Архангай аймгийн "Гост трейд” компанийн захирал Ш.Лхагвыг "Бизнес, хөгжил” буландаа урилаа.
-Танай компани Архангай аймгийн бизнесийн салбарт хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг. Таны бизнес хэзээнээс эхлэлтэй вэ?
-2001 онд анх компаниа байгуулан үүдээ нээж өрхөө татаж байлаа. Түүнээс хойш арав гаруй жилийг ардаа үджээ. Бизнес маань жилээс жилд өргөжиж байна. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна.
Мөн аялал жуулчлалын чиглэлээр "Хавтгай мод” жуулчны бааз маань үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор 15 суманд нэрийн дэлгүүртэй. Түүгээрээ дамжуулан бараа бүтээгдэхүүн борлуулан ард иргэддээ хүргэж байна.
-Таныг хүмүүс ТҮЦ ажиллуулахаас бизнесийн гараагаа эхэлсэн гэдэг. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцаач?
-Тийм ээ. ТҮЦ ажиллуулж, 100-гийн ундаа хүртэл хийж байлаа. 300 мянган төгрөгөөр бизнесээ эхэлсэн. Түүний дараа жижиг дэлгүүртэй боллоо. Удалгүй 4-5 хүнийг ажлын байраар хангаж, талх нарийн боовны цехтэй болсон. Цех маань үйлдвэр болж, жижиг дэлгүүр маань одоогоор Архангайн хамгийн том худалдааны төв болон өргөжлөө. Бизнесмэн хүний хувьд өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд чамлахааргүй хөдөлмөрлөсөн гэж боддог.
-Аливааг багаас эхэлнэ гэдэг тухайн салбарынхаа бүх л зовлон жаргалыг мэдэрдэг шиг санагддаг. Өнгөрсөн хугацаанд ямар зарчим баримталж байв?
-Ер нь бизнесийн салбарт уйгагүй хөдөлмөр, тэвчээр хамгийн чухал. Өглөөнөөс эхлээд шөнө хүртэл байнга ажилладаг байсан. Жижиг гэлтгүй бизнесээ эхлүүлсэн. Эхлүүлсэн зүйлээ хэрхэн яаж өргөжүүлэх вэ гэж толгойгоо гашилгах үе зөндөө. Ер нь эхний жилүүдэд бүтэн нойртой хоносон шөнө гэж байхгүй дээ. Дандаа л өсөн дэвжих талаар боддог байлаа. Энэ хичээл зүтгэлийн минь шанг бурхан надад харамгүй хайрласан. Тиймдээ ч би өдий зэрэгтэй яваа. Бид богино хугацаанд амжилтад хүрсэн. 20-30 жил болж байгаа компани манай аймагт олон бий.
-10 гаруй жил бизнесийн салбарт ажиллалаа. Улс төрийн олон ч бодлого шийдвэртэй нүүр тулж байсан байх. Одоо эдийн засгийн байдал хямарч ерөнхийдөө танъя хасъя гэсэн бодлого баримтлаад эхэллээ. Энэ таны бизнест хэрхэн нөлөөлөх бол?
-Ажил үйлчилгээ маань тогтсон, мөн хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохоор харьцангуй хүндрэл мэдрэгддэггүй. 2008 онд эдийн засаг хүндэрч байсан даа. Тухайн үед бизнес маань ямар ч хөдөлгөөнд ороогүй. Харин одоо цаг үе яаж эргэхийг мэдэхгүй байна. Хүмүүсийн худалдан авах чадвар муудаж байгаа нь үнэн. Жилийн өмнөхөөс 30 хувиар буурсан судалгаа байна. Хүмүүс хэрэгцээтэй юм аа л аваад эд зүйл хувцас хэрэглэлд мөнгө үрэх нь багассан байна. Тэгэхээр борлуулалт багасна гэсэн үг. Одоо мэдрэгдэх нь бага байгаа ч цаашид эдийн засгийн байдал хэрхэхийг мэдэхгүй юм.
-Та мөн Архангай аймгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүнээр ажилладаг. Энэ нутагт байгалийн сайхан бүрдсэн газар олон бий. Түүнийгээ түшиглэн хөгжих боломжтой ч гэж үздэг. Энэ салбарт та юу хийж байна вэ?
-Одоогоор манай аймагт 20 гаруй жуулчны бааз байна. Тэд маань сайхан хөгжөөд байгаа юм алга. Нутгийн маань байгалийн сайханд л шимтэж их ирэх юм. Энэ сайхан байгалиа түшиглэн аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд бид хамгийн түрүүнд дэд хөтөлбөрөө батлуулах шаардлагатай байна. Мэдээллийн төв сантай болмоор байна. Гадаад дотоодын аялагчид ирэхэд тэднийг бүртгэдэг, мэдээлэл өгдөг байх шаардлагатай. Мөн Цонжин болдог, Аглаг бүтээлийн сүм гэдэг шиг хүмүүс зорьж ирж үздэг бүтээн байгуулалт дутагдаж байна.
-Улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр аялал жуулчлалын бүтээн байгуулалт бий болгоно гэдэг хэцүү л дээ. Үүнийг ямар нэгэн бизнесмэн зориглон хийж чадна. Танд магадгүй тийм зүйл бүтээх хүсэл бий юу?
-Тийм ээ. Олон санаа байна. "Тунгалаг Тамир” киноны үйл явдалд түшиглэн Тайхар чулуугаа бид тохижуулан аялал жуулчлалын бүс болгож болно. Гол мод хоёр гэж сайхан газар байна. Хаад ноёдын булшийг тэндээс олсон гэдэг. Мөн манай аймагт хамгийн олон буган чулуун хөшөө бий. Тэдний түшиглэн зорилтот аялал жуулчлалын бүс бий болгох нь миний мөрөөдлийн нэг хэсэг гэж хэлж болно. Гэхдээ ганцхан миний мөрөөдөл, хөрөнгөөр бүтчих зүйл биш гэдэг нь тодорхой. Улс төрийн болон маш олон хүний дэмжлэг хэрэгтэй.
-Бизнес нэг талаараа цэвэр өрсөлдөөний талбар байдаг. Таны өрсөлдөгч хэн бэ?
-Би бизнестээ шударга зарчмыг баримтлан ажилладаг. Ялж ялагдах зүйл зөндөө л байлгүй яах вэ. Хүн ялагдаж сурах хэрэгтэй. Түүнээс хэн нэгэнд атаархаж, тэрийг би унагаачихъя, түүнийг нь үнээр цохиод авчихъя гэсэн ч юм уу тийм атгаг санаа байдаггүй. Архангайд зөндөө л жижиг том бизнесмэн байна. Тэр бүхэн бүгд л зах зээлийн хуульд захирагддаг. Тиймээс хэн нэгнийг нэрлэмээргүй байна.
-Бизнест шинэ санаа их чухал юм болов уу. Таны хувьд бизнестэй шинэ санааг хэр туршдаг. Эсвэл өөр газрын бизнесээс санаа аваад л орон нутгийнхаа хөрсөнд суулгаж байна уу?
-Ер нь шинэ санаа гэхээсээ илүү судалгааг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Би очсон газар бүхнээсээ заавал нэг санаа аваад буцдаг. Одоогоор Архангайдаа орчин үеийн стандартад нийцсэн шөнийн клуб байгуулах бодолтой судалж байна. Бизнес гэдэг зүгээр санаандаа орсныг хийгээд байхын нэр биш л дээ. Нэг санаа олоод тэрэндээ баахан хөрөнгөө хаячихдаг амжилт олохгүй бол тэгээд л нөгөө царцсан байдалд орно. Тэгэхээр шинэ санаанаас илүү судалгаа хийх хэрэгтэй.
-"Тунгалаг Тамир” цэвэр ус хотод худалдааны төвүүдэд харагддаггүй. Хараахан нийслэлийн иргэдэд хүрч амжаагүй байна уу. Ер нь орон нутгаас хотын зах зээлд нэвтрэх хэцүү юу?
-Амар ажил биш л дээ. Маркетингийг нь сайн хийхгүй бол хэцүү. 2015 оноос тухайн зах зээлд оруулахаар төлөвлөж байна. 50-100 сая төгрөгийн зардал гарна. "Тунгалаг Тамир” брэнд маань одоогоор Архангайд болон зэргэлдээ аймаг сумдад худалдаалагдаж байна. Удахгүй нийслэл төдийгүй орон даяар энэхүү брэндээ танилцуулах болно.
-Та Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байна. Ер нь улс төр бизнес нэг талаараа их сайн хослох юм. Бизнесээс ангид байх ёстой гэх нэгэн ч бий. Та энэ тал дээр юу гэж боддог вэ?
-Би улс төрд нэг их улайрдаггүй. Улс төрд орчихоод л өөрийн бизнес рүүгээ нэг зүйл шидчих гэдэг ч юм уу тийм санаа ер байхгүй. Улс төрийн нөлөөллөөр миний бизнес сайн яваад байгаа ч юм биш. Бизнесээ цэвэр авч яваа. Харин ирэх 2016 онд аймгийн удирдлагын төлөө өрсөлдөх санаа бий. Тэр цагт бизнесээ түр хойш нь тавьж магадгүй юм.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин