|

Яаж АНУ-д сурах вэ? гэсэн асуулт танд төрж байвал дараах зөвлөгөөг уншаарай

saikhnaa 2017/03/07 820 0

Яаж АНУ-д сурах вэ? гэсэн асуулт танд төрж байвал дараах зөвлөгөөг уншаарай

 

Миний бие бусад залуусын адил гадаадад суралцаж, мэргэжлээ дээшлүүлэн, олж мэдсэн бүхий л мэдлэг боловсрол, туршлагаа эх орондоо авчирвал Монгол улсынхаа хөгжилд өөрийн зүгээс арай илүүтэй нэмэр хандив болно гэсэн өөдрөг мөрөөдлөө тээгээд хэдэн жилийн өмнө Америк орныг гэр бүлийн хамтаар зорьж байсан. 

Мэдээж эх орон, аав ээж, найз нөхдөөсөө хол эхэндээ хэцүү байсан. Бүх юм өөр орчинд дасах гэж бас л хэдэн сарыг үдсээн. Хэдий Монголд байхдаа англи хэлээр ойлголцдог байсан ч АНУ-д очоод эхэндээ "чихний бөглөө" маань гарахгүй, ойлголцохгүй, яг л хэлгүй хүн шиг байдаг байлаа. Гэхдээ шантраагүй ээ, ирсэн зорилго маань тодорхой болохоор хичээсээр л. Америкийн сургуулиудад Монгол оюутнуудыг хэл сурахдаа авъяастай гэж магтана. Тэрэнд нь урамшиж, хичээсээр байтал нэг их удалгүй "чихний бөглөө" маань гараад, үндсэн мэргэжлийн хичээлүүдээ ойлгодог болоод, тэр ч бүү хэл мэргэжлийнхээ дагуу өөрийн улс орны нөхцөл байдалд дүн шинжилгээ, судалгаа хийж, семинарт ч идэвхитэй оролцдог болж билээ. Хичээл зүтгэл, найз нөхөд, гэр бүлийн маань дэмжлэг тусламжийн хүчинд сургуулиа амжилттай төгссөн. Хүүхдүүд маань ч цэцэрлэг, сургуульд явж унаган англи хэлтэй болсон. Эхнэр бүтэн өдрөөр зоогийн газарт ажиллаж, би хичээлийн бус цагаар тавилгын дэлгүүрт цагаар ажил хийн амьдралаа хөөрхөн болгоод байдаг байсан. Төгсөөд эх орондоо ирж, иргэн хүний хувиар өөрийн хувь нэмрээ оруулна гэж төлөвлөсөн ёсоороо эх орондоо эргэж ирсээн. Зорилгодоо хүрэхийн төлөө шантралгүй хичээдэг, хөдөлмөрлөж чаддаг хүмүүст бол Америк орон бол бүхий л нөхцөл бололцоогоор хангаж өгдөг, нээрээ л МӨРӨӨДЛИЙН орон юм. 
Намайг эх орондоо ирсний дараа олон хүмүүс, ялангуяа залуучууд, өсвөр насныхан "яаж АНУ-д сурах вэ?" гэж асуудаг байсан. Ийм асуулт одоо танд ч төрж байж болох юм. Мэдээж одоо мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа болохоор гадаадад суралцахтай холбоотой маш олон мэдээллүүд байгаа л даа. Гэхдээ ихэнх нь хэрхэн зорилгоо тодорхойлох, АНУ-ын сургуулиудын тухай, гадаадад суралцахын ач холбогдол гэх мэтийн маш ерөнхий мэдээллүүд байдаг ба уншигчдыг хаанаас юунаас эхлэх, шат дараалан юуг анхаарах зэрэг мэдээллүүд дутмаг байдгаас хаанаас эхлэхээ мэдэхгүй шантарч замаасаа буцдаг хүмүүс олон юм шиг санагддаг. Тиймээс би өөрийн үзэж туулснаасаа үндэслээд аль болох нарийн дэлгэрэнгүйгээр арга замыг тайлбарлаж өгөхийг хүсч байна. 
 Үүнд хамгийн түрүүнд та өөрийнхөө зорилгыг тодорхойлох хэрэгтэй. Иймд өөрөөсөө доорх асуултуудыг асуугаад үзээрэй:
• Та өөрөө ирээдүйд ямар хүн болохыг хүсч байна?
• Ирээдүйн "тэр хүн"-д хүрэхийн тулд АНУ-д яг ямар чиглэлээр сурах хүсэлтэй байна?
• Таны сонирхсон чиглэлээр аль мужийн, аль сургууль хамгийн тохиромжтой байна?
• Таны сургалтын төлбөрийг хэн төлөх вэ?
• Та хүний нутагт очоод сэтгэлийн тэнхээтэйгээр бүхнийг туулж зорьсондоо хүрэхэд бие сэтгэл тань бэлэн байна уу?
• Та АНУ-д хэр удаан сурахаар төлөвлөж байна?
• Сургуулиа төгсөөд ямар төлөвлөгөөтэй байна? гэх мэт. 
Энэ бүгдийг бодсоны эцэст та өөрийн зүгээс судалгаагаа эхлэх байх гэж найдаж байна. 
Юуны түрүүнд сургуулиа сонгох хэрэгтэй. Сонгосон сургуулийнхаа вебсайтаар, эсвэл Монголд албан ёсны төлөөлөгч байдаг бол тэднээр дамжуулан бодит мэдээлэл авах хэрэгтэй. Бодит гэж тодотгосны учир нь манайхан ам дамжсан, баримт нотолгоогүй явган ярианд амархан итгэдэг, ингэснээр эдийн засгийн болон цаг хугацааны хохирол амсдаг тохиолдол зөндөө байдаг. Иймээс мэдээллийг өөрөө бие даан эрэлхийлэх, эсвэл төлөөлөгчдөөс нь авах нь хамгийн бодит байдаг. Нэгэнт сургуультайгаа холбогдсон бол элсэн ороход шаардлагатай бичиг баримтуудыг илгээнэ. Ихэвчлэн сургуулийн бүртгэлийн анкет буюу application form, банкны баталгаа, гадаад паспортын хуулбар, англи хэлний мэдлэгээ баталгаажуулсан баримт бичиг, бүртгэлийн хураамж болох 100-200 ам.доллар (сургууль болгоны бүртгэлийн хураамж харилцан адилгүй тул ойролцоогоор оруулав.), АНУ-ын Цагаачлалын албанд гадаад оюутнуудын төлдөг 200 ам.доллар зэргийг эхний ээлжинд илгээнэ. Шаардлагатай бол essay буюу зохион бичлэг бичиж анкетын хамт илгээнэ. Энэхүү зохион бичлэг нь ихэвчлэн нээлттэй сэдэвтэй байдаг ба та өөрийнхөө хүсэл эрмэлэзэл, яагаад энэ сургуульд, энэ мэргэжлээр сурах гээд байгаа, төгсөөд ямар төлөвлөгөөтэй байгаа зэргээ дэлгэрэнгүй бичдэг. 
Сургууль таны илгээсэн бичиг баримтыг хүлээн авсны дараагаар бидний хэлж заншсанаар урилга буюу I-20 form-ыг бөглөж баталгаажуулан илгээнэ. Мөн сургуулийнхаа танилцуулга, урьсан захидал зэргийн хамт илгээнэ. Эдгээр мэдээллээ аваад Улаанбаатар хотод байх АНУ-ын ЭСЯ-ны Консулын албанаас виз мэдүүлдэг. Дашрамд дурдахад гадуур АНУ-ын виз найдвартай гаргана гэсэн зарууд явж байхыг хэд хэдэн удаа харж байсан юм байна. Энэ бол та бүхнийг төөрөгдүүлэн, их хэмжээний мөнгө авдаг хэсэг хүмүүсийн бизнес гэдгийг сануулах хэрэгтэй болов уу. Учир нь АНУ-ын визийг танил тал, ар өврийн хаалгаар олгодоггүй бөгөөд хэн ч визэнд баталгаа өгч чадахгүй. Та бүх шаардлагатай бичиг баримтуудаа аваад, өөрийн биеэр виз мэдүүлэх ярилцлаганд орох ба тэрхүү ярилцлагын үеэр Консулын ажилтан танд виз олгох эсэхээ шийддэг. Тиймээс виз найдвартай гаргана гэсэн үгэнд хууртаж, эдийн засгийн хохирол битгий амсаасай гэсэндээ зориуд дурдаж байна. 
За визээ авсны дараагаар АНУ-г зорино доо. Нисэхээсээ өмнө очоод хэн тосох, хаана байрлах зэргээ бүгдийг нь баталгаажуулсан байх хэрэгтэй. Хэрэв танд таньдаг хүн байхгүй бол санаа зоволтгүй. Ихэнх сургуулиудад нисэх буудлаас оюутнаа тосох үйлчилгээ, мөн байранд байрлуулах үйлчилгээнүүд байдаг. Та тэр үйлчилгээнүүдээс захиалаад, төлбөрийг нь хийгээд л болно. 
Очсон даруйдаа сургуульдаа өөрийн биеэр очиж бүртгүүлнэ, хичээлийнхээ хуваарийг сонгоно гэх мэт бүх бэлтгэлээ хийгээд хичээлдээ явж эхэлнэ. Нэгэнт хичээл нь эхэлчихвэл олон орны залуустай найзлаж нөхөрлөх, бие биенээсээ суралцах, хамтдаа хичээл номоо хийх, өөр өөрсдийн орны соёл зан заншлаас суралцах гээд цаг хугацаа нисэн одно. Америкийн сургуулиудад 10% нь хичээлийн танхимд, 90% нь оюутны хичээл зүтгэлээр мэдлэгээ олж авна гэсэн дүрэм үйлчилдэг. Манай Монгол оюутнууд ихэвчлэн багаасаа шахаж шаардуулж хичээл хийгээд сурчихсан, гэтэл тэнд очихоор хичээл хийхийг хэн ч шаардахгүй, гэрийн даалгавар гэж бараг өгөхгүй, өгсөн ч буцаагаад шалгадаггүй, хичээлийн эхэнд тийм тийм номны тийм тийм хуудаснуудыг уншиж судлана гэдгээ бичгээр өгчихдөг. Тиймээс эхэндээ хэцүү байдаг, дасаад ирэхээрээ биеэ даагаад суралцах хандлага аяндаа тогтчихдог. Манай Монгол оюутнуудын нэг магтууштай чанар нь аливаа шинэ зүйлийг амархан сурдаг, сэргэлэн, нэг үгээр хэлбэл их сийрэг толгойтой. Энэ утгаараа хаа байгаа газраа амархан байр сууриа олж, нөхцөл байдлаа дээшлүүлээд байдаг. Ингээд хүссэн боловсролын түвшиндээ хүрээд цаашид АНУ-д үлдэж үргэлжлүүлэн сурах уу, эсвэл нутагтаа эргэн ирж, сурсан мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлж, эх орныхоо хөгжил дэвшилд гар бие оролцон хувь нэмрээ оруулах эсэх нь таны сонголтонд үлдэнэ дээ. 
Залуучууд, дүү нартаа эцэст нь хэлэхэд, залуу хүн зорилготой амьдарч, түүндээ хүрэхийг хичээж, чармайж, тэмүүлж амьдрах нь чухал гэдгийн онцолж хэлэхийг хүсч байна. Мөн гадаад оронд очиж, боловсорч, нүд тайлж шинэ зүйлсийг сурч мэдэж, эх орондоо тэрхүү соёлт нийгмийн авууштай санаануудыг авчрах сэтгэлтэй, зүтгэлтэй байхыг хүсэн ерөөе.
https://www.facebook.com/nanzadnaranbaatar/posts/1278789675545748 

Яаж АНУ-д сурах вэ? гэсэн асуулт танд төрж байвал дараах зөвлөгөөг уншаарай

 


Санал болгох

Сэтгэгдэл

top