Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сүүлийн хугацаа өчигдрөөр дуусгавар болов. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу тавдугаар сарын эхний долоо хоногт нэр дэвшигчдээ тодруулж дуусах учиртай. Тэгвэл нэр дэвшигчээ хамгийн эхлээд МАН-ынхан тодруулав. Өөрөөр хэлбэл, намын Бага хурлын 310 гишүүний саналаар намын дарга М.Энхболд Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ энэ сарын 3-нд авсан билээ.
Харин Ардчилсан нам мөн л тавдугаар сарын 3-нд нэр дэвшигчийг намынхаа 180 мянган гишүүний дунд сонгууль явуулж тодруулсан. Таван нэр дэвшигчээс хамгийн өндөр оноог Х.Баттулга авч, улмаар энэ сарын 6-нд буюу өнгөрөгч бямба гарагт намын Их хурлаас нэр дэвших эрхээ баталгаажууллаа.
Харин парламентад нэг л гишүүний суудалтай МАХН-аас хэн нэр дэвших нь өнгөрөгч баасан гарагийг хүртэл тодорхой бус байв. Намын дарга нь ялтай, нэр дэвших сонирхолтой хүн олон байсан учраас олон янзын таамаг өрнөсөн. Бүр тэмцэгч С.Ганбаатарыг МАХН-ынхан нэр дэвшүүлэх нь гэсэн таамаг ч гараад амжсан билээ. Гэвч баасан гарагт МАХН-ын Бага чуулган тун ажин түжин хуралдаж, намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр санал нэгджээ. Үүднээсээ сэтгүүлчдийг буцааж, хэдэн хүнтэй хуралдаж хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ зарлахаас татгалзсан.
Тэдний энэ удаагийн улс төр их л танил сценари байх аж. Тодруулбал, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАХН-ынхан мөн л намын даргаа өрсөлдүүлнэ хэмээн жагсаал цуглаан хийж, ялаас мултлах ёстой хэмээн улс төр хийж байсан удаатай. Гэсэн ч намын дарга нь өршөөлөөр мултарч, харин АН-тай хийсэн тохирооны дагуу Н.Удвалыг санал хуваах зорилгоор нэр дэвшүүлж байсан. Энэ түүхийг МАХН эргээд давтаж байна гэхэд хилсдэхгүй. Өнгөрөгч баасан гарагт тэд Эрх чөлөөний талбайд жагсаал хийж, намын даргыг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх ёстой хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ. Н.Энхбаяр нэр дэвшигчийг бүртгэх эсэх талаар СЕХ-ноос одоогоор албан ёсоор тайлбар өгөөгүй байгаа. Харин хууль хяналтын байгууллагаас түүнийг ялтайд тооцох хугацаа дуусаагүй учраас нэр дэвших боломжгүй гэсэн хариу өгчээ.
Хэрвээ СЕХ-ноос Н.Энхбаярыг бүртгэхгүй гээд татгалзсан хариу өгвөл, МАХН-ын дараагийн хийх нүүдэл юу байх нь ихээхэн сонирхол татна. Зарим эх сурвалжуудын хэлж буйгаар МАХН-ынхан АН-ын нэр дэвшигчийг дэмжих нь тодорхой. Угтаа бол МАН-ын саналыг хуваах байдлаар сонгуульд оролцох магадлалтай. АН-тай хийж буй тохироо нь намын даргаа ялаас нэг мөсөн чөлөөлөх байх уу, эсвэл мөнгө төгрөг үү гэдгийг хэлэхэд эрт байгаа юм.
Нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ
"Х.Баттулга бөх, Н.Энхболд уяач, Н.Энхбаяр харваач. Энэ гурав эрийн гурван наадам хийх нь ээ” гэх гэмгүй маазрал цахим ертөнцөд хэдийнэ хүчээ авчээ. Нөгөө талаар нэр дэвшигчдийг хооронд нь харьцуулах, хэн нь илүүг шалгаруулах, эхнэр хүүхдийг нь шинжих, бүр монгол цустай эсэхээр нь цахим ертөнцөд хэлэлцүүлэг хийгээд эхэлчихэж. Энэ бүхнийг хуулиар хориглодог ч санал асуулга ч явуулах хүмүүс бишгүй олон бий. Өөрийн итгэл үнэмшлээ бусдад тулгах гэсэн, нөгөө талаар өрсөлдөгчөө харлуулах гэсэн захиалгат жиргээ ч олширлоо.
Юутай ч, эдгээр гурван нэр дэвшигч өнгөрөгч амралтын өдрүүдээр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт орсон гэх мэдээлэл байгаа юм. Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ намаасаа авсан эдгээр гурван улстөрч бүгд л өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлог, зан характертай. Ажил мэргэжлийн хувьд ч тэд тэс өөр. Улс төрд явж ирсэн замнал, өнөөдрийг хүртэл мөрдөж ирсэн чиг шугам нь ч адилгүй. Тиймдээ ч урьд өмнөхөөс илүү их "гал гарсан” тулаан өрнөх болов уу гэсэн таамаг байгаа юм. Тэд адилхан мөнгөтэй. Улс төрийн туршлага ч хангалттай.
Тухайлбал, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын хувьд эдийн засагч мэргэжилтэй. Монголын улс төрд 27 жил "чанагдаж” буй улстөрч. Тэрбээр, тун дардан замаар энэ өндөрлөгт хүрсэн гэхэд хэтийдэхгүй. Ганзагын наймаанд явж, бизнесийн алдаа оноог амсах гэхээс илүүтэй 1990 онд МАХН /МАН/-д элсч, улмаар дандаа даргын албан тушаалыг хашч иржээ. 1992 оноос Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн даргаар ажиллаж эхэлснээс хойш дандаа удирдах албан тушаал эрхэлж байсан туршлагатай. Хотын дарга, МАН-ын дарга, үүрийн дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга, дарга, Шадар сайд гэх мэтээр үргэлжилнэ. Тэр морин спортод тун ч сонирхолтой.
Өнөөдрийг хүртэл морин спорт уяачдын холбоог тэргүүлдэг. Харин АН-ын нэр дэвшигчийн тухайд бизнесийн салбарт олон жил амжилттай ажилласан. 2006 оноос хойш МоАХ-г удирдаж өнөөдрийг хүртэл амжилттай чиглүүлж яваа улстөрч. Х.Баттулга нэр дэвшигчийн үндсэн мэргэжил зураач. Гэсэн ч ганзагын наймаа эрхэлж, бизнесийн салбарт алдаа оноог бишгүй үзсэн. Зах зээлд шилжсэн хүнд үед хоёр том үйлдвэрийг удирдаж, эдүгээ Монголын бизнесийн салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгж болгож чаджээ. 2006 онд АН-д элсч улс төрийн карьераа эхлүүлсэн аж.
Улмаар, хонгор нутгаас УИХ-д гурван удаа сонгогдсон бол Зам тээвэр барилга хот байгуулалт, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан туршлагатай. Тэр спорт сонирхогч биш өөрөө спортын хүн. Жүдо бөхөөр олон улсад амжилттай барилдаж, улмаар Монголын жүдо бөхийн холбоог амжилттай удирдаж яваа. Харин нэр дэвшигч Н.Энхбаярын хувьд утга зохиолын ажилтан, орчуулагч мэргэжилтэй. Монголын зохиолчдын холбоонд орчуулагчаар ажиллаж, ажлын гараагаа эхэлж байсан бол улмаар 1985 онд МАХН-д элсчээ.
Үүнээс хойш түүний улс төрийн карьер эхэлсэн гэхэд болно. 1992 онд анх УИХ-д сонгогдож, мөн тус ондоо Соёлын сайдаар ажиллаж эхэлсэн аж. Мөн л дардан замаар урагшилж явсан улстөрч. УИХ-д дөрвөн удаа сонгогдсон, МАХН-ын даргаар, бүлгийн ахлагчаар ажиллаж байлаа. 2000 оны сонгуулиар намаа сонгуульд удирдан орж, улмаар үнэмлэхүй суудал авч, Ерөнхий сайдаар сонгогдож байсан туршлагатай.
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, 2009 онд цөөхөн саналаар ялагдал хүлээснээс хойш улс төрийн карьер нь уналтад орсон. Улмаар төрөөс олон арван тендер идсэн уусан хэрэгт ах дүүтэйгээ холбогдож хэцүү нэртэд хүртэл ороод амжсан. Өмнө хэлсэнчлэн АН-тай хийсэн тохирооны дагуу тэр Өршөөлийн хуулиар суллагдсан ч өнөөдрийг хүртэл элдэв төрлийн хэрэг зөрчилтэй нэр нь холбогдсон хэвээр байгаа юм. Улс төрийн хувьд өөр өөрийн өвөрмөц замналтай, туршлагатай гурван өрсөлдөгчийг товчхон танилцуулахад ийм байна. Мэдээж нэр цэвэр хүн байдаггүйн адилаар тэднийг тойрсон, сайн сайхан, саар муу мэдээлэл ирэх өдрүүдэд хангалттай гарах нь тодорхой. Гэвч уншигч та өөрийн цензур, итгэл үнэмшлээр сонголтоо хийх билээ.
Монгол Улсыг дараагийн дөрвөн жил толгойлж, эв нэгдлийн бэлэг тэмдэг байх Ерөнхийлөгч хэн байх вэ гэсэн том сунгаа, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуулийн тоолуур ийн өчигдрөөс албан ёсоор эхэллээ. Ирэх өдрүүдэд их л олон сонирхолтой зүйлс дэлгэгдэж, нэг нэгнийхээ булхай луйврыг уудлалцах нь дамжиггүй. Эрийн гурван наадам байх уу, эсвэл эрчүүдийн шударга өрсөлдөөн болох уу гэдгийг хэлэхэд эрт байгаа ч монгол төрд өөр өөрийн өнгөөр танигдсан эдгээр гурван улстөрчөөс бид нэгийг нь сонгох нь тодорхой юм.
Б.Өнөртогтох