Сүүдрээ таслаж үхэл зуръя, газар өгөөч
Сүнсээ бүүвэйлж үүрд нойрсъё, авс өгөөч
Сүүлчийн шувууг ганцхан харъя, нулимс өгөөч
Сүүний дусал амсаж үзъе, ижий өгөөч.
Хээрийн цэцгийг барьж үзъе, гар өгөөч
Хэзээ ирснээ бодож үзъе, ухаан өгөөч
Хэнзхэн хайрыг амсаж үзъе, зүрх өгөөч
Хэдүүл нийлж гунигаа хуваая, дарс өгөөч.
Монголын хөрсийг босоо тулж хилийг чинь маналаа
Морьдын төвөргөөнд айн дагжиж босгыг чинь сахилаа
Мөнхийн шаналанд бахархал болж түүхийг чинь чимлээ
Мөр гаргалгүй орчлонд амьдарч нүглийг мартлаа.
Хэвтээ заяа босоо түүхийн гал дундуур
Хэлгүй гэрч, хээрийн сүг болж оршихдоо
Хөх эрсийн улаан цусийг биеэрээ долоож
Хөөрхөн охидын дусал нулимсаар ариусч ирлээ.
Альхан уулын ямархан хад тас огтлуулж
Алс бөглүү энэ л газарт ирээ юм бол
Хэн нь намайг түүхийн бичээс хар хайрцаг болгож
Хэлтгий заяатай ийм л дүрийг урлаа юм бол.
Өөрөө би цөхрөн бодоод хариу үл олно
Өнөөдөр намайг яах гэж зогсоог монгол ч үл мэднэ
Тэнгэрийн саран хааяа нэг үхлийг шивнэхэд
Тэнд эндэхийн олон булшинд үхтлээ атаарахна.
Шувуудын цуваа хэд ч ирээд хэд ч буцав
Шуурга салхи хэд ч дэгдээд хэд ч намжив
Бүүдгэр орчлонд мөнх байхын гаслан гунигаар
Бүхий л насаа гоёж үзлээ, яалтай ч билээ.
Энэхэн биед монголын гуниг бичээстэй байвч
Эмтэлж үзлээ ч би өөрөө ярьж чадахгүй нь
Хурмастын дусалд ямх ямхаар тарчлан элсээр
Хувь заяагаа оньсого болгож нууцлаг төгсөх нь.
Аяа миний мөнхийн эзэн монгол минь
Аль эртний хүн гүрэн цагаан шонхрын тэнгэр минь
Амгалан хийгээд гүн орших миний бие
Ахиад гэвч хэдэн зуунааар өнчин үлдэх юм.
Сүүний дусал амсаж үзъе, ижий өгөөч
Сүүлчийн шувууг ганцхан харъя, нулимс өгөөч
Сүнсээ бүүвэйлж үүрд нойрсъё, авс өгөөч
Сүүдрээ таслаж үхэл зуръя, газар өгөөч.
Ч.Чагнаадорж