УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "Намайг сайдаар ажиллах байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, эхнэрийнхээ хамаатны ""Засагт чандмань майнз" компанинд хууль бусаар концессын гэрээ авч өгсөн хэмээн нэлээн бичлээ. Энэ бол гүтгэлэг. Ялангуяа Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч байгаа энэ үеэр зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээлээ.
Миний нэр холбогдоод байгаа Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэр сумыг холбосон 130 км-ын хатуу хучилттай авто замын тендерийг өнгөрсөн хоёрдугаар сарын 7-ны өдрөөс хоёр сарын хугацаанд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм билээ. Улмаар найман компани бүртгүүлсэнээс 60 хоногийн дараа тендерийг хаахад ганцхан компани буюу "Засагт чандмань майнз" компани хүсэлтээ өгсөн байдаг юм билээ. Тиймээс хүсэлтээ өгсөн ганцхан компанитай Үндэсний хөрөнгө оруулалтын газар хуулийн дагуу гэрээ байгуулсан байна лээ.
Энэхүү компанид миний бие болон манай гэр бүлийн нэг ч хүн хувь эзэмшдэггүй. Хөрөнгө оруулалт хийж байгаагүй. Үйл ажиллагаанд нь ч оролцож үзээгүй.
Энэ компанид олон хүн хувь эзэмшдэг. Үүний нэг нь манай эхнэрийн хамаатан. Хамаатан гэдэг шалтгаанаар тендерийн шалгаруулалтын хуулийн дагуу оролцож, хуулийн дагуу концесс авсан компанийг гүтгэж болохгүй. Мөн тэглээ гээд бүтээн байгуулалт хийж байгаа, олон мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа компаний үйл ажиллагааг зогсоох эрх надад байхгүй.
Тиймээс энэ сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан эсэхийг, мөн миний сайдаар ажиллаж байхдаа хууль бусаар гэрээ байгуулах эрх олгосон эсэхийг шалгаж тогтоож өгнө үү хэмээн хуулийн байгууллагаас хүсч байна. Хэрвээ тогтоогдвол тэрхүү гэрээг цуцалж, надад хуулийн дагуу хариуцлага тооцоход би бэлэн. Хууль зөрчсөн, хулгай хийсэн нэг ч үйлдэл надад байхгүй гэдгийг албан ёсоор хэлье" гэлээ.
Мөн "Шинэ Засгийн газар бүрдэх гэж байна. Дараагийн кабинетэд сайд болох гэж ийм үйлдэл хийж байна гэж харж магадгүй. Тийм зүйл байхгүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ажиллаж байсан сайд гишүүнээ хавсран хийж байсан найман сайдын нэг нь ч У.Хүрэлсүхийн Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ намын гишүүддээ мэдэгдсэн" гэв.
Ингээд мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Шинэ Засгийн газарт орж ажиллах сайд нарын нэрс эцсийн байдлаар тодорсон уу?
-Сайдуудын нэрийг эцсийн байдлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-д өргөн мэдүүлнэ. Одоогоор эцэслэсэн зүйл алга. Дотооддоо яригдаж байна.
Б.Чимэг
http://www.zaluu.com/read/1951h831g