|

"Эцэг хууль"-д гар хүрэхийн ард...

batzeveg 2017/08/11 440 0
Мэдээний зураг,

Хоёр гурван парламент дамжин яригдаж байгаа ч гар хүрч зүрхлээгүй "Эцэг хууль” буюу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хамгийн боломжтой цаг үе нь чухам энэ парламент буюу УИХ-д хэт олонхи болж, 65-ын бүлгээ байгуулсан эрх баригч МАН-ынханд байгааг тэд даруйхан ажил хэрэг болгохоор яаравчилж эхэллээ. УИХ дахь МАН-ын 65 бүлгийн олонхи гишүүд ялангуяа парламентад хамгийн олон жил сууж байгаа Д.Лүндээжанцан энэ ажлыг удирдан чиглүүлж байгаа бол Хууль зүйн сайд асан, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж аанай л хаширлан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажилд төдийлөн хутгалдахгүй, ажиглагчийн байр сууринаас хандсаар байгаа юм. УИХ дахь шинэ залуу гишүүдийн дотроос ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "Эцэг хууль”-д гар хүрэхээр хамгийн их яарч, бусдыгаа уриалж байгаагийн цаана тодорхой үндэслэл, эрх ашиг явж байгаа нь сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдаа холбоотой нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Үндсэн хуульд яаравчлан өөрчлөлт оруулахаар чармайж байгаа МАН-ынхан урдаа барьж байгаа гол үндэслэлээ "Үндсэн хуулийг боловсруулж байсан 1991 оны Монголын нийгэм эдийн засаг, улстөр ихээхэн өөрчлөгдсөн бөгөөд эдгээр өөрчлөлтөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсээд байна. Тодруулбал, шинэ Үндсэн хуулийн дэглэм үйлчилсэн 25 жилийн хугацаанд төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт-тэнцлийг хангах, улстөрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлж, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулахтай холбогдсон зарим нэг асуудлыг шийдвэрлэх шаардлага нийгмийн хөгжлөөс урган гарч байна” хэмээн тайлбарласаар байгаа. Тиймдээ ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг яаравчлуулж өнгөрсөн сарын 31-нээс эхлэн орон даяар хэлэлцүүлэг явуулж эхлээд байгаа.

Тухайлбал УИХ-ын Тамгын газраас томилогдсон 7 баг 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 03-ныг хүртэлх хугацаанд Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж эхлээд байгаа бөгөөд энэ хүрээнд төсөл хэлэлцүүлэгч эхний баг болох УИХ-ын Өргөдлийн байнгын хорооныхон  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи сургалт, хэлэлцүүлгийг Баянхонгор аймгийн төв Баянхонгор хотод өнгөрсөн сарын 31-нээс зохион байгуулж байгаа талаар УИХ-ын Тамгын газраас мэдээлсэн.

Монгол Улсын Их Хурлаас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 оны 02 дугаар сарын 09-нийн өдөр баталсан бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох”-д Зөвлөлдөх санал асуулгыг заавал явуулахаар хуульчилсан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад олон нийтийн оролцоог хангаснаар Үндсэн хуульд итгэх олон нийтийн итгэл, түүний хууль ёсны байдлыг улам бүр нэмэгдүүлэх болно хэмээн дээрх хуулиа тайлбарлаж байгаа.

Улсын Их Хурлын даргын 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж байгаа бөгөөд дээрх ажлын хэсэг нь "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг долоо хэмжиж, нэг огтлох зарчмын дагуу монголын нийгэм дэх Үндсэн хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй, харин улам бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан” болохыг тайлбарлаж байгаа юм.

Мэдээж Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжиж нийгмийн бүх л харилцаа ихээхэн өөрчлөгдсөнтэй уялдан Үндсэн хуульд төрийн тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалтын талаарх зарим нэг нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл мэдээж байгаа. Гэхдээ 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан өнөөдрийн парламент, ялангуяа төрийн эрх мэдэл, албан тушаалыг 60 тэрбумаар наймаалцах тухай нийгмийг донсолгосон гэмт хэргийн шинжтэй бичлэг хууль хяналтын шатанд шилжиж, хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа одоогийн нөхцөлд Үндсэн хуульд яаравчлан өөрчлөлт оруулахаар улайрч байгаа нь цаанаа томхон хардлага дагуулж байгаа юм. Төрийн эрх мэдлийг хууль бусаар худалдан авч наймаалцах талаар Монголын нийгэмд ил болсон МАН-ын дээгүүр албан тушаалтнуудын хэрэг шүүхэд шилжиж мөрдөгдөж байгаа энэ цаг үед УИХ-д 65 суудалтай хэт олонхи хүчээр түрий барин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь Үндсэн хуулиа өөрсдөө зөрчсөн, хууль эрхзүйн чадамжгүй үйлдэл гэдгийг улстөр судлаачид нэгэн дуугаар тайлбарлаж байгаа. Тухайлбал МУИС-ын багш, улстөр судлаач Ч.Өлзийсайхан "2016 оны УИХ-ын сонгуулийн олон тойрог дээр санал хураалтын дүн ихээхэн эргэлзээтэй гарсан. Бараг саяд нэг тохиолддог давхцал тав зургаан тойрог дээр гарсан нь үүний нотолгоо мөн. Ийм эргэлзээтэй санал хураалтаар парламентад орж ирсэн 65-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль эрхзүйн чадамжгүй” хэмээн ярилцлага өгсөн байсан. 

Эндээс эсрэг тэсрэг хоёр ойлголт Монголын нийгэмд төрж байна. Нэгдүгээрт нийгмийн хөгжлийг дагалдан төрийн эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй болгох үүднээс Үндсэн хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэсэн амьдралаас урган гарсан шаардлага. Хоёрдугаарт ихэд эргэлзээтэй санал асуулгын дүнгээр УИХ-д орж ирцгээсэн МАН-ын 65 бүлэг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар санаархсан 60 тэрбумын хэрэг нь хууль шүүхээр нэг тийш болоогүй байхад Үндсэн хуульд яаравчлан нэмэлт өөрчлөлт оруулж шүүх эрх мэдлийг парламентад авах нь өөрсдийгөө гэм зэмгүй авч гарахаар улайрч байгаагийн хамгийн бодитой нотолгоо мөн. Товчхондоо энэ нь УИХ дахь МАН-ын 65-ын бүлэг өөрсдөө Үндсэн хуулиа зөрчиж, төрийн эрх мэдлийг хүчээр нэг талд гаргах гэсэн ноцтой үйлдэл юм.    

УИХ дахь МАН-ын 65-ын бүлэг намрын чуулган эхлэнгүүт Үндсэн хуульд хүчээр яаравчлан өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлан жинхэнэ бэлгэ тэмдгийн төдий болгохоор улайрч эхэлсэн нь өнгөрсөн сарын 31-нээс орон даяар явуулж эхлээд байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаарх санал асуулгаас тодорхой харагдаж байгаа. Хэдийгээр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хэрэгжиж эхлэх хугацааг 2020 он гэж төсөлд тусгасан ч УИХ-д хэт олонхи буюу 65-ын бүлэг хэрэгжилтийн хугацааг яаж л бол яаж дураараа нааш нь татах боломжтой юм. Хэрвээ Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлан бэлгэ тэмдгийн төдий болговол оффшорт нуусан мөнгө, МАН-ын 60 тэрбумын авилга, албан тушаалын гэмт хэрэг гээд Монголын нийгмийг доргиосон гэмт хэрэг бүхэн ямар ч гэм зэмгүй өршөөгдөж, Монголыг дахин авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг нөмөрч, шударга ёсны туяарч эхэлж байсан үүр харанхуйлах болно. Монголчууд үүлэн чөлөөний наран шиг үзэгдээд өнгөрөх шударга ёс, шинэчлэлийг эхлүүлээд ямар ч үр дүнгүй өнгөрүүлэх гэж Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгоогүй. Харин ч энэ хүн эхэлсэн бүх шинэчлэл, шударга ёсны тэмцлээ эцэст нь тултал хийж гүйцэтгэх ёстой гэдгийг нэгэн дуугаар илэрхийлцгээж байгаа. Ингэхийн тулд МАН-аар "Эцэг хууль"-иар тоглуулахын эсрэг ард нийтээрээ эсэргүүцэл илэрхийлэх шаардлагатай нь өдрөөс өдөрт тодорхой болж байна.   

http://mongolcom.mn/read/48999

Санал болгох

Сэтгэгдэл

top