Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” зорилтыг дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд Мах, сүүний анхдугаар аяныг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байна.
Исламын Бүгд Найрамдах Иран Улсад монгол хонины махыг экспортлож эхэлснээр махны экспортын зах зээлийг өргөтгөж, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах юм.
Мөн малчдын орлогыг нэмэгдүүлэх, тэдний амьжиргааг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах боломж бүрдэж байна. Нөгөө талаар мах боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, экспортын орлогыг нэмэгдүүлэх юм.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн "Өнөөдөр Монгол Улсаас Иран улс руу хонины мах экпортолж эхэллээ.
Манай улсын мал сүргийн бүтэц, эргэлтийг тооцоход жилд дунджаар 5 сая толгой бог мал буюу 100 гаруй мянган тонн мах бэлтгэж экспортлох бүрэн боломжтой.
ГЭРЭЛ ЗУРАГ
Энэхүү боломжийг бүрэн ашиглаж чадвал дэлхийн зах зээлд монгол махны чанарыг таниулж, үнэлэмж нэмэгдэхээс гадна малчид болон манай улсын эдийн засагт ихээхэн үр өгөөж авчрах юм” гэдгийг онцоллоо.
Мөн "Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр маш чухал. Бүс нутгуудад малаа эрүүлжүүлбэл энэ мэт махны экспорт нэмэгдэх чухал ач холбогдолтой.
"Мах маркет” ХХК 2000 тонн хонины мах экспортлохоор гэрээ байгуулсан. Тал бүрдээ төр засгийнхаа дэмжлэгийг зөв авч чадвал Монгол Улсын эдийн засагт өгөх үр өгөөж их байна.Энэ нь олон малчдыг баярлуулж байгаа үйл явдал” гэв.
"Darkhan meat foods” ХХК-ийн захирал М.Энхбаатар " Манай үйлдвэр нь нэг ээлжид 1500 бог мал, 350 бод мал нядлах, өдөрт 20 тонн махыг ангилж савлах хүчин чадалтай.
Импортлогчийн захиалгын дагуу хонины махыг Ираны зах зээлийн стандартад нийцүүлэн бэлтгэн, ангилан савлаж байна.
Шинэ Засгийн газар, ХХААХҮЯ, П.Сэргэлэн сайдын зүгээс монгол малыг эрүүлжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх зэрэг тулгамдаж байгаа асуудлуудад онцгой ач холбогдол өгч зоримог, хурдтай, хууль эрх зүйн хүрээнд шийдэж байгаад талархаж байна.
Энэ эрчээрээ махны экспортыг дэмжиж, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэл, уул уурхайн бус ХАА-н гаралтай бүтээгдэхүүний нөөцөө ашиглан орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна” гэсэн юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ