|

Дүрэмт хувцастай согтуу дарга муухай харагддаг

saikhnaa 2017/03/17 693 0

Дүрэмт хувцастай согтуу дарга муухай харагддаг

 

Өнөөдөр баасан гараг бүр тодруулж хэлбэл, 2017 оны гуравдугаар сарын 17. Эл өдөр цэцэрлэгийн ахлах ангийн бяцхан охиноос өгсүүлээд  ерөнхий боловсрол, их дээд сургуулиуд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын охид,  бүсгүйчүүд эрчүүдээ баярлуулах гэж өглөөнөөс орой  болтол бэлэг сэлт, хоол унд болж гүйлдэцгээх байх даа. Хэдхэн хоногийн өмнө Олон улсын  эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, эрэгтэйчүүд минь чадлынхаа хэрээр биднийгээ баярлуулсан юм чинь хариу барилгүй өнгөрч яаж болох билээ.  Бэл чадал сайтай яам, тамгын газар, татварын байгууллагууд тасархай, тансаг тэмдэглэсэн гэсэн.

 

Дуурийн театрын хөгжимчдийг яамныхаа үүдэнд урьж авчраад  дэлхийн сонгодог хөгжмийн аяз дор сарнай бэлэглэсэн чухамхүү улаан хивсний ёслолоос дутахааргүй арга хэмжээ болсон гэж дуулдсан.  Түүнийг  нь давж гарах гэж бүсгүйчүүд нь  хэрэндээ сандарцгааж  байгаа биз. Энэ ч яахав, халаасандаа мөнгөтэй хүмүүсийн асуудал.  Харин мөнгөгүй нь яах юм бол. Ээмэг, бөгжөө барьцаанд тавьж байгаад ч болов бэлэг авч өгөөд орой нь караокейд оруулж таарна. 

 

Маргааш өглөө хэт баярласан эрчүүдийн маань  хэд нь эрүүлжүүлэхэд хонож,  хэд нь орон гэртээ агсам тавьж, эхнэр хүүхэддээ эр бяраа гаргаж хоносон байх бол доо.  Өнгөрсөн оны   цэргийн баяраар   зөвхөн нийслэлийн хэмжээнд 170  өрхийн тэргүүн, 96 идэр насны залуучууд эрүүлжүүлэхэд хоносон гэсэн статистик мэдээлэл өмнө минь байна.  гэмтэл согог судлалын үндэсний төвд согтуугаар тээврийн хэрэгслийн урдуур гарч осолд орж, эрүүл мэндээрээ хохирсон  зургаа, амь насаа алдсан хоёр иргэний тухай мэдээлэл ч хуучраагүй байна. Цаг нь ирж яваа юм  болохоор, хөлдөж амь насаа алдсан гэж дуулдаагүй.

 

Энэ бол нийслэлийн  нэгхэн  шөнийн мэдээлэл.  Гэтэл жинхэнэ баяр ирэх бямба гаригт тохионо. "Битүүн” нь баасанд гэхээр  монголчууд хоёр өдөр баярлана гэсэн үг. ахиж, мөрдөсөө мялаасан нь хэд байгаа юм. Тэдний баярыг хуваалцсан, цолыг нь угаах арга хэмжээнүүд энд тэнд болж л таарна. Тэр хэрээр өрхийн эдийн засагт нөлөөлж л таарах байх. Чухамдаа  эр сүвтэн бүхний баярлах өдөр мөн бил үү, ингэхэд. БНСУ шиг бүх эрчүүд нь цэргийн алба хааж, эх орноо хамгаалах тангараг өргөдөг бол  бол өөр хэрэг. Гэтэл манай улсад асуудал тэс ондоо.

 

Ядарсан айлын ажилгүй хүү, эсвэл   алсдаа төрд алба хаших сонирхол бүхий цөөн тооны эрчүүд л хугацаат цэргийн алба хаахаар мордоцгоодог. Тэд харин энэ өдөр цэргийнхаа хуаранд дайчин нөхдийнхөө хамт  баярлаж болно. Бас дарга, офицерүүд нь. Бусдын тухайд илүү зан байлтай. Чухам  энэ өдөр   Монгол Улсад орчин цагийн  Зэвсэгт  хүчин үүсэн байгуулагдсан тухай түүхийн  хуудаснаа шарлан үлджээ.

 

Тиймээс  жагсаалын бор цэргээс  хурандаа, генералууд л жинхэнэ утгаараа баярлах учиртай бус уу.  Мөн эл өдрийг  Зэвсэгт хүчнийхэн ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэн хүндэт харуулаа жагсаахын зэрэгцээ анги нэгтгэлүүд тухайн орон нутгийн иргэдэд   зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилахад зориулж яагаад болохгүй гэж. Түүнээс бидний баяр гээд л олдсон бүхнийг нь ходоод руугаа явуулах аваас эрүүл мэндээрээ л хохирно уу гэхээс өөрөөр хожих зүйл үгүй.

 

Тэгээд ч "Нэг үхрийн эвэр доргиоход мянган үхрийн эвэр доргидог” гэдгээр дүрэмт хувцастайгаа архи уусан цэргийн албан хаагч гудамж талбайн хаа нэгтээ сажилж яваа харахад ой гутах нь бий.  Нийгэм ч таагүй ханддаг.   Ийм л байна эрчүүд минь. Миний баярлах өдөр мөн бил үү гэдгийг дор бүрнээ тунгаан үзэхэд гэмгүй болов уу. Хэрэвзээ та эх орныхоо торгон хилийг дор хаяж нэг жил манасан бол баярлаж, энэ баярын өдрийг дайчин нөхдөө дурссан шигээ тэмдэглэх эрх нь танд нээлттэй байх болно.

 

Эх сурвалж: Монголын мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл

top