|

Ё.Лхагвасүрэн: Үндэслэлгүй мэдээллийг түгээвэл гэмт хэргийн хамтрагчаар тооцогдоно

tonshuul 2017/04/03 968 0
 
 Ё.Лхагвасүрэн: Үндэслэлгүй мэдээллийг түгээвэл гэмт хэргийн хамтрагчаар тооцогдоно

Тайланд улсын Засгийн газраас интернет дэх худал, үндэслэлгүй мэдээллийг багасгахын тулд "Шейр хийхээсээ өмнө бод, шалга” хэмээх аяныг эхлүүлж улс даяар цахим гэмт хэргийн нэг төрөлтэй тэмцэж байна. Зөвхөн Тайланд ч бус дэлхийн бүхий л улс орон цахим гэмт хэрэгтэй тэмцэж байна. Монгол Улсад шинэ төрлийн гэгдэх энэ хэргийн нэр, төрөл өдөр ирэх тусам өсөж, тэр хэрээр хохирлын хэмжээ ч нэмэгдэж байна. Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Монгол Улсад цахим гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цахим мэдээлэл гэдэг зүйлийг авч үзэхийн тулд цахим орчинд хүмүүс хэр хэмжээгээр хандаж байгаагаас эхэлбэл зөв байх. Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан сүүлийн судалгаагаар зөвхөн 3G буюу утаснаас интернетэд ордог хэрэглэгч 800 мянга орчим, суурин интернет хэрэглэгч нэг сая орчим байгааг тогтоосон.

Хүн амын гуравны хоёр хувь нь ямар нэгэн хэм, хэмжээгээр өдөр тутам интернет орчинд мэдээ мэдээлэл авч байна гэсэн үг. Энэ бол хэрэглээний хувьд өндөр тоо. Тиймээс иргэд цахим орчинд гэмт хэрэг зөрчилд өртөхгүй байх тал дээр зайлшгүй анхаарах шаардлагатай.

-Цахим гэмт хэрэг гэсэн нэрийн дор гэмт этгээдүүд янз бүрийн аргаар хэрэг үйлдэж байна. Түүнээс гадна цахим орчинд санамсаргүйгээр гэмт хэрэг үйлдсэн, эсвэл хохирогч болсон тохиолдол байх юм?

-Хамгийн түрүүнд интернет орчинд хүний эрхийг хүндлэх хэрэгтэй. Хүний эрх гэдгийг бодит зүйлээр ойлгоод байна. Заавал бие, биетэйгээ тулж уулзаж хэл амаар доромжлох эд хөрөнгөд нь халдсанаар эрхэнд нь халдаж байна гэж ойлгодог бол интернет орчинд бусдыг үндэслэлгүйгээр гутаан доромжлох, гүтгэх явдал нэлээд гарч байна.

Хэрэв та хүний эрхэнд халдвал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110, 111 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг хүлээнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямар нэгэн мэдээ мэдээллийг постлох гэж байгаа бол энэ нь таны нэр хүндтэй холбоотой асуудал учир тухайн байгууллага, хувь хүнээс лавлаж үнэн худлыг мэдэж цааш түгээх ёстой.

Үндэслэлгүй мэдээллийг түгээх нь гэмт хэргийн хамтран оролцогчоор тооцогдоно. Үндэслэлгүй мэдээлэл тарааснаас хойш нийгэмд дуулиан болсон асуудал гарсан. "Шил архиар хүүхдээ зарна” гэсэн мэдээлэл нийгмийг айдаст автуулсан. Гэтэл хуурамч мэдээлэл болох нь тогтоогдон одоо шалгагдаж байгаа. Мэдээлэл тавьсан иргэн өөрөө хариуцлага хүлээх хэмжээнд хүрээд байгаа.

-Бусдын цахим хаягийн нууц дугаараар эзнийг нь янз бүрээр дарамтлах хэрэг бас байна уу?

-Нэгэнт интернетийн хөгжил явж байгаа учраас саар тал ч байна. Иргэдийн итгэмтгий, хайхрамжгүй байдлаас үүдэж гэмт хэрэг үргэлжлэх хандлагатай болоод байна. Тухайлбал, оны өмнө болон саяхан интернет орчинд бусдын фэйсбүүк хаягийн нууц үгийг нь хакердаж эзнийх нэрийн өмнөөс бусад руу мөнгө зээлэх хүсэлт тавиад өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлж бага бус хэмжээний хохирол учруулсныг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан илрүүлээд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Хальт таньдаг, зүс царайг нь үзээгүй хараагүй гэхдээ фейсбүүкээр дотно болсон хүмүүст мөнгө төгрөгийн асуудал дээр болгоомжтой хандах зайлшгүй шаардлагатай. Бага насны хүүхдүүдийн фэйсбүүк хэрэглээ өндөр байна. Үүнд эцэг эхчүүд анхаарал тавих шаардлагатай байна. Интернет орчинд төдийлөн сайн мэдлэггүй хүүхэд ямар мэдээлэл түгээж, авч байгаа нь эрсдэлтэй.

-Иргэдээс гадна аж ахуйн нэгж байгууллагын цахим шууданг хакердаж хохирол учруулах тохиолдол нэмэгдсээр байгаа гэсэн. Үүний шалтгаан юу байна вэ?

-Гэмт хэрэгтнүүд аж ахуйн нэгжийн байнгын харьцдаг сайтыг олж аваад яг байнгын харьцдаг сайтыг ижилхнээр дуурайлгаж хийгээд байгууллагын цахим шууданд санал ирүүлдэг. "Өнөөдрөөс эхлээд энэ линкээр орж мэдээллээ аваад манай байгууллагатай харьцаарай.

Өмнө нь та бүхэнтэй ажиллаж байсан хүн ийм шалтгаанаар ажлаа өөрчлөх болсон учраас өнөөдрөөс эхлээд тантай өөр хүн харьцах болсон” гэх маягаар санал ирдэг. Байгууллагын хайхрамжгүй байдлыг далимдуулаад нөгөө мэйл хаягаар харьцаж байгаад их хэмжээний бараа захиалах болоход өөр данс явуулаад мөнгийг нь авч залилдаг арга юм.

Хэрэв гэнэт таны харьцдаг менежер, дансны дугаар хоёр гэнэт өөрчлөгдсөн тохиолдолд интернет худалдааг түр зогсоож болж өгвөл биечлэн очиж дахин гэрээ хийх, эсвэл утсаар өмнөх холбогдож баталгаажуулсны дараа худалдаагаа хийх хэрэгтэй. Энэ бол олон улсын төвшинд болж байгаа гэмт хэрэг.

-Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд цагдаагийн байгууллага хэрхэн ажиллаж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас шинэ төрлийн гэмт хэргүүд гэж нэрлэгдэж байгаа цахим орчинд үйлдэгдэн гардаг гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр нэлээдгүй арга хэмжээ авч ажиллаж байна. Эрүүгийн цагдаагийн газарт Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс гэж байгаа. Энэ хэлтэс дээр цахим орчинд үйлдэгдэн гарсан гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагаа хийгдэж байгаа.

Интернет орчинд аюулгүй байх, аюулгүй мэдээ мэдээлэл солилцох, ямар нэгэн хүнтэй харьцахдаа юуг анхаарах вэ гэдэг тал дээр гудамжны лед дэлгэцэн дээр болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнц сурталчилгааны богино хэмжээний кино хэвлэмэл материалуудыг тарааж байна. Иргэд хамгийн түрүүнд интернет соёлд суралцах хэрэгтэй байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top