МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирээд удаагүй байгаа ч, түүнийг дагасан шуугиантай мэдээлэл ихээр цацагдаж байна.
Тэр ч өөрөө нийгмийн идэвхтэй байгаагаа харуулан, өдөр бүр л хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэгдэх болов. Энэ нь түүний хувьд олон нийтэд өөрийгөө харуулж буй хэрэг. Сар шинийн баярын битүүний өдөр Бөхийн өргөөнд хэрхэн орж ирснийг нь харсан биз дээ. Үүний дараагаар хэвлэлээр өөрийг нь улс төрд ирэхийг хүссэн хүмүүс бий. Иймд туслах сайхан сэтгэл л надад бий хэмээн мэдэгдсэн. Гэвч "Н.Энхбаярыг АТГ-аас шалгаж эхэллээ” гэх мэдээллийн дараагаар тэрбээр "Намайг Солонгост байхад Монголд ирж болохгүй. Ирвэл баривчилна шүү гэдэг мессеж ирсэн ч би зөрүүдлээд л ирсэн” гэв.
Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нутагтаа ирсний дараа улс төрийн амьдралд олон үйл явдал болдог. Наад зах нь "түүнийг шалгаж эхэллээ” гэдэг. Тэр энэ удаа нутагтаа зүгээр ч нэг ирээгүй. Учир нь өмнө нь ирсэн үеэс нь улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, АН-ын дарга байсан Н.Алтанхуягтай ярьсан, тохиролцсон зүйлс үгүй болсон гэсэн үг юм. Иймд Н.Энхбаяр ирж, МАХН-ынхаа цаашдын улс төрийг хэрхэн авч явахыг шийднэ. Магадгүй унасандаа хорсож яваа УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай хамтралаа сэргээн ажиллаж ч мэднэ. Учир нь Н.Алтанхуягт хамтрагч хэрэгтэй. Гэхдээ тэр нь Н.Энхбаяр байх уу гэдэг нь сонирхолтой.
Түүний хувьд Н.Энхбаяртай Ардчилсан нам хамтарч ажиллана, сонгуулиар ч мөн хамтарна, нэг нэгийгээ харилцан дэмжинэ гэсэн нь гишүүдийнх нь дургүйцлийг хүргэсэн. Уг нь амжилттай болсон бол энэ хамтралын үр дүн гарах байлаа. Харамсалтай улс төрийн нөхцөл байдал өөрөөр эргэж, засаг огцорч, Н.Алтанхуяг өөрийн эрх мэдлээ алдсан. Иймээс л Н.Энхбаяр дахин эх орондоо ирж, улс төрийг өөрөөр "тоглох”-оор яриа хэлэлцээндээ орсон биз.
Улс төрд Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёр хамтралаа дахин сэргээж эхлэх нь гэх яриа сонсогдох болов. Мэдээж хоёр өөр намын улстөрчдийн нэгдэн нийлэх зорилго нь эрх мэдэлд хүрэх явдал. Тэр эрх мэдлээ хэрхэн хэвээр нь хадгалж үлдэх тухай л ярилцаж суугаа. "Төрийн жолоог их хүссэн хүнд бүү атгуул” гэдэг үг бий. Харамсалтай нь энэ цаг үед төрийн жолоог атгахыг хүсэгчид маш их болж. Улс орныг хөгжүүлэх, Монголын ард түмнийг сайн сайхан амьдруулах гэхээс илүүтэй эрх мэдлээ өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх тийм л "мөрөөдөл” тэдний дотор ноёлсоор байна. Хэрэв Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нар хамтарч, дараагийн улс төрийн тоглоомыг эхлүүлвэл энэ бүгд нь төр засгийг удирдаж буй одоогийн эрх мэдэлтнүүд хамааралтай байх нь дамжиггүй. Тэд дахин хамтрах уу. Энэ асуултын цаана ил хамтрахгүй ч, далд байдлаар тэд ярилцаж, тохиролцсон удаа бий. Магадгүй хөшигний цаана аль хэдийнэ хамтарсан байхыг ч үгүйсгэхгүй юм.
Ц.Гэрэл
zaluu.com