|

С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлэхийн тулд хэрхэн яргалал явуулсан бэ?

munkhbat 2017/04/04 1068 0

С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлэхийн тулд хэрхэн яргалал явуулсан бэ?

 

Ардчиллын алтан хараацай, төрийн түшээ С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн алуурчид 18 жилийн дараа илэрсэн нь өнгөрсөн оны хамгийн том дуулиан байлаа. Олон жил хууль, хүчний байгууллагын хэдэн арван ажилтнуудын авъяас чадварыг сорьсон уг хэргийн үйлдэгчид нь жирийн нэгэн хүмүүс байсан нь олон нийтийг талцахад хүргээд байгаа.

 

Гэтэл хариуцлагатай хүний хэлснээр, хэргийг үйлдсэн гэх Ц.Амгаланбаатар, Ч.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь нэмж дахин дөрвөн хүний амь насыг бүрэлгэсэн цуврал алуурчид, ноцтой гэмт хэрэгтнүүд болж хувирав. Харин энэ хэргийг дарамталж хүлээлгэсэн хэмээн Ч.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн олон нийтэд хандан мэдээлж, давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүслээ.

 

Ц.Амгаланбаатарын эгч Ц.Гансүрэн ярихдаа "Амгаланбаатар 1998 онд Улаанбаатар хот руу орж үзээгүй хүүхэд байсан. Амгаланбаатар хэрэг үйлдээд 25 жилийн ял аваад Чойрын чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа. Одоо ялынхаа 10 жилийг авчихсан, 15 жил үлдээд байна. Энэ хүүхдийг 2013 оны дөрөвдүгээр сарын 20-ны үеэр 4-5 хүн пургон автомашинтай, хойно нь өөрийг нь гавлачихсан манай гэрээр оруулаад 5-10 минут болгоод авч явсан. Яаж яваа юм бэ гэхэд "Архангай аймагт хүн амины том хэрэг гарсан. Тэр хэргийг Амгаланбаатар үйлдсэн гэж өөрөө хэлсэн гэсэн. Гэхдээ тэр нь нотлогдоогүй юм билээ. Ингээд cap гаруйн дараа буюу 2013 оны тавдугаар сард Чойр дахь хорих ангидаа буцаад очсон байдаг. Ингээд зургадугаар сард нь миний дүү Амгаланбаатар надтай 949659....дугаартай утаснаас ярьж "Би Улаанбаатар хотын Дамжин өнгөрөх төвд эмнэлэгг хэвтэн хэвтсэн. Намайг хоёр ах авчирч эмнэлэгт хэвтүүлсэн. Миний бие сайн байна” гэж ярьсан.

Сарын дараа нь дахиад "Миний бие сайн байгаа. Би Улаанбаатарын дамжин өнгөрөхөд хэвтэж байгаа. Надад санаа зоволтгүй шүү” гэж ярьсан. Үүнийхээ дараа аравдугаар сард нь дахиад ‘‘Та биеэ бодоорой. Надад юу ч хэрэггүй, би сайн байгаа шүү” гэж яриад 2015 оны наймдугаар сарын 31 хүртэл холбоо тасарсан.

 

Би бодохдоо Чойрын чанга дэглэмтэй хорих ангиас Улаанбаатар хотын дамжих өнгөрөхийн эмнэлэг рүү ямар хүн нь сэтгэл гаргаж, аваачиж, эмнэлэгт хэвтүүлдэг байна аа гэж бодож байсан. Тэр хоёр хүнтэй болдог бол уулзахсан гэсэн бодолтой байсан” гэж ярьсан юм. Тэр хоёр ах хаанаас гараад ирэв, ямар учиртай хүн байсан талаар хавтаст хэрэгт огт байдаггүй байна. Ямар учраас шоронд хоригдож байсан дүүг нь дагуулан очиж, дарамтлуулж байсан эсэх нь араасаа олон асуултын хариултыг нэхэж байна. Ийнхүү дамжин өнгөрөх эмнэлэгт хэвтсэнийхээ дараахнаас Ц.Амгаланбаатар шоронд хоригдож байх хугацаандаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар руу дарамталсан мессеж байнга явуулдаг болжээ.

 

Энэ талаарх нотлох баримтыг өмгөөлөгчөөрөө дамжуулан прокурор, шүүхийнхэнд нотлох баримт болгон хавсаргасан гэдэг. Гэвч энэ талаар шүүх хурлын үеэр огт яригдаагүйд хохирогчдын ар гэрийнхэн гомдолтой байна. Мөн энэ талаар Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа "2014 оны дунд үеэс эхлэн Цэвэлмаагийн Амгаланбаатар гэгч этгээдээс мессеж ирдэг болсон. Тэр Цэвэлмаа гуай манай зэрэгцээ хашаанд амьдардаг байсан бөгөөд ганц охинтой, тэрэндээ хань болгоё гээд бүтэл муутай хүнээс Амгаланбаатар гэгч хүүг багад нь өргөж авсан юм. Манайх 1991 онд тэр хүүг 9 настай байхад нь фермерийн аж ахуй байгуулж нүүгээд тэднийхээс холдож явсан юм. Гэтэл тэр Амгаланбаатар өсч томрох тусмаа зан ааш нь эвдэрч эхийнхээ гэр орны юмс, үхэр малыг нь зарж, хэрэг төвөгт орооцолдож сүүлдээ таксины жолоочийг мөчилж алаад баригдаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Цаазгүй монгол зарлигаар өршөөгдөж 25 жилийн ял аваад шорон дамжин хаана явааг нь ах дүүс нь мэдэхээ байсан юм. Гэтэл энэ нөхөр 2014 оны дунд үеэс хүүд маань мессеж бичиж тэр нь 28 хуудас болсон. Өдрийн болсон бүх явдлыг оройд нь мессежээр хэлдэг. Жишээ нь байшингийнхаа цонхны хамгаалалт хийхэд орой нь яг дэргэд нь харж байгаа юм шиг "Чи юунаас айгаа вэ цонхондоо хамгаалалт хийгээд, улаан куртиктэй хар малгайтай явж байна” гэх шиг. Тэгээд "Чамайг ална, танайхыг шатаана, хүйс тэмтэрнэ, чи Зоригийг алахад оролцоо биз дээ. Та нарыг бүгдийг чинь ална” гэх зэргээр дарамталж намайг эргэж ир гэж хэлдэг байв. Хүү маань өдөр болгон шахам мессеж ирэхээр сүүлдээ аргаа барж Эрдэнэтийн цагдаагийн газарт шалгаж өгөөч, арга хэмжээ авч өгнө үү гэж 2015.02.08-нд өргөдөл өгсөн боловч арга хэмжээ авч өгөөгүй юм. Энэ нь яван явсаар тэр санаснаа биелүүлж, хүүг минь хилс Хэрэгт гүтгэлээ” гэв.

 

Одоо Ч.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн давж заалдах шатны шүүхийг нээлттэй явуулах, шүүх хуралд хэргийн цорын ганц гэрч гэгдээд байсан Б.Булган болон С.Зоригийн дүү С.Оюун нарыг гэрчээр оролцуулж, нүүрэлдүүлэхийг хүсч байгаа аж. Хамгийн аймшигтай нь Ч.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг С.Зоригийг хөнөөснийг хилсээр хүлээлгэх гэж маш олон дарамтыг үзүүлж байгаа аж. Ч.Содномдаржааг тогонд цохиулж, ухаан санааг нь орон гаран болсны дараа мэдүүлэг авч, гарын үсэг зуруулсан болохыг ч энэ үеэр ар гэрийнхэн нь дэлгэлээ. Мөн сэтгэл сэрдхийлгэм нэг зүйл нь Т.Чимгээг хорьсныхоо дараа санасан мэдүүлгээ авахын тулд ар гэрээр нь хүртэл оролдож эхэлжээ. Түүнийг мөрдөнд байх хойгуур охин нь ослын улмаас өөд болсон бөгөөд хэргийн газрын үзлэг болон бусад дүгнэлтээр санаатай үйлдэгдсэн болох нь батлагдсан байна. Уг нь энэ аймшигт явдлыг ар гэрийнхэн нь түүнээс нууцалж байсан ч тэрээр аль хэдийнэ мэдчихсэн байжээ. Т.Чимгээ ээжийгээ эргэж ирэх үед "Одоо би охиноо алдчихаад амьд яваад яах вэ дээ, тэр хэргийг нь хүлээгээд санааг нь амраачихъя” хэмээн уйлж байжээ. Одоогоор ар гэрийнхэн нь Ц.Амгаланбаатарын мессэж бичсэн утас хэнийх байсан, хэн гээчийн хоёр сайн ах түүнд тусласан, яагаад шоронд хоригдож байсан хүнийг дагуулан эгчийг нь очиж дарамтлуулсан, мөн Ч.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яагаад дарамтлах болсон зэрэг асуудлыг эргэн шалгуулахыг хүсч, холбогдох албан тушаалтнуудад гомдол гаргахаар шийдээд байгаа гэнэ.



АРАНШИН сонин 2017/01/01

Санал болгох

Сэтгэгдэл

top