Уг хоёр асуудлыг аймгийн Засаг дарга Д.Батлут Зам тээврийн яаманд удаа дараа уламжлаад байсан юм. Учир нь гурван замын постоор иргэд Баян-Өндөр сумаас Жаргалант сум орох буюу өөрийн аймгийн нутаг дэвсгэртээ зорчихдоо хураамж төлдөг, Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэг нийслэлд өглөөний 5 цаг 40 минутад очдог нь иргэдэд олон талаар чирэгдэл учруулж байгаа юм.
Зам тээврийн дэд сайдын ажлын айлчлалын бүрэлдэхүүнд УБТЗ-ын Удирдах газрын Тээврийн зохион байгуулалтын хяналтын албаны дарга тэргүүтэй албан тушаалтнууд хамт явсан бөгөөд дэд сайд Б.Цогтгэрэл тус албаны даргад Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлийн галт тэргийг нийслэлд өглөөний 7 цаг 20 минутад очдог болгож цагийн хуваарийг өөрчлөх үүргийг өглөө. Энэ асуудлыг 6-р сарын нэгэн гэхэд шийдэх хэрэгтэйг онцгойлон анхаарууллаа. Гурван замын посттой холбоотой асуудал нь Орхон аймагт төдийгүй Сэлэнгэ зэрэг хэд хэдэн аймагт тулгамдаж байгаа бөгөөд энэ талаар дэд сайд ярихдаа "Дээрх пост нь байгуулагдаад олон жил болж байна. Үүнээс хойш суурьшлын бүс хөгжиж өөрчлөгдсөн. Тиймээс постууд нь бүсчлэлийн хувьд хэрэгцээ, шаардлагаа хангаж байгаа эсэх асуудал яригддаг. Постуудыг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай зардлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг Сангийн яамнаас хүссэн байгаа” гэлээ. Тиймээс гурван замын постыг нүүлгэн шилжүүлэхээс өмнө Орхон аймгийн дугаартай авто машинаас хураамж авахгүй байх шийдвэрийг ойрын үед гаргах боломжтой юм байна.
Эх сурвалж: www.erdenet.mn