|

Б.Хурцыг огцруулах асуудал жилийн өмнөөс яригдсан ч Ж.Эрдэнэбат шийдэлгүй өнөөг хүрчээ

saikhnaa 2017/10/27 846 0

 

Тагнуулын Ерөнхий Газрын дарга, генерал Б.Хурц өчигдөр гэнэт хэвлэлийн хурал зарлан, мэдээлэл хийв. Хурал хийлгэсэн шалтгаан нь маш тодорхойгүй бөгөөд тэрээр энэ үеэрээ  Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдоржтой холбоотой элдвийн сөрөг мэдээллийг нийлүүлж ярьсан юм.

Тодруулбал Б.Хурц: "Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сүүлийн нэг жил орчим  С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар нилээд ярьж байна. Ц.Нямдорж  С.Зоригийн хэргийг мөрдөн ажлын хэсгийг дандаа бусниулж ирсэн. Ямар санаа зорилготойг мэдэхгүй. Аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу С.Зоригийн хэргээр ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай заасан байдаг. Гэтэл Ц.Нямдорж гэж хүн энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан...Ц.Нямдорж гуай сайд болохоороо дандаа Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг....
....Ц.Нямдорж гэж хүн гадны тусгай албатай холбоотой байсан уу, үгүй юу гэдэг хэргийг бид дахиж шалгасан. Энэ хэргийг одоо нууцлалын зэргээс гаргаж болохоор болсон. Гадны тагнуултай холбоотой хэрэг мэдээж адармаатай, хэцүү. Бид энэ асуудлаар баримтат кино хийж, гадны тусгай албадаас сэрэмжлүүлэх хэрэгтэй юм байна гэж үзсэн.
Ц.Нямдоржийг гадны тагнуулын байгууллагатай холбоотой гэх 42 хуудас материал ТЕГ-аас алдагдсан нь үнэн. Манай байгууллагын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ хэргийг шалгасан. Тун удахгүй нууцлалын зэргээс гаргана... 2004, 2005, 2006 онд Ц.Нямдорж 'Эрдэнэт' үйлдвэрт Анхбаяр гэдэг хүнээр дамжуулж, 42 сая ам.долларын бараа нийлүүлсэн байдаг шүү...Ц.Нямдоржийн хүү, хуурай дүү нь гэж хоёр Анхбаяр байдаг." хэмээсэн.

Б.Хурцыг огцруулах асуудал жилийн өмнөөс яригдсан ч Ж.Эрдэнэбат шийдэлгүй өнөөг хүрчээ

  Харин уг мэдээллийн дараа Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж хариу мэдээлэл хийж, "Б.Хурцыг тун удахгүй өөрчлөх гэж байгаа тул сандарч, ийн мэдээлэл хийлээ" гэсэн юм. Тэрээр мөн Б.Хурцын тухай: " ТЕГ-ын дарга Б.Хурц хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Зул бөхөхийнхөө өмнө нэг  бадамлаж асдаг. Тэр л болж байгаа болов уу. Би УИХ-д байр сууриа хэлсэн. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Солигдохоо мэдчихээд тэгж байна...Хуулийнхан толгой дээр гарч, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  энэ улсыг түйвээсний илрэл бол энэ. Далдуур дээрэм хийдэг, төрийн толгой дээр гарсан. Өнөөдөр Б.Хурц хурал хийснээрээ өөрийнхөө чухам юу хийж байснаа илчиллээ." гэсэн билээ.
 
  Ийнхүү Монголын нэн шинэ түүхэнд анх удаа Хууль зүй, Дотоод Хэргийн сайд, Тагнуулын Ерөнхий Газрын дарга нар нэг нэгнээ "Муу муухай бүхний туйл, гэмт бүлэглэлийн төлөөлөл, хууль зөрчигч" хэмээн маргалдаж буй тохиолдол гарч байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Тагнуулын Ерөнхий Газрын Дарга Б.Хурцыг өөрчлөх асуудал аль УИХ-ын 2016 оны сонгуулийн дараанаас л МАН-ын лидерүүдийн хүрээнд яригдаж эхэлжээ.Тэр бүү хэл тухайн үед УИХ-ын дэд дарга байсан, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж бүр өөрийн биеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээр орж уулзан, Б.Хурцыг нэн даруй өөрчлөх хэрэгтэй гэж санал дэвшүүлж байсан гэнэ. Гэвч Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат  ТЕГ-ын дарга Б.Хурцыг огцруулах асуудлыг учир үл ойлгогдох шалтгаанаар дэмжилгүй, шийдэлгүй өдийг хүрсэн аж.
 
П.Энхмандах
Эх сурвалж: Sonin.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top