|

ЭНХ ЦАГТ ЗАМ ДЭЭР АМИА АЛДСААР БАЙХ УУ

batzeveg 2017/07/31 355 0

ЭНХ ЦАГТ ЗАМ ДЭЭР АМИА АЛДСААР БАЙХ УУ
Зам тээврийн осол гэмтэл Монгол Улсад төдийгүй дэлхий дахины тулгамдсан асуудлуудын нэг болоод удаж байна. Зам тээврийн ослоор жилд 1,2 сая хүн нас барж, 500 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа аж.Харин манай улсад  жилд дунджаар ослын улмаас өдөрт 1-2 хүн, сард 44-45, жилд 500 гаруй хүн амь насаа алдаж байна. Өнгөрсөн онд гэхэд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 556 хүн амиа алдсан талаар Замын цагдаагийн газраас мэдээллээ. Энэ нь 2014 оноос 15 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн тоо 54 болон өсжээ.Харин ослын улмаас гэмтэж, бэртсэн хүний тоо 1382 байгаа аж.

Айдас дагуулсан автын ослын гол буруутанг  жолооч гэж бид ихэнхдээ боддог. Автын дүрэм, шалгалтын дүгнэлтээр ч голдуу жолооч нарын буруу болж хариуцлага хүлээдэг.Гэтэл энэ их үхэл зовлон дагуулсан авто замын ослын бас нэг гол буруутан нь явган зорчигч гэдгийг төдийлөн анзаарч үздэггүй. 

Томчууд, хүүхдүүд гэлтгүй явган зорчигчид осолд өртсөн тохиодлуудын дийлэнх олонхийг гарцгүй газраар зам хөндлөн гаталсан тохиолдлууд эзэлж буй аж. Энэ нь явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмийг төдийлөн мөрддөггүй гэдгийг харуулж байна.

Явган зорчигч, жолооч хоёулаа замын хөдөлгөөнд оролцдог ч аливаа ослын буруутан нь тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд л болдог. Явган зорчигчид ямар нэгэн хариуцлага хүлээлгэсэн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй.

Мэдээж машин, хүн хоёр мөргөдлөө гэхэд явган зорчигч л гэмтэж хохирно. Хамгийн гол нь замын хөдөлгөөнийхөө дүрмийг баримталж оролцохгүй бол өөрөө л хохирно гэдгийг ухаж ойлгоогүйгээс л энэ бүхэн үүдэлтэй.Хэдхэн секунд хүлээгүйнхээ төлөөсөнд явган зорчигч насан туршдаа тахир дутуу, цаашилбал амь насаа ч алдах аюултай гэдгийг дэндүү олон хүн ойлгодоггүй нь дайны байдлаас ч илүүгээр амиа алдахад хүргээд байгаа гэдгийг албаныхан өдөр бүр сануулж байна. Гэвч манай хэнэггүй иргэд тоолгүй явсаар эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирсоор байгаа юм.

Улаанбаатар хотод өдөрт дунджаар 300 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд зам тээврийн 200 орчим осол, зөрчил бүртгэгддэг гэх. Ослын цөөнгүй хувь нь явган зорчигчийн буруугаас үүдэлтэй байдаг талаар хөдөлгөөн зохицуулагчид өгүүлсэн.

Тиймээс замын хөдөлгөөний дүрэм биелүүлээгүй, гарцгүй хэсгээр зам гарч, хөдөлгөөнд саад учруулсан явган зорчигчид хүлээлгэх хариуцлага, дүрэм журмыг чангатгах шаардлагатай байна. Хашлага хийгээгүй бол хүмүүс
дуртай газраараа зам "бэлчдэг” байдал хэвийн үзэгдэл болсон.

Тээврийн прокурорын газар өнгөрсөн онд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 916 хэрэг бүртгэж, шалгасан байна. Үүний 147 нь явган зорчигчийн буруугаас болсон нь тогтоогджээ. Мөн зам тээврийн 3305 ослын 705 нь явган зорчигч буруугаас үүдэн гарсан гэх мэдээ байна. Зорчигчийн буруугаас болсон 705 ослын 414 буюу 58.7 хувь нь согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоноос, 291 буюу 41.3 хувь нь гарцгүй хэсгээр зам хөндлөн гарснаас үүдэлтэй байжээ.

Иймд явган зорчигчид ч гэсэн нэгийг бодож  хоёрыг тунгааж, хуулиа биелүүлэн  замын хөдөлгөөнд оролцож байх нь зүйтэй болов уу. Эс бөгөөс энх цагт дайн дажинтай үеийнх шиг өдөрт хэдэн арваара амиа алдсаар байх нь ээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top