Дэлхийн томоохон орнуудын гадаад өрийн хэмжээ нэмэгдэж, ДНБ-ээсээ хэдэн зуу дахин даваад байгаа. Хамгийн том жишээ бол Япон. Мөн Европын орнуудад ч өрийн дарамт хэдийнэ үүсчихээд байна. Тэр болгоныг жишээгээр дурьдвал цаг, цаас хүрэлцэхгүй. Харин нэг зүйл тодорхой байгаа нь Монгол Улсын гадаад өр ч гэсэн хасагдахгүй нэмэгдсээр л байна. Монголбанкнаас гаргасан мэдээллээр бол Монгол Улсын гадаад өр аль хэдийнэ 23.7 тэрбум ам.доллар болчихоод байгаа аж. Түүнээс Засгийн газрын өр 4.76, төв банкных 1.73 тэрбум ам.доллар байгаа юм.
Харин
компани хоорондын зээллэг 6.81, бусад салбарынх 8.12 тэрбум ам.доллар
байна. Энд нэг сайн мэдээ байгаа нь, Засгийн газрын өр харьцангуй бага
гэсэн үг. Манай төрийн томчууд Японы жишээг татаад, манайх хажууд нь юу ч
биш гэх мэтээр яриад байдаг. Гэхдээ Засгийн газрын болоод төв банкны өр
нийлээд 6.4 тэрбум ам.долларт хүрчихээд байна.
Энэ
жил Засгийн газар Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг төлөх
байсан. Мөн төв банк 1.73 тэрбум ам.долларын өр төлөхөөр байлаа. Сайн
мэдээ гэвэл хоёулангийнх нь хугацааг сунгалаа. Хятадын Ардын банктай
байгуулсан своп хэлэлцээрийг 2020 он хүртэл сунгав. Тэгэхээр ойрын хэдэн
жилдээ төв банкны гадаад өр яригдахгүй нь. Мөн Хөгжлийн банкны 580 сая
ам.долларын өрийг өөр бондоор сольчихоод байна. Улмаар "Хуралдай” гэдэг
бонд болгоод, хугацааг нь уртасгаж, хүүг нь багасгасан. Ойрын долоон
жилдээ асуудалгүй болсон.
Гэвч
бид тайвширч болохгүй. Өр дарагдаагүй, ердөө л хугацаа нь уртассан.
Авах эерэг тал нь гэвэл хүү буурах шив. 2020, түүнээс цааш 2-3 жилийн
хугацаанд дахиад л энэ өрүүд нэхэгдэнэ. Тэр ч яах вэ, тухайн үедээ
болдог юм гээд орхиё. Тэгвэл МАН-ын Засгийн газар ойрын хэдэн жилийн
дотор 5.5 тэрбум ам.долларыг гадаадаас зээлэхээр ярьж буй. Ер нь бол
Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байж л эдийн засгаа сэргээж,
сэхэл авна гэдгийг эдийн засагчид хэлсээр байна. Сангийн сайд, Засгийн
газар ч ийм байр суурьтай байна. Одоо УИХ-ын чуулганаар хэлэлцээд батлах
л үлдлээ. Угаасаа батлагдах нь тодорхой. Цаг хугацааны асуудал. Дараа
нь өнөө яриад байгаа зээлүүдээ авна. Ингээд л Монгол Улсын Засгийн
газрын гадаад өр 10 тэрбумыг даваад явчих гээд байна. Төв банкныхтайгаа
нийлүүлбэл шүү дээ. Харин хувийн хэвшлийнхтэйгээ нийлүүлбэл 30 тэрбум
ам.доллар руу дөхнө гэсэн үг.
Монгол
Улсын 10-аад жилийн төсөвтэй тэнцэхээр гэж ч ойлгож болно. Бид энэ
байдлаараа өрийг өрөөр дараад, өөр шинэ зээл аваад яваад байвал дарамтад
орох нь ойлгомжтой. Ядаж байхад гаднаас авсан их мөнгийг бид зөв зүйлд,
менежменттэй зарцуулж чадаж байгаа бил үү. Энэ асуултад ихэнх нь үгүй
гэж хариулах байх. Ерөөсөө дэлхий нийтийн өр түүхэнд байгаагүй дээд
хэмжээндээ хүрч, тэр хэрээр төсвийн бодлого хумигдаж, бодлогын орон
зайгүй болж байна. Мөн өрийн менежмент, зарцуулалт ч асуудал дагуулсаар
байгаа. Үүнийг манай улс ч бас тойрч чадалгүй, дайрч байна. Гэхдээ
манай төрийн удирдлагууд жаахан менежменттэй байсан бол тойрч болох л
байсан байх. Хоёрхон бондоор жишээ аваад үзье.
...Ер нь бол Орос 1.5, Хятад нэг тэрбум ам.доллар зээлэх боломж байгаа. Гадаад харилцааны сайд энэ талаар мэдээлсэн. Айлчлал хийхдээ ярилцаад, тохиролцоод ирсэн. Нэг гялтайх зүйл байгаа нь Орос ч тэр, Хятад ч гэсэн тодорхой салбарт хөрөнгө оруулах байдлаар мөнгө зээлнэ гэж хэлсэн байсан. Тийм болохоор хэрэгтэй, хэрэггүй төсөлд зээл өгөөд, эрх баригчид өөрсдөө хувааж аваад, дараа нь төлж чадахгүй нэрийдлээр улсын нуруун дээр ачаа үүрүүлдэг асуудал нэг их гарахгүй болов уу гэж найдаж байна...
Одоо
"хэрүүлийн алим” болоод байгаа Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг 15
салбарт зарцуулсан байгаа юм. Хамгийн их мөнгийг авто зам болоод
"Эрдэнэс тавантолгой”-д зарцуулжээ. Мөн зургаан хувийн орон сууцны
зээлийн санхүүжилт, цахилгаан станцуудын өргөтгөл, Хөтөлийн цементийн
үйлдвэр гэх мэт төсөлд тодорхой мөнгө өгч. Бусдыг нь дэд бүтэц бий
болгох болоод бусад жижиг төсөлд цацаад л дуусчээ. Чингис бондын 1.5
тэрбум ам.долларын зарцуулалт ч гэсэн үнэхээр зарцуулалт муутай. Нийт
мөнгөний 27.7 хувийг авто зам барихад зарцуулж. Мөн төмөр зам барихад
20.7 хувийг нь үрчихсэн.
За
тэгээд бусдыг нь баахан төсөлд зарцуулсан гэдэг. "Гудамж” төсөлд гэхэд л
5.2 хувийг нь буюу 78 сая ам.доллар цацаад хаячихсан. Дэд бүтцэд 12.8,
Төрийн орон сууцны корпорацийн төсөлд 6.3, экспортыг дэмжихэд 7.7, ХАА,
хөнгөн үйлдвэрийн салбарт 13.3 хувийг нь зарцуулжээ. Евро, Чингис бондын
нийтдээ хоёр тэрбум ам.долларын ихэнх мөнгөөр нь зам бариад, элдэв
жижиг сажиг төсөлд зарцуулаад л дууссан.
Одоо
бидэнд энэ их өрнөөс ямар бүтээн байгуулалт, үйлдвэр үлдэв. Гэхдээ
яахав ээ, хэдэн зуун км зам, цементийн үйлдвэрүүд, "Буянт-Ухаа” нэртэй
орон сууцны хороолол л байна. Муу нь улсад татвар төлөх үйлдвэр
үлдээгүй. Эдийн засаг улам л дордож, бүр Монгол Улс дампуурлаа зарлах
дээрээ хүртэл туллаа. Хэрвээ Засгийн газар өнөөг хүртэл тавьсан 4.76
тэрбум ам.доллараа ашигтай зүйлд зарцуулсан бол ийм байдалд хүрэх байсан
уу. Тэр ч зээлсэн, энэ ч авсан, одоо өгч чадахгүй нь гэж хэрэлдээд суух
байсан бил үү, үгүй шүү дээ. Тиймээс л одоо тавих өрөө зөв зүйлд
зарцуулмаар байна. Ер нь бол Орос 1.5, Хятад нэг тэрбум ам.доллар
зээлэх боломж байгаа. Гадаад харилцааны сайд энэ талаар мэдээлсэн.
Айлчлал
хийхдээ ярилцаад, тохиролцоод ирсэн. Нэг гялтайх зүйл байгаа нь Орос ч
тэр, Хятад ч гэсэн тодорхой салбарт хөрөнгө оруулах байдлаар мөнгө
зээлнэ гэж хэлсэн байсан. Тийм болохоор хэрэгтэй, хэрэггүй төсөлд зээл
өгөөд, эрх баригчид өөрсдөө хувааж аваад, дараа нь төлж чадахгүй
нэрийдлээр улсын нуруун дээр ачаа үүрүүлдэг асуудал нэг их гарахгүй
болов уу гэж найдаж байна. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрээс
авахуулаад хэрэгтэй бүтээн байгуулалтын сураг дуулдана. Одоо ганцхан
төрийн аппарат өөрсдийнхөө тансаг хэрэглээг жаахан танаад, авах өр
зээлээ зөв зүйлд зарцуулаад өгвөл хэдэн жилийн дараа бид энэ ч бондын
төлбөр яаж өгөх билээ гэж үгээ хэлж, үсээ зулгаахгүй, амар суух байх.
Тэгэхгүй
зүгээр л цацаад, сонгуулийн өмнө өөрсөддөө зориулчихвал 2020 оны
дундуур Монгол Улс гэж байх үгүй дээрээ тулах байх шүү. Муу ёрлож байгаа
ч юм биш. 580 сая ам.долларын өр төлөх гэж дампуурал зарлах дээрээ тулж
байгаа юм чинь түүнээс их өр төлөхөөр бол хэцүүднэ биз дээ. Төр их
хэмжээний өртэй удаан байж болохгүй. Төлөх чадвараасаа давсан өр нь
эдийн засгийг аливаа шокоос хамгаалах дархлаагүй болгодог хэмээн нэг том
эдийн засагч хэлсэн байдаг. Одоо нэмэх өрөө дарж чадахгүй дээрээ тулбал
ийм л болно.
Монголын мэдээ
Н.Пунцагболд