|

Ц.Элбэгдоржийн Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейг нээж хэлсэн үг

munkhod 2015/05/19 984 0

Ц.Элбэгдоржийн Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейг нээж хэлсэн үг

 

Эрхэм хүндэт залуучууд аа, 
Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

 

Улс, эх орныхоо ирээдүйг залгамжлан жолоодох залуучуудын Азийн орнуудын төлөөлөл зорилгоороо нэгдэж, зэрэгцэн суугааг харахдаа баяртай байна.Та бүхний амар мэндийг айлтан мэндчилье.

 

Өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн 69 дүгээр хуралдаанаар баталсан "Рио+20” буюу Тогтвортой хөгжлийн зорилтуудад өнөөдрийн арга хэмжээ чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Азийн Залуучуудын Зөвлөлийн 13 дугаар Ерөнхий Ассамблейн төлөөлөгч, эрхэм зочид Та бүхэн эрүүл мэнд, боловсрол, залуусын хөдөлмөр эрхлэлт, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого хийгээд залуусын оролцооны асуудлаар саналаа солилцож, ажил хэрэгч шийдлүүд боловсруулахаар цуглажээ. Энэ бүх асуудлыг нэгдсэн агуулгаар нь авч үзвэл Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодит амьдралд хэрэгжүүлэх алхамболох юм. Дэлхийн хэмжээнд өгөөжөө өгөх чухал санаачилга Ази тивийн залуучуудаас эхэлж буйд баяртай байна. Ялангуяа, Монгол оронд минь цуглан чуулаад, санал бодлоо чөлөөтэй хуваалцаж нэгдмэл байр сууринд хүрье гэж шийдсэнд тань талархаж байна.

 

Миний биедэлхий дахинаа 2015 оноос хойших хөгжлийн үндсэн стратегийг эцэслэн тусгасан Тогтвортой хөгжлийн зорилтуудын гол агуулгыг айх аюулгүй, эрх тэгш, цэцэглэн хөгжсөн ирээдүйн төлөө ирж буй он жилүүдэд бүх улс хамтран ажиллахад зоригжуулан чиглүүлнэ гэж итгэж байна. Хүн төрөлхтний өмнө хүчирхийлэл мөргөлдөөн, хэт даврагч бүлгүүдийн террорист явуулга, урьд үзэгдээгүй гоц халдварт өвчин, байгалийн гамшиг зэрэг хямрал нүүрлэж, сорилт тулгарч байна. Үүний эсрэг бид хамтран бат зогсох шаардлага юм. Энх тайван, эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө Монгол Улс идэвхтэй оролцдог, НҮБ-ын голлох дэмжигч орны хувьд Монгол Улсын байр суурь бүгдэд тодорхой байдаг тул Улаанбаатарын яриа хэлэлцээг манай улс олон жилийн өмнөөс дэвшүүлсэн билээ.

 

Хөгжлийн зорилтуудыг тууштай хангаж, хойчийг гардан цогцлоох залуу үе энд цуглаж,Улаанбаатарын яриа хэлэлцээнд нэгдэнэ гэж бодож байна. Өдгөө манай тивд ойлголцол, итгэлцэл сул байгаагаас үүдэж газар нутгийн, далай тэнгисийн ужгирсан маргаантай байна. Эдгээр асуудалд шийдэл олдох нь гарцаагүй учраас эвлэрэл, ойлголцлын гол механизм нь Улаанбаатарын яриа хэлэлцээ байгаасай гэж бид үздэг. Бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх зорилтуудын нэгюм.Тиймээс Азийн орнуудын аливаа асуудлаарх маргааныг тасалдаг гол гэрч, үндсэн талбар нь Монгол Улс, Улаанбаатар хот байхаас хэзээ ч татгалзахгүй гэдгийг дуулгах байна.

 

Эвлэвэл бүтдэг, ховловол гутдаг гэх өвөг дээдсийн маань сэцэн үг бий. Хил залгаж, хаяа дэрлэж, нэгэн тивд оршин буй бидэнд эвтэй найртай байхаас өөр шийдэл байхгүй мэт боловч эвлэрч ойлголцоно гэдэг урт хугацааны хөдөлмөр шаарддаг гэдгийг Та бид ойлгоно. Улаанбаатарын яриа хэлэлцээгээр эдийн засгийн хамтын ажиллагаа, цэргийн салбарын ил тод байдал, байгаль орчны тулгамдсан асуудлууд, аюулгүй байдлын уламжлалт бус сорилтууд, бүс нутгийн тогтвортой байдал зэрэг нийтлэг асуудлыг нэн тэргүүнд онцолж байна. Цаашдаа улс орон бүр өөрт тулгамдсан асуудлаа Улаанбаатарын яриа хэлэлцээнд оруулан хэлэлцэж явах нь Ази тивд, дэлхийн бусад орнуудад ач тустай юм.  Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгыг урагшлуулах хүрээнд бид Зүүн Хойд Азийн Эмэгтэй парламентчдын уулзалт, Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, Хотын дарга нарын уулзалт зэрэг үр дүнтэй олон арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Цаашдаа ч үргэлжлүүлэн, хүрээгээ тэлэхийг зорьж байна. "Нэг Ази 2015: Азийн Залуучуудын Зөвлөлийн 13 дугаар Ерөнхий Ассамблей”-н хүрээнд "Зүүн хойд Азийн симпозиум” зохион байгуулагдаж байгаа нь залуучууд бүс нутгийн аюулгүй байдалд санаа тавьж буйг бататгасан хэрэг юм.

 

Өнөөдөр Та бид хэн ч дангаараа хөгждөггүй тийм л цаг үеийн түүхэн эзэд болоод буй. Өөрөөр хэлбэл, хөгжлийг нэг улс орноор хязгаарлах бус бүс нутгаар нь үнэлэн, хэмждэг шинэ тогтолцоо руу урагшилж байна. Зөвхөн Монгол Улсын гэж ярих нь өрөөсгөл болж Азийн хэмээн тодотгох нь илүү далайцтайн сацуу илүү үр дүнтэй.Манай орон далайд гарцгүй. Өмнөд, хойд бүх нутгаараа хоёр хөрш улстайгаа хиллэж оршдог, газарзүйн хувьд өвөрмөц тогтоцтой. 2014 оны есдүгээр сард БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар манай улсад айлчилсан нь түүхэн үйл явдал байлаа. Тэдэнтэй хамтарч хэрэгжүүлэхээр дэд бүтэц, тээвэр, дамжин өнгөрөх нөхцөл, худалдааны саадыг арилгах зэрэг асуудлаар хэлэлцэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон. Зарим нь эхнээсээ бодит ажил болж буйг ч харж болно. Манай улс хоёр хөрштэйгөө хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын орчинд нааштайгаар нөлөөлж, гуравдагч хөрштэй эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж нэмэгдүүлсэн юм. Хоёр хөршийнхөө дэмжлэгээр бидний өмнө дэлхий нээлттэй байдаг билээ. Хөрш оронтойгоо, бүс нутагтайгаа хамтрах, ойлголцох нь хөгжилд хүрэхийн баталгаа, тод жишээ гэдгийг Монгол Улс бүрэн нотолж байна.

 

Азийн Залуучуудын арвангуравдугаар Ерөнхий Ассамблейн хурлаас Дэлхийн Залуучуудын Ассамблейн Ази хариуцсан төлөөлөгчийн газрыг байгуулвал Монгол Улсын төр засгаас бүх талаар дэмжин хамтран ажиллах болно.

 

Эрхэм зочид оо, залуус аа.

 

Их түүхийн өлгий, эх газрын цээжинд орших уудам дэлгэр Монгол оронд минь тухлан саатаарай. Энэ дэлхийн бүх улсад Азийн орнуудын эв нэгдлийг, ази залуусын эрч хүч, эрдэм ухаан, хамтын хүчийг үлгэрлэн харуулахыг хүсье. Азийн Залуучуудын Зөвлөлийн 13 дугаар Ерөнхий Ассамблейн үйл ажиллагаанд амжилт хүсье.

Санал болгох

Сэтгэгдэл

top