|

У.Хүрэлсүх шахаа, тохироонд орвол Засгийн газар нь "Амьтны ферм" л болно

saikhnaa 2017/09/29 755 0

У.Хүрэлсүх шахаа, тохироонд орвол Засгийн газар нь "Амьтны ферм" л болно

Монголын улс төрд эргэлтийн шинжтэй шийдвэрүүд гарч байна. МАН-ын Бага хурлаас У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр дэмжив. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч X.Баттулгатай зөвшилцөж, өдөртөө хариуг нь авлаа. Одоо УИХ дахь намуудын бүлэг, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд шийдчихнэ.

Үүнтэй зэрэгцэн У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүн яригдаад эхлэв. Хэн сайд болох вэ гэдэг марафон гэсэн үг.

Хэд хэдэн хувилбар яригдаж байна. Тохь тухтай, туршлагатай улстөрчдөөс танхимаа бүрдүүлэх нээ гээд нэр зоосон харагдана.

Бас анх удаа сонгогдсон, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад оролцсон гишүүд сайд болох гэж байна гэсэн мэдээлэл ч цацагдав.

Үнэнийг хэлэхэд У.Хүрэлсүх бол Монголын нийгмийн "өлсөөд” байгаа шударга ёсыг ярьж л гарч ирсэн. Хувь улстөрчийнх нь араншин, шударга ёсыг мөрөөдсөн ард түмний хүсэл түүнийг ийн гарч ирэхэд нөлөөлсөн нь туйлын үнэн юм. МАН дотроо үзэлцэж ялалт байгуулсан гэхээсээ нийгэм У.Хүрэлсүхийг дэмжсэн. Магадгүй, ийм их тэмцэл, мөргөлдөөн, толхилцоон дундаас Монгол Улсын Ерөнхий сайд төрж байсан түүх үгүй байх. Тэр утгаараа У.Хүрэлсүхэд Ерөнхий сайдын суудал ихээхэн үнэтэй олдож байгаа юм. Итгэл ардаа хариуцлага нэхдэг. Т эгэхээр У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар хэрхэн хөдлөхөөс бүх зүйл шалтгаална. Түүний Засгийн газрыг олон саад, даваа хүлээж байна.

Гэхдээ У.Хүрэлсүх танхимаа зөв бүрдүүлж чадвал түүртэхгүй гэдгийг ажиглагчид хэлж байна.

Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайдаар ажиллах санаатай бараг л 65 гишүүн байх шиг ээ.  Ийм олуулаа сайдад зүтгэж байсан түүх бас л үгүй.

Олдвол өлдөнө. Ингэж байгаад эв нэгдэл гэдгээр бамбай хийж, шахаа тохирооны Засгийн газар байгуулчих магадлал харагдаад эхэлж байна. МАН-ын дарга М.Энхболд Бага хурал дээрээ тавьсан илтгэлдээ "...Төрийн албаны томилгооны 51 хувь"-нь УИХ, Засгийн газрын гишүүдийн шахаа” гэж мэдэгдсэн. Энэ маш ноцтой мэдэгдэл шүү.

Чухамдаа У.Хүрэлсүхийг үүний эсрэг л олон нийт дэмжсэн. Тиймээс У.Хүрэлсүх шахаагаар тохироогоор Засгийн газраа бүрдүүллээ гэвэл улс төрийн карьертаа цэг тавилаа л гэсэн үг. Намаас илүүтэй олон нийт хүлээн зөвшөөрөхгүй болно гэдэг улстөрчийн амьдралын төгсгөл юм. Өнөөдөр өгсөн дэмжлэгийг эв нэгдэл хэмээх бялуу хуваах ёсоор хариулбал У.Хүрэлсүх улс төрд удаан амьдрахгүй.

Хэрвээ тэр Засгийн газартаа Английн зохиолч Жорж Орвеллийн "Амьтны ферм” туужийн Наполеон, Сноуболл нар шиг нөхдийг багтаах аваас өөрөө тэдний нэг гэгдэж, амьтны фермийн удирдагч төдийхнөөр түүхэнд үлдэх болно.

Аль 1945 онд анх хэвлэгдэж байсан ч эдүгээг хүртэл дэлхийн улс төрийн ширээний ном хэвээр байгаа "Амьтны ферм”-ийг манай улстөрчид ч бас уншсан биз ээ. Фермерээ эсэргүүцэж бослого гаргасан амьтдын ялалтын дараа бослогыг удирдсан гахайнууд эрх мэдлийг эдэлдэг. Товчхондоо, эрх баригчдыг тарган, бохир, цаддаггүй амьтан болох гахайтай зүйрлэн элэглэж бичсэн байдаг. Харин ард иргэдийг номхон хүлцэнгүй, гэхдээ тэнэгдүү хонь малаар төлөөлүүлсэн байгаа юм.

Амьтад ялалтаа байгуулсны дараа"долоон дүрэм” баталцгааж. түүнийгээ хонь, үхэр, оготно гэлтгүй бүгд цээжилцгээн мөрдөх болно. Гэвч удалгүй эрх мэдэлд умбасан гахайнууд "долоон дүрмээ” гуйвуулан "...Бүх амьтад тэгш эрхтэй, гэхдээ гахай давуу эрхтэй” болтол нь өөрчилжээ. Удирдагч Наполеон нэрт гахай шөнө бур орныхоо дөрвөн талд бие хамгаалагч нохойгоор мануулж, олны өмнө үзэгдэхдээ азарган тахиа, нохой зэргээр биеэ хамгаалуултлаа хамраа сөхжээ. Тэрээр хүний өмсдөг хувцас өмсч, шар айраг ууж, хөзөр тоглоно.

Энэ мэтээр "амьтны ферм”-ийг цогцлоох боловч тэднийг удирдаж буй гахайнуудын хооронд томоохон эрх мэдлийн тэмцэл үүсэж улмаар хагаралдана.
Санаа нь бол энэ. Манай улс төрийн хөрсөн дээр шууд бууна хэмээн туршлагатай улстөрчийн хэлснийг дамжуулъя. 

Тиймээс улс төрийн гахайг төрүүлэхгүй байх, төрсөн бол түүнээс салах нь манай нийгмийн захиалга.

Мөн нийтлэлч Баабар саяхан, Үндсэн хууль баталсны 15 жилийн ойн хуралд үг хэлэхдээ Гавьяат уяачийн одон тэмдгээ гялалзуулсан гахайнууд араб морины уралдааны бариан дээр бооцоо тавин үзэлцэнэ. Бооцоонд эх орны баялаг. эцэг эхийн өв хөрөнгөөс эхлээд өнчин хүүхдийн эцсийн ганц зүсэм талх, өвчтэй эмгэний сүүлчийн ганц ширхэг эм хуу явна. Учир нь бид бүгдээрээ тэгш эрхтэй боловч гахай илүү тэгш эрхтэй.

Шалдан гахайнууд доллар, төгрөг холилдсон дэвсгэртийг зүйн монгол дээлэрхүү юм хийж өмсөх боллоо. Энэ шинэ жилээр гоёх юм нь 250 саяын дэвсгэртүүдээр урласан даашинз. Ерөнхий гахай таван өнгөөр солонгордог хүрэм хийж өмссөн боловч өртөг нь багадсан хэмээн үнийг нь хэлэхээс ичингүйрнэ. Гахайнууд айж ичин хулгай хийдэг байсан бол одоо ид хав болгон дээрэм хийдэг болжээ. Уул нь бүх амьтан шударга, гэхдээ гахай илүү шударга, яагаад гэвэл ямагт гахайны зөв. Хууль маань иймэрхүү л утга санаатай болсон.

Гахайнуудаас олон тоорой төрлөө. Духандаа дазыбао ороосон хунвэйбин тооройнууд. Тэдэнд ямар ч дүрэм, журам үйлчлэхгүй. Тэд бүгдийг, түүний дотор өөрийг нь амьсгаадан байж хийсэн эцэг бодонгоо ч мөргөнө. Мөргөдөг гахайнууд. Багалзуурддаг гахайнууд. Хаздаг гахайнууд. Тангардаг гахайнууд. Тэр байтугай англиар ярьдаг тоорой ч бий. Тэд ямар ч дүрэм, журам, хууль ёсыг мэдэхгүй. Учир нь хайрт эцэг нь тийм юм байдаггүй юм гэж зааж өгсөн юм. Хууль мууль гэж хэн нэг нь яривал бичгийг нь хурааж авч ураад салтаа руу нь чадлаараа өшиглөөрэй гэж сургасан юм.

Гахай мөртөө хаусанд өссөн тэд хурдан торнин удахгүй "илүү тэгш эрхтэй” биш "илүү эрх мэдэлтэй" нас бие гүйцсэн бодон болно. Харин түүнийг дийлэх амьтан хорвоо дээр олдохгүй болно. Тэр үед эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс гэсэн үлгэр домгийн шинжтэй туульсыг өтөл буурай хөгшчүүд үдшийн цагаар хаалга цонхоо битүүлж байгаад үр ачдаа шивнэн ярих болно” гэсэн юм.

Ингэхээр Монголын нийгэм Ерөнхий У.Хүрэлсүхийг Засгийн газрын гишүүдтэй нь харж байх болно. Тиймээс түүнд улс төрийн гахайнуудыг цэвэрлэх үү эсвэл У.Хүрэлсүхийн гэх "амьтны ферм” нээж, өөрөө удирдагч нь болох уу гэдэг хоёр л зам бий. 

Хэвлэлүүд, цахим сүлжээнд дараагийн Засгийн тухай л бичиж, ярьцгааж байна. Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайд, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болчихвол гахай, нохойны асуудал бага яригдах төлөвтэй. Дээрээс нь Ц.Даваасүрэн, Д.Цогтбаатар нарын хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчид Эрчим хүчний сайд, Гадаад харилцааны сайдаар ажиллавал бас л догь Засгийн газар болох нь ээ.

Мөн Батлан хамгаалахын сайдаар энгийн хүн байх энгийн хүн байх ёстой энэ тэр гэлгүй, хүлээн зөвшөөрөгдсөн цэргийнхнээсээ, Эрүүл мэндийн сайдаар амины болон албаны эрх ашгаа ялгаж салгаж чаддаггүй өмнөх сайдаасаа эрс ялгарах томилгоо хийж чадвал Хөдөө аж ахуйн сайдаар "Гацуурт”-ын Л.Чинбатыг тавиад явбал олон нийт таалах л шинжтэй шүү.

Ерөөс 1990-ээд оноос хойших Монголын улс төрийн түүхэнд бүрэн эрхээ дуустал хэрэгжүүлсэн хоёрхон Засгийн газар байдаг. Нэг нь 1992-1996 онд ажилласан П.Жасрайнх, нөгөө нь 2000-2004 онд Н.Энхбаярын Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлжээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Засгийн газрынхаа талаар хожим нь"... Манай Засгийн газар маш сайн баг байсан. Ц.Нямдорж хууль зүйн асуудлаа, Ч.Улаан санхүүгээ сайн мэднэ. Тиймээс амжилттай ажилласан” гэж хэлсэн байдаг. Ингэхээр У.Хүрэлсүх шахаа, тохирооноос ангид маш сайн баг бүрдүүлэх  учиртай юм.

Харин түүнийг Ерөнхий сайд болоход дэмжлэг үзүүлж саналаа өгсөн гишүүдээр Засгийн газар нь дүүрэх аваас дээр хэлсэнчлэн Засгийн газар нь "амьтны ферм” болж улс төрийн гахайнууд улам үржих юм.

Б.ДАМДИН-ОЧИР, ЗУУНЫ МЭДЭЭ

Санал болгох

Сэтгэгдэл

top