Монголчууд бид "хөнжлийнхөө хирээр хөлөө жийх” гэж ярьдаг. Энэ үгийн утга боломж нөхцөлтэй зохицон амьдрах гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Гэхдээ хөнжлөө томруулж болохгүй гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл энэ нь боломжоо сайжруулж болно гэсэн үг.
Гэвч энэ үгийн утга санааг оюуны үрийг таригч эрхэм багш нар маань ойлгохгүй, эсвэл ойлгохыг хүсэхгүй байгаа нь харамсалтай. Төсвөөс цалинждаг Ерөнхий боловсролын сургуулийн багш нар цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж, ажил хаяхаа удаа дараа мэдэгдээд байгаа. Тэдний энэ үйл ажиллагааг МҮЭХ дэмжиж байгаа, дэмжих ч ёстой. Гэхдээ ҮЭ-ийн байгууллагын зүгээс нөхцөл байдлаа харгалзан үзэж нэмэх асуудлыг ярих нь зөв гэдэг саналтай байгаа нь сайшаалтай. Гэвч багш нар үндсэн цалингаа 30-50 хувь нэмүүлэхийг шаардсан хэвээр.
Юуны өмнө багш нар цалингаа нэмэхийг шаардаж байгааг буруутгах гэсэнгүй. Ийм шаардлага тавих нь тэдний эрх. Гэхдээ нөгөө талаас эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзан үзэж, бодитой, биелэгдэхүйц шаардлага тавьсан бол аль аль талдаа хэрэгжих магадлал өндөр гэдэг өнцгөөс асуудалд хандаж байгаа хэрэг.
Улс орны эдийн засаг хүндхэн байгаа, Дэлхийн банк, ОУВС-ийн зээл болон бондын зээлээр төсөв санхүүгийнхээ ихэнхийг бүрдүүлж байгаа ийм цаг үед 30-50 хувь цалингаа хэмүүлэхийг шаардаж байгааг нь нийтлэлийн ихэнхд дурьдагдсан "хөнжлийнхөө хирээр хөлөө жийгээгүй”-тэй адилхан хэрэг болоод байна.
Маш энгийнээр тайлбарлавал нэг айл өрхийн орлого нь гэр бүлийнхээ хэрэгцээнд дөнгөн данган хүрч, хүүхдүүддээ шинэ хувцас хунар байн байн авч өгч чаддаггүй ч гэсэн, ямартай ч тэднийгээ өлсгөчилгүй, талх будааг нь авч хүрэлцэж байхад хүүхдүүд нь шинэ хувцас авах, талхны оронд тоорт, алим жимс авах гэж зөрүүдлэхтэй адилхан хэрэг юм. Энэ тохиолдолд аав, ээжүүд шийдвэр гарган хүүхдүүдийнхээ хүслээр хэд хоног тэдэнд торт, жимс, шинэ хувцас авч өгч болох ч үлдсэн хоногуудад тоорт байтугай талх ч авах мөнгөгүй өлөн зэлмүүн болчих гээд байгаа юм.
Ийм энгийн логикийг эрдэм түгээдэг эрхэм багш нар маань үл ойшоож, цалингаа 30-50 хувь нэмэгдлүүлэхийг Засгийн газраас шаардаж байгааг харахаар нэг бол тэд төсөв санхүү, эдийн засгийн талаар ямарч мэдлэг мэдээлэлгүй улс байна, нөгөө бол бусдын турхиралт, сэтгэл хөөрөлд нийтээр автсан хүмүүс байна гэж хардахад хүргэж байна.
Үнэндээ тэд жаахан сэтгэл, зав гаргаад ОУВС, Дэлхийн банкнаас Засгийн газарт тавьж байгаа шаардлага, Засгийн газрын тайлбарыг сонсвол багш нарын цалинг 30-50 хувиар нэмэх гарц манай улсын эдийн засгийн чадамж, төсвийн боломж байхгүй гэдгийг ухаарна. Харин үүний оронд багш нар маань шат дараатай цалингаа бага багаар нэмэгдүүлэх ямар боломж байгаа тухай, энэ асуудалд Засгийн газраар байнга анхаарал тавин хэрхэн ажиллах тухай харилцан ойлголцол, тохиролцоонд хүрэхийг чухалчилсан бол илүү хэрэгтэй байхсан.
Нөхцөл байдал нэгэнт ийм атал Ерөнхий боловсролын сургуулийн багш нар маань ажил хаяхаар "шантаажлан” цалингаа 30-50 хувь нэмүүлэх гээд "дөргүй бух шиг” зүтгэх нь юуны учир вэ?
Эрдмийн үрийг таригч эрхэм багш нар та бүхэн маань улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг ойлгож, боломжтой хэмжээнд шаардлагаа илэрхийлж, асуудалд уян хатан хандана гэдэгт итгэж байна. Таны ажил хаялтын цаана монголын ирээдүй мэдлэгээр цангана гэдгийг бүү мартаарай.
Ц.Мөнх