрэг хариуцлагаа хангалтгүй буюу огт биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчилэн найруулснаар Нийгмийн халамжийн тухай хуульд хохирогчид үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээний талаар, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд сургалтын агуулга, хөтөлбөрөөр дамжуулан харилцааны бусад хэлбэрээс хүчирхийллийг ялган таних, зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх ур чадвар олгох үүргийг боловсролын байгууллагад хүлээлгэж буй юм. Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохицуулах Зөвлөлийн чиг үүргийг тодруулж холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулж байна. Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг тодорхойлж, хүлээлгэх ял, албадлагын арга хэмжээг, Захиргааны хариуцлагын тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил, хүлээлгэх шийтгэлийг тусгасан нэмэлт, өөрчлөлт орох ажээ.