Өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчдын явуулсан алдаатай бодлогын уршгаар 17 хувийн өсөлттэй байсан Монголын эдийн засаг тэг үзүүлэлтийг зааж, бүс нутгийн хөгжиж буй орнуудаас сүүл мушгиж байсан цаг саяхан. Эдийн засгийн хямрал өдөр ирэх тусам гүнзгийрч, нэгдсэн төсвийн орлого гурван жил дараалан нэг их наяд төгрөгөөр тасарч энэ хэрээр төлөвлөсөн бүх ажил, хөрөнгө оруулалт царцсан зэрэг таагүй мэдээ их байсан.
Үндэсний мөнгөн тэмдэгт болох монгол төгрөг үнэгүйдэж, Монгол Улсын зээлжих зэрэглэл эрс буурч байгааг олон улсын үнэлгээний байгууллагууд тогтоож, Засгийн газар болон томоохон компаниуд гадаадын зах зээл дээр хөрөнгө босгоход нэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байсан юм.
Үүнийг дагаад баялаг бүтээгчдийн төрд итгэх итгэл хөсөрдөж, эдийн засгийн хямралаас болоод 62 мянган аж ахуйн нэгж үүд хаалгаа барьсан бараан мэдээтэй хөвөрч байсан. Товчхондоо, үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ нь хэдэн мянган тонн, хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигддэг, өөрөө өөрийгөө тэтгэдэг байсан эдийн засаг эрс хумигдаж, иргэд талхаа таллаж, төмс, ногоогоо ширхэглэж, ургамлын тос, цагаан будаагаа граммлаж авдаг болоод байсан юм. Тэгвэл энэ нөхцөл байдал ард хоцорчээ.
Учир нь Монгол Улсын эдийн засаг сэхээний тасгаас энгийн тасаг руу шилжлээ. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол Монголыг чиглэж байна. Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх болсон нь Монгол Улсын Засгийн газрын Олон улсын валютын сантай амжилттай хийсэн яриа хэлэлцээртэй холбоотой.
Яриа хэлэлцээр амжилттай болсон нь хэдхэн сарын өмнө 2016 оны төсөвт тодотгол хийж, 2017 оны улсын төсвийг батлахдаа санхүүгийн сахилга батыг сайжруулахад анхаарч, хяналтгүй таван төсөвтэй байсныг нэгтгэн нэг болгож, хэмнэлтийн горимд шилжин, зардлаа хасаж, орлогоо нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарал хандуулсны үр дүн билээ.
Хоёр Засгийн газар дамжин яригдсан энэхүү хэлэлцээрт Ж.Эрдэнэбатын танхим гарын үсэг зурж, албажуулахаар болсон. Ингэснээр нэн тэргүүнд 440 орчим сая ам.долларын зээлийн шугам нээгдэх боломж бүрдэж байгаа юм. Мөн 36 сарын хугацаанд хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах таатай нөхцөл үүсэж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцолсон удаатай.
Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк болон донор орнууд гурван тэрбум хүртэл ам.долларын төсвийн болон төслийн дэмжлэг үзүүлэхээ урьдчилсан байдлаар илэрхийлээд буй. Ингэснээр ам.долларын ноёрхол дуусаж, төгрөгийн уналт төгсөх цаг ирсэн. Өөрөөр хэлбэл, ирэх жилүүдэд 5.5 тэрбум ам.доллараар хэмжигдэх валютын урсгал манай 10 гаруй тэрбум ам.долларын эдийн засагт цутгах гэж байна.
Амралтын өдрийг үл ажран хийсэн Сангийн яамны мэдэгдлээс нэгхэн хоногийн дараа монгол төгрөгийн ханш ам.долларын эсрэг нэг төгрөгөөр шууд чангарч эхэлсэн. Үүнээс хойш буюу өнөөдрийн байдлаар ам.долларын эсрэг монгол төгрөгийн ханш 80 төгрөгөөр чангараад байна.
БОНДЫН ӨСӨЛТИЙГ МОНГОЛЫН БОНДУУД ХОШУУЧЛАВ
Олон улсын валютын сантай хийсэн яриа хэлэлцээрийн дараа Монголоор овоглосон олон улсын зах зээл дэх бондын ханш цойлж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газрын 10 жилийн хугацаатай "Чингис” бондын ханш таван хувиар өссөн дүнтэй байгаа. 89 нэгж байсан энэ үнэт цаас өдгөө 93 нэгжийг даваад байгаа юм. Богино хугацаанд огцом өсөлт үзүүлсэн нь зөвхөн энэ биш.
Үүнээс гадна 96.8 нэгж байсан Монгол Улсын Засгийн газрын таван жилийн хугацаатай "Чингис” бондын ханш ч 100 нэгжийг шүргэж байгаа юм. Ингээд зогсохгүй хөгжиж буй орнуудын бондын өсөлтийг Монголын бондууд хошуучилсныг "Reuters” уламжилсан удаатай.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН СОНИРХЛЫГ БОГИНО ХУГАЦААНД ТАТЛАА
Дахиад нэг сайн мэдээ. Монгол Улсын Засгийн газрын гадаад зах зээлд шинээр гаргасан "Хуралдай” бондын хоёрдогч зах зээлд дуудагдах үнэ өсөж, 108 ам.долларт хүрч тогтсон. Өөрөөр хэлбэл, шинэ гаргасан "Хуралдай” бонд хөрөнгө оруулагчдын сонирхлыг богино хугацаанд татсан. Энэ бол Хөгжлийн банкны хугацаа нь дуусаж байгаа евро бондыг эзэмшигчдэд шинэ бондыг солих санал тавьж, нийт 600 сая ам.долларын хэмжээтэй, нэг бүр нь 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй, 8.75 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай гаргасан шинэ бонд юм.
Хөгжлийн банкны евро бондын нийт хэмжээ 580 сая ам.доллар байсан бөгөөд үүнээс 82 хувь буюу 476 сая ам.долларын хэмжээтэй бонд эзэмшигчид Монгол Улсын Засгийн газрын шинэ бондоор солих саналыг хүлээн зөвшөөрч бодит ажил хэрэг болгосон. Товчхондоо, евро бондын төлбөрийг шинэ бондоор солих замаар хойшлуулах хэлцэл ийнхүү амжилттай болж хэрэгжсэн юм. Энэ үеэр олон улсын санхүүгийн зах зээлийн хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам.долларын бонд худалдаж авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Эдийн засаг дахь дээрх эерэг дохионууд хэдхэн сарын өмнө зээл авч чадахгүйдээ тулаад байсан Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэсний нотолгоо юм.
Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсан тохиолдолд 2017 оны төгсгөл, ирэх оны эхний улирлуудад хувийн секторын нөхцөл байдал сайжирч, эдийн засаг эмчилгээнээс гарах нөхцөл бүрдэнэ гэдгийг эдийн засагчид онцолж байгаа аж.
Өглөөний сонин
Б.Тэмүүлэн