Мерси Кор олон улсын байгууллагаас өвөлжилтийн хүндрэлийг даван туулах чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд малчдад цаг уурын мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг нэвтрүүлэх тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршсан байдаг. Энэхүү туршлагатай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн наймдугаар сард Шадар сайд байхдаа танилцаж, уг үйлчилгээг энэ намраас эхлэн үндэсний хэмжээнд холбох боломжийг судлах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүргийн дагуу өнөөдөр нийт 21 аймгийн 1550 багийн 160.600 малчин өрх цаг уурын мэдээллийг шуурхай хэлбэрээр гар утсаараа хүссэн үедээ авах боломж бүрдэж байна. Тодруулбал МЕССЭЖ үйлчилгээг 330.000 малчин хэрэглэж, Онцгой байдлын ерөнхий газраас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай, өөрийн хүссэн үедээ авах боломжтой болох юм.
Уг ажлын хүрээнд өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон "Юнител групп”, "Мобиком корпораци”, "Скайтал” болон "Жи-Мобайл” ХХК-ийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр малчид багийн төвшинд цаг агаарын мэдээ, бэлчээрийн ургацын мэдээ, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай, өөрийн хүссэн үедээ хүлээн боломжтой болж байна. Цаашид уг үйлчилгээг хөгжүүлэн малын өвчний гаралт, цасны хэмжээ, бэлчээрийн даац, малын түүхий эдийн зах зээлийн үнэ гэх мэт мэдээллийг хүргэх боломжийг бүрдүүлэх юм.
Уг үйлчилгээг өнгөрсөн оны 06 дугаар сараас ашиглалтад оруулан туршиж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 57 мянга гаруй малчдаас хүсэлт авсан байна. Хэрэглэгчдийн 51 хувь нь цаг агаарын мэдээллээ уг системээс голчлон авдаг. Олонх буюу хэрэглэгчдийн 90 хувь нь цаг агаарын мэдээллийн таарц маш сайн байгааг илэрхийлж, 81% хувь нь энэ системийн үйлчилгээг сайн гэж дүгнэжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.