|

ЗАСГИЙН ГАЗРАА ОГЦРУУЛСАН ЗАРДАЛ ХЭД БОЛОХ ВЭ

munkhbat 2017/09/14 724 0

ЗАСГИЙН ГАЗРАА ОГЦРУУЛСАН ЗАРДАЛ ХЭД БОЛОХ ВЭ

 

Энэ сарын 7-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах санал хураалтад 73 гишүүн санал өгч, 57.5 хувиар огцруулсан

 
Дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор байгуулах хуулийн зохицуулалттай тул тухайн өдрөөс "тоолуур" гүйж эхэлсэн билээ. Гадны хөрөнгө оруулагчдын гурван ч том чуулган шил шилээ даран Улаанбаатар хотод болохтой давхацсан, олон үзэгчтэй уг улс төрийн "эмгэнэлт жүжиг”-ийн "тасалбар" ямар үнэтэй вэ.

Хамгийн ойрын жишээ дурдахад, 2014 оны арваннэгдүгээр 5-нд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон. Ийн улс төрийн тогтворгүй байдал бий болсноос үүдсэн эдийн засгийн зардлын тухайн зарим тоо, баримтыг дурдъя. Тухайн үед Оюу толгойд далд уурхайн санхүүжилтийг хийх сонирхлоо илэрхийлээд байсан Дэлхийн банкны төлөөлөгчид манай оронд хийх айлчлалаа хойшлуулсан. Оюу толгой төслийн далд уурхайн нэмэлт санхүүжилт дор хаяж дөрвөн тэрбум гаруй ам.доллар гэсэн тооцоо гарч байв.

Ийн гадны хөрөнгө оруулагчид Монголоос зайгаа барих мөчид ам.долларын ханш cap хүрэхгүй хугацаанд 100 орчим төгрөгөөр чангарч, 1,900 төгрөгт дөхсөн. Ам.долларын ханш өсөх тусам манай улсын хүлээх алдагдлын хэмжээ ихсэж байдаг. 2008 оны эдийн засгийн хямралын үед хувийн хэвшил долларын ханшаас үүдэн 235 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан бол тухайн үед 786 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.

2008 оны эдийн засгийн хямралаар иргэд долларын өсөлтөөс болж 43 тэрбумын алдагдал хүлээсэн бол 2014 онд Засгийн газраа огцруулснаас болж 48 тэрбум төгрөгөө салхинд хийсгэсэн гэсэн тоо баримт бий. 2012-2014 онд Шинэчлэлийн Засгийн газрын үед Монгол Улсыг эдийн засгийн өсөлт 11 хувьтай байсан. Дараагаар нь 2015 оны сүүлд 2.5 хувь болж, 2016 онд гарсаар огт өсөөгүй.

Удаах Засгийн газар шуурхай арга хэмжээ авч чадаагүй, хөрөнгө оруулагчдын итгэл алдарсны улмаас унасан энэ тоог өсгөх нь битгий хэл барьж чадаагүй байдаг. Мөн засгаа унагаснаас үүдэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.доллараас 110 сая болтлоо буурсан. Гадаад хөрөнгө оруулалт тэгтэй тэнцэж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш эрчээ авч 2,500 төгрөг давсан.

2014 онд УИХ Засгийн газрыг унагаснаас үүдэн Монгол Улс дээрх хэмжээний зардал гаргасан гэж хэлж болно. Түүхэнд хэрвээ гэж үг байдаггүй Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим улс төрийн түүх боллоо гэхэд хилсдэхгүй. Уг танхимыг буулгахад гарсан нийт өртгийг одоо хэлэхэд эрт ч зарим нэг тоо баримтыг дурдъя. Гадны хэвлэлүүд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсонтой холбоотойгоор олон улсын зах зээл дээр манай улсын бондын ханш унасан талаар мэдээлж эхэлжээ.

Олон улсын санхүүгийн зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэдэг "Tradewefc” компанийн мэдээлж буйгаар, манай улсын 2022 онд өрөө тэглэх ёстой "Чингис” бондын ханш 0.462 центээр унаснаар нэгжийн үнэ нь 97.539 цент болсон гэнэ. Энэ нь "Чингис” бонд долоодугаар сараас хойш хамгийн өндөр хувиар унасан үзүүлэлт боллоо. Мөн Хөгжлийн банкнаас гаргасан 2021 онд төлөх ёстой бондын ханш 0.270 центээр буурснаар нэгж бондын ханш 117.729 цент болжээ.

Үүнээс гадна Монголбанкны ханшаар өнгөрсөн даваа гарагт юань 378.63 төгрөгтэй тэнцсэн. Ингэснээр өмнө байгаагүй өндөр үнэд хүрч байна. Монгол Улсын гадаад худалдааны 60 гаруй хувийг БНХАУ эзэлдэг. Юанийн энэ ханшийн өсөлт наймаачдад хамгийн хүнд тусах бөгөөд цаашлаад зарим бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж мэдэх нөхцөл байдал үүсэх нь.

Засгийн газар огцруулсан үйл явдлын "тасалбар’'-ын үнийг урьдчилан тооцоход ийм дүр зураг харагдаж байна. Монгол Улсын хөрш болон байнгын харилцаатай орнууд, гадны хөрөнгө оруулагчид манай улс төрийн байдлыг ажиглаж буй энэ үед засаг огцорсон зардлыг бууруулах арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй. Тэгж чадахгүй бол Монгол Улс 2014 оны түүхээ дахин давтах нь.

Мэргэжлийн Засгийн газар ч бүрдсэн даруйдаа Олон улсын валютын санд хандаж, өнгөрсөн тавдугаар сарын 23-наас манай улсад ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжих шийдвэр гарсан. Засгийн газар огцорсноор уг хөтөлбөрт өөрчлөлт орж мэднэ. Гадны сэтгүүлчид манай дараагийн Ерөнхий сайд өмнөх зарим сайдыг албан тушаалд нь томилж байж, олон улсын хөрөнгө оруулагчдыг тайвшруулна.

Мөн ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлээд явах хангалттай олон улс төрч Монголд бий хэмээн дүн шинжилгээ хийж байна. Ямартай ч дараагийн засагт ОУВС-тай хийсэн тохиролцоог үргэлжлүүлэх нэн тэргүүний үүрэг бий болж байна. Мөн ирэх онд хийгдэх өрийн төлөлтүүдийг энэ парламентад байнга сануулах хэрэгтэй болов уу. Манай улсын таван жилийн өмнө олон улсын зах зээлээс босгосон Чингис бондын эхний 500 сая ам.долларын эргэн төлөлтийг он гараад барагдуулах ёстой.

Тодруулбал, 2012 оны арванхоёрдугаар сард босгосон Чингис бондын 4.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сарын 5-нд төлөх хуваарьтай. Энэ тоог долларын ханшийг 2,500 төгрөгөөр тооцож үржүүлбэл нэг их наяд 250 тэрбум болж байна. Энэ нийтлэлийг бичих мөчид долларын ханш 2452 төгрөгтэй тэнцэж байна. Америк ногооны эсрэг төгрөг энэ хэвээрээ байвал мэдээж Монгол Улсад ашигтай.

Гэхдээ 2014 онд Засгийн газраа огцруулснаас болж ам.долларын ханш ганцхан сарын дотор 100 төгрөгөөр чангарсан тухай дээр дурдсан. Долларын ханшийн өсөх тусам манай улсын хүлээх алдагдал эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед бэрх даваа болно. Мөн Чингис бондын эргэн төлөлтийн араас ирэх оны тавдугаар сард Дим Сан бонд буюу нэг тэрбум юанийн хүүд 160 сая ам.доллар төлөх ёстой. Өөрөөр хэлбэл, он гараад Монгол Улс 660 сая ам.долларын өр төлбөр барагдуулна.

Засгийн газар огцроод өнөөдөр яг долоо хоножээ. Хуулийн зохицуулалтаар шинэ засгаа бүрдүүлэх 23 хоног үлдэж байна. Шинэ Засгийн газар өнгөрсөн онтой харьцуулахад арай дээр нөхцөл байдалтай ч, тийм таатай бус төсөвтэй төрийн эрхийг авна. Тиймээс хамгийн түрүүнд өмнөх засаг огцорсон "зардал”-ыг багасгах арга хэмжээ авах хэрэгтэй болж таарч байна.

Өглөөний сонин
Т.Болор-Эрдэнэ

Санал болгох

Сэтгэгдэл

top