|

Ард түмний унаа “Приус” 1.5 саяар нэмэгдэв

saikhnaa 2017/05/02 822 0

Ард түмний унаа “Приус” 1.5 саяар нэмэгдэв

 

Автомашины онцгой албан татвар өчигдрөөс эхэлж нэмэгдсэн. Тухайлбал, приус авто машины татварыг оноос нь хамааруулан нэмжээ. Авто машины ченжүүд 2006-2009 оны приус илүү борлуулалт сайн байдаг гэлээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн хамгийн ихээр сонирхож байгаа 2008, 2009 оны приус 20 маркийн машинуудын онцгой албан татвар өчигдрөөс 450 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Гэтэл ченжүүд нэмэгдэхээс нь өмнө авах гэсэн иргэдийн эрэлт дээр тоглолт хийж машинуудынхаа үнийг 0.5-1.5 сая төгрөгөөр нэмсэн тухайгаа хэлж байсан.
 
 
Биднийг 1000 машины зогсоолд очиход өчигдрийн байдлаар "Приус” машин 11.3-13.5 сая төгрөгөөр борлуулагдаж байв. Энэ нь татвар нэмэхээс өмнө оруулж ирсэн машин гэдгийг худалдаачид тодотгосон. Мэдээж татварын нэмэгдэлд "өртсөн” машинууд байгаа ч одоогоор борлуулалтад байгаа машинуудтай зэрэгцүүлэн зарах боломжгүй аж. Учир нь одоо борлуулж байгаа "Приус”-тэй яг адилхан он, өнгө, үзүүлэлттэй машиныг 3-5 сая төгрөгийн илүү үнээр борлуулна гэж байхгүй гэдгийг учирлалаа. Ер нь монголчууд үнэ хямд, түлшний зарцуулалт багатай, өвлийн цагт арчилгаа бага шаардах машин сонирхож байгаа энэ үед төрийн бодлогоор боомилох нь худалдан авагч болоод машин борлуулагчдад хүндрэл учруулж байгааг ченжүүд хэлж байна.
 
 
Машин худалдаж авахаар сонирхож буй хүмүүсийн хувьд сургаар үнийг нь өсгөж байгаа нь буруу гэдгийг хэлж байна. Машин авах гэсэн хүн үнийг нь буулгах хүсэлтэй ч ченжүүд "Одоо машины үнэ өснө үү гэхээс буухгүй, одоо авбал ав авахгүй бол үнэ нь нэмэгдэхээр ав” гэж байлаа. Хүссэн ч, эс хүссэн ч татвар нь нэмэгдсэн машины үнийг бууруулах боломжгүй болжээ.
 
 
Замын хөдөлгөөнд орж байгаа нийт суудлын тэрэгний 80 орчим хувь нь 2008 оноос өмнө үйлдвэрлэгдсэн "Приус” маркийн машин эзэлж байгаа нь ард түмний унаа болсныг харуулна. Хэдийгээр "Приус” машины үнийг багаар өсгөсөн гэж байгаа ч энэ нь дундаж орлоготой иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж буйг машин борлуулагчид хэлж байна. Цаашилбал, татвар нэмэгдсэнээр ирэх хоёр сарын хугацаанд машины борлуулалт эрс буурах нь олон эрсдэлийг дагуулахыг ч сануулж байлаа. Машины бизнес эрхлэгчид банкны зээлээр үйл ажиллагаагаа эрхэлдэг. Тэгэхээр борлуулалт эрс буурах нь арилжааны банкны зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учруулах нь тодорхой юм.
 
 
Сүүлийн үед лизингээр машин авах хүмүүс нэмэгдсэн. Ингэхдээ сонирхож буй машинаа захиалж авдаг тухай ченжүүд ярьж байна. Харин захиалсан машин нь 21-30 хоногийн хугацаанд эзэндээ хүрдэг учраас татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор гаалиас машинаа авч чадахгүйд хүрч байгаа тохиолдол олон байна. Өөрөөр хэлбэл, татвар нэмэхээс өмнө 11.5 сая төгрөгөөр захиалсан машин эзэндээ хүрэхдээ 3-5 сая төгрөгөөр үнэ нь өсчээ. Энэ нь худалдан авагч, борлуулагч нарын хооронд үл ойлголцол үүсгэж байгаа ажээ.
 
 
Д.ОЮУНЧИМЭГ
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top