|

Өршөөлийн хуульд хамрагдаж ял завшчихаад сэтгэл нь ханаагүй шүүгдэгчид байдаг л юм байна

saikhnaa 2017/02/06 951 0

 

Улсын хөрөнгийг баруун солгойгүй идэж, уучихаад өөрсдийгөө гэм буруугүйд тооцож шат шатны шүүхэд ханддаг хэсэг бүлэг этгээд байна. Тодруулбал, 2015 онд Нийслэлийн мал эмнэлгийн газрын хурган дарга нарын улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэг цагдаа, шүүхийн байгууллагаар шалгагдаж ял авч байсан юм. Уг хэрэгт буруутгагдсан Нийслэлийн мал эмнэлгийн газрын Санхүү аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.Оюун гэгч нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ажилтан Ө.Гандолгортой тус газрын урьдчилан сэргийлэх үйлчилгээний орлогоос 2011 оны зургаадугаар сараас тухайн оны арванхоёрдугаар сарын хооронд 12.050.253 төгрөг, 2012 оны нэг дүгээр сараас есдүгээр сарын хооронд 10.701.523 төгрөгийг завшиж нийтдээ 22.751.776 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байдаг юм.
Уг хэргийг 2015 онд цагдаагийн байгууллгаас шалгахад Д.Урансүрэн гэгч этгээд Ө.Гандолгороос нэг сая төгрөгийг Ч.Оюунаар дамжуулан хээл хахуульд авсан. Мөн иргэн П.Бямбасүрэнгээс 170.000 төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг хонины мах хээл хахуульд авсан. Ө.Гандолгор 22.751.776 төгрөгийг завшихад учрах саадыг арилгаж буюу хамжигчаар оролцсон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Ингээд тэдэнд холбогдох хэргийг шалгасны эцэст хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Ингээд дээрх нэр бүхий этгээдүүдэд Нийслэлийн прокурорын газраас дараах ялыг төлөвлөж шүүх рүү шилжүүлж байжээ.

"Даам гарсан” шүүгдэгчид

Тухайлбал, сэжигтэн Ч.Оюуныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-аар, Ө.Гандолгорыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Гэтэл Анхан шатны шүүхээс хэргийн мөрдөн байцаалтыг дутуу хийгдсэн хэмээн цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн ч прокурооос уг хэргийг дахин хянаж 2016 оны есдүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлж шүүх шийдвэрээ гэмт этгээдүүдэд дараах ялыг ногдуулах шийдвэрийг гаргаж байсан байна. Шүүхээс Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-д тус тус заасныг удирдлага болгон дараах ялыг ногдуулж байсан юм. Шүүгдэгч Д.Урансүрэнг давтан үйлдлээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ч.Оюуныг байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Ө.Гандолгорыг байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшихад учрах саадыг арилгаж буюу хамжигчаар оролцон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй гэсэн шийдвэр гарч байсан ч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д шүүгдэгч Ч.Оюун, Ө.Гандолгор нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д заасан гэмт хэрэг хамаарч байх тул тэдгээрийн тус бүрт ногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлжээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Урансүрэнд ногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй гэсэн шийдвэр гарч байв. Шүүх ийн шийдвэрээ гаргаж гэмт этгээдүүдийг өршөөлийн хуульд хамруулсаар байхад Ч.Оюун, Ө.Гандолгор нар өөрсдийгөө гэмт хэрэг хийгээгүй хэмээн үзэж Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд ханджээ. Угтаа бол тэд хэчнээн өршөөлийн хуульд хамрагдсан ч гэлээ тэд гэм буруутайд насаараа тооцогдох учраас ийн Давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргажээ.
Хэрвээ тэдэнд анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлээгүй бол өдийнд тэд шоронд ялаа эдэлж байх ёстой. Гэтэл төр өршөөл үзүүлсээр байхад ийн даварсан шийдвэр гаргаж Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандаж өөрсдийгөө гэмт хэрэг хийгээгүй мэтээр өргөдлөө бичиж өгчээ.
Ингээд тэдний хүсэлтийг шүүх хүлээн авч хэргийг нь Анхан шатны шүүх рүү буцаж улмаар тус шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад ийнхүү буцаах болжээ. Ийм л нэг хачирхалтай хэрэг 2015 оноос хойш одоог хүртэл шийдэгдэлгүй явсаар өнөөг хүрчихээд буй юм. Энэ мэтээр олны анхаарал татаж, улсын төсөв хийгээд төрийн өмчийн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан хэргүүд өршөөлийн хуульд хамрагдаж байгаа нь хачирхалтай.
Хамгийн гол нь энэ хэргийн талаар өмнө нь нэг ч удаа хэвлэлд гарч олон нийтийн анхаарлыг татаагүй учраас магадгүй Ч.Оюун, Ө.Гандолгор нар ийн айж ичихээ умартсан ч байж болно. Юутай ч татвар төлөгчдийн мөнгийг хулгайлж хумсалчихаад эрээ цээрээ алдаж өөрсдийгөө гэмт хэрэг хийгээгүй мэтээр аашилж буй Ч.Оюун, Ө.Гандолгор нар дараагийн удаа магагдгүй ял авахыг ч үгүйсгэхгүй юм.

Эх сурвалж:

Санал болгох

Сэтгэгдэл

top