|

Унаач хүүхэд бэртвэл хурдан морины эзэнд хариуцлага тооцдог больё

saikhnaa 2017/07/24 576 0

Унаач хүүхэд бэртвэл хурдан морины эзэнд хариуцлага тооцдог больё

Монголчуудын түүхэн өв уламжлал, өвөрмөц содон зан заншил болох эрийн гурван наадмаараа дэлхийд гайхагддаг. Тиймдээ ч эрийн гурван наадмын хүрээнд тухайн жилийн түрүү бөх, цэц мэргэн харваач, шандаст хурдан хүлгийг алдаршуулж, байлдаг. Гэвч хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудал үргэлж орхигдсоор байна.

Морь унаач хүүхдүүд унасан морины наснаас шалтгаалан нар, салхи, бороо, шуурга, цастайг үл анхааран 10-30 километр газар туулдаг. Гэвч унаач хүүхдийн асуудал тэр бүр яригдсангүй.  Гэмтэж бэртсэн хүүхдүүд 9-15 насныхан байдаг.  Унаач хүүхдүүд мориноос унаж, чирэгдсэний улмаас тархи толгой, нугас нуруундаа хүнд гэмтэл авч, эмчлүүлдэг.

Зарим насан туршдаа тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй болоод хоцрох нь бий. Тухайлбал, саяхан Завхан аймгийн Түдэвтэй сумын  наадамд хурдан морь унасан 13 настай Б мориноос унаж хүнд бэртэж авсан. Түүнд сумын эмнэлэгийнхэн өөрсдийн нөөц боломжийн хэрээр эмчилгээ хийсэн боловч эмнэлгийн тоног төхөөрөмж хангалтгүй улмаас Улаанбаатар хотод яаралтай ирж эмчилгээ хийлгэх шаардлага гарсан.

Мориноос унаж бүртсэн хүүгийн биеийн байдал маш хүнд машинаар Улаанбаатар хотод авчрах боломжгүй аян замын ачаалал даахгүй учир сумын эмнэлэгийнхэн  нийслэлээс онгоц явуулахыг хүсч, албан бичиг хүргүүлсэн байдаг. Гэвч хүнд бэртэл авсан хүүг хэн ч тоогүй. Харин залуу эмч Тамир өөрийн танил  нөхөдтэй нийлж байгаад Blue Sky  Aviation компаниас 11 мянган долларын нислэг үйлдэх зардалыг нь  шийдвэрлэж нийслэлд авч ирсэн гэдэг мэдээлэл цахим хуудсанд нийтлэгдсэн байна. Мориноос унаж гэмтсэн ганц л хүүхдийг эмчлэхийн тулд ийм өндөр зардал гарсан байна шүү дээ.

Гэвч жил бүр хэчнээн уралдаан болж байна. Энэ бүгдэд унаж, гэмтсэн хүүхдийн тоо хэд байгаа билээ. Иймээс унаач хүүхдийн асуудлыг бүх шатны байгууллагууд анхааралдаа авах нь цаг болсон. Нөгөөтэйгээр унаач хүүхэд бэртсэн тохиолдолд тухайн хурдан морины эзэнд хариуцлага тооцдог болох хэрэгтэй.

Н.Алтанцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

top