Өнгөрч буй долоо хоногт манай улсын эдийн засагт эерэг эргэлт гарсан өдрүүд байв. Улмаар Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монгол Улсад зориулж 3 жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах шийдвэрийг гаргасан. Хөтөлбөр батлагдсанаар эхний ээлжинд 38.6 сая ам.долларын санхүүжилт Монголбанкинд орж ирж, валютын нөөцийг нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн Хятад эмэгтэй гурван Монгол охиныг хулгайлсан гэх хэрэг цахим хуудаснаа цацагдаж, мөн эхнэр, гурван хүүхдээ хөнөөгөөд өөрийнхөө амийг егүүтгэсэн зэрэг сэтгэл сэртхийлгэм хэргүүд гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүйг BOLOD.MN сайт тоймлон хүргэж байна.
ОУВС-гийн эхний санхүүжилт 38.6 сая ам.доллар Монголд орж ирлээ
ОУВС-гийн эхний ээлжийн санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголд орж ирлээ 2017.05.24-нд Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монгол Улсад зориулж 3 жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах шийдвэрийг гаргалаа. Хөтөлбөр батлагдсанаар эхний ээлжинд 38.6 сая ам.долларын санхүүжилт өнөө өглөө Монголбанкинд шууд орж ирж, валютын нөөцийг нэмэгдүүллээ. Монгол Улсад эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум ам.доллартай тэнцэж буй.
Элчин сайдууд тодорлоо
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцсэн.
Улмаар Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Гадаадад эх орноо төлөөлөн суух Элчин сайд нарыг томилох саналыг Байнгын хороотой зөвшилцөхөөр хүргүүлжээ.
Ингээд Монгол Улсаас зарим улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9-84.6 хувийн дэмжлэг авчжээ.
Харин Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл нарыг эгүүлэн татахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжсэн юм.
"Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг шүүх хурал боллоо
"Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Өнгөрсөн нэгдүгээр сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэргийг шалгах ажлын хэсэг "Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн байдаг.
Энэ үеэр тэрээр албан үүргээ гүйцэтгэж явсан мөрдөн байцаагч, комиссар Ц.Батболдыг алгадаж, эсэргүүцэл үзүүлсэн асуудал үүсгэсэн билээ. Ийнхүү өнөөдөр түүнийг Эрүүгийн хуулийн 230.1 дэх хэсэгт заасан хэрэгт буруутгаж, шүүсэн юм. Гэвч шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь "Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хуулийн заалттай юм.
Эхнэр, гурван хүүхдээ хөнөөгөөд өөрийнхөө амийг егүүтгэсэн ноцтой хэрэг гарлаа
Гэр бүлийн дөрвөн хүний амь насыг хөнөөсөн хэрэг энэ сарын 21-22-нд шилжих шөнө гарчээ.
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны 39-р гудамжны задгайд оршин суугч Х /39 нас.Эр/ 4,6,11 настай гурван хүүхдээ 38 настай эхнэрийн хамт хөнөөгөөд өөрийнхөө амийг егүүтгэсэн байна. Хэрэг шөнийн 01.30 цагийн орчимд гарсан бөгөөд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл 01.40 цагт ирж, хэргийн газрыг хамгаалалтад авчээ.
Хэргийг СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа аж.
Хятад эмэгтэй гурьан хүүхэд хулгайлахыг завдсан хэрэг гарлаа
Гар утасны худалдаа явуулдаг "Тэди" төвд 16.00 цагийн орчимд хятад эмэгтэй бага насны гурван охиныг хулгайлан явж байхад нь барьжээ. Тодруулбал, тус төвийн ажилтнууд энэ талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдэгдсэнээр цагдаа нар гэмтнийг саатуулсан байна.
Уг эмэгтэй дөрөвдүгээр ангийн гурван сурагчийг "Гоё юм авч өгнө" гэж хэлээд сургуулийн ойр орчмоос нь дагуулж явсан гэнэ. Улмаар охидын нэг нь бие засахыг хүссэн тул "Тэди" төвийн бие засах газарт дагуулан оржээ. Энэ үеэрээ охидын зургийг дарж, "Wechat" ашиглан хятад үсгээр хүмүүстэй харилцаж байхыг нь "Тэди" төвийн ажилтан харсан гэнэ. Хэргийг шалгах явцад охидыг дагуулж явсан эмэгтэйн дүү ирсэн бөгөөд эгчийгээ сэтгэцийн эмчийн хяналтад байдгийг хэлж, улмаар СЭМҮТ-ээс тодруулсан гэдгийг тэрбээр мэдээлсэн юм.
Одоогоор энэ хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж байна.
БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар Соёмботой ууланд Газар ашиглах эрхийг цуцаллаа
Соёмботой уулыг ухаж байна гэсэн зураг, мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр гарсан. Тэгвэл өмнө нь зөвшөөрсөн Газар ашиглах эрхийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган цуцаллаа. Ингэснээр Зайсан толгойн аман дахь Соёмботой уулыг ухаж барилга барьж байсныг таслан зогсоосон юм.
Эх сурвалж: Bolod.mn