|

Ошо: Ухамсраас бусад бүх юм зуурдын гэдгийг санаж яв

saikhnaa 2017/11/06 816 0

Нэгэн егүзэрийн түүхийг би сонссон юм: Тэрээр анх орох орон, оочих аягагүй бадарчин байжээ. Түүний билиг ухааны тухай цуу алдар түгж, хааны ордонд хүртэл дуулджээ. Хаан түүнтэй уулзахаар очоод эрдэм билигт нь биширч, тэргүүн сайдын албанд томилсон байна. Гуйлгачин эр хааны ордонд ирэв. Хаантан түүнд хуучин навтас орхимжоо тайлагтун гээд дээдсийн хэргэм зэрэгт тохирох өмсгөл зүүсгэл соёрхож гэнэ. 

Тэр цагаас хойш хэдэн жил өнгөрчээ. Ордонд сайдын талаар нэгэн сонин оньсого таавар үүсч, хүн бүрийн аазгайг хөдөлгөх болов. Өдөр болгон тэрээр нэгэн цоожтой өрөө рүү орж, цаг шахам болчихоод гарч ирдэг байжээ. Өөрөөс нь өөр хэн ч ордоггүй тэр хаалганы цаана ер бусын эрдэнэ байдаг болов уу, тэнд ямар нууц зүйл хийдэг бол? гэлцэнэ. Энэ авир шивэр яриа хааны сонорт хүржээ.

Нэг өдөр хаан:

- Би чамтай хамт тэр өрөө рүү ормоор байна. Тэнд юу байдаг бол гэж бодогдоод шөнөжин нойр хүрсэнгүй гэлээ. 

- Тэнд таны сонирхлыг татах юу ч үгүй болохоор би дагуулж явахгүй ээ гэж сайд өчив. 

Хааны сэжиг улам нэмэгдэж:

- Их л сонин байна даа. Миний ордонд тийм нууц зүйл байхыг би зөвшөөрөхгүй. Намайг дагуулж орогтун гэж зарлигдав. 

- Хэрэв надад итгэхгүй байгаа бол би таныг оруулъя. Гэхдээ энэ бол миний тэргүүн сайдын төгсгөл шүү. Намайг албанаас минь огцруулчихаад тийшээ ор. Эс бөгөөс надад итгээд тэр өрөөний тухай дахиж битгий асуу гэж сайд хэлжээ.

Гэвч хаан үнэхээр хартай хүн байж. 

- За яахав, тийм бол албаа өг, би ямар ч байсан тийшээ орно гэжээ. 

Ингээд хаантан болоод ордныхон өрөө рүү орж үзэв. Тэнд хананд өлгөөстэй хуучин орхимжноос өөр юу ч байсангүй. 

- Энд чи яах гэж ирдэг юм бэ? гэж тэд асуув.

- Зүгээр л энэ орхимжийг харах гэж. Урьд нь би ядуу бадарчин байсан, хожим нэг өдөр эргээд бадарчин болно. Тийм болохоор тэргүүн сайдын суудалд дасаж болохгүйг энэ орхимж сануулдаг юм гэж тэрээр хэлжээ. 

Ингээд тэр өмсгөл зүүсгэлээ тайлж, өнөөх муу орхимжоо ороов. Хаантан нулимс дуслуулж:

- Битгий яваач гэж гуйжээ. Гэвч тэр егүзэр:

- Одоо хангалттай. Та надад итгээгүй. Итгэл үгүй болсон хойно энд байх хэрэг алга. Би явах ёстой гэж хэлжээ. 

Ийнхүү тэрээр анх ордонд ирсэн янзаараа ордныг орхин оджээ. Арван хоёр жил тэргүүн сайд, дээдсийн хэргэмтэн байсан нь зүгээр л зуурдын тохиол юмсанж. 

Энэ бол амьдралыг харах зам мөр. Юм бүхэн тохиолдол байдаг. Чи ордонд амьдарч байгаа бол хэзээ нэг өдөр түүнээс сална гэдгээ санаарай. Тэглээ гээд харуусах юм юу байна? Нэгэн цагт чи ордны гадна байсан, буцаад л тэнгэрээр дээвэр хийнэ. Нэр зэргийг хүртэж явсан чинь үзэгдээд өнгөрөх тохиол. Дараа нь түүнийг алдлаа гээд босож харайн, боож үхэх хэрэг юун? Урьд нь алдар хүндгүй амьдарч жаргаж байсан бол ахиад л хангалуун жаргалтай явж чадна шүү дээ. 

Нэгэн цагт чи дэлхийд байгаагүй. Энэ дэлхийд төрөөгүй байхдаа зовж байснаа санадаг бил үү? Тийм бол нөгчихдөө зовж харуусаад яах юм? Буцаад урьдын байдалдаа л орж байна. Энэ дэлхийд чи эргэж ирэхгүй. Адаглаад ийм дүр байдлаараа. 

Энэ бол Зэнгийн хэлдэг "Төрөхөөс өмнө байсан, нөгчсөн хойно ч байх жинхэнэ дүрээ тань" гэдэг үгийн утга. Зуурдын юмсыг хэт анхаарах хэрэггүй. Үүрдийн мөн чанараа л тань. Зуурдын юмсаас сэтгэлээ чөлөөлбөл хорвоогоос аяндаа гэтэлнэ. Энэ бол дотоод хандлага болохоор хаашаа ч зугтаж зайлах хэрэггүй.

Ухамсраас бусад бүх юм зуурдын гэдгийг санаж яв. Өвчин, таашаал, амжилт, уналт, алдар нэр, зүхэл доромжлол бүхэн түр зуурынх. Гагцхүү тэр бүгдийг гэрчлэгч ухамсар өнө мөнх. Аль болох түүндээ анхаарч, түүндээ үндэслэ. Хорвоогийн юмст бүү хүлэгд. Энэ нь орон гэр, амраг саднаа орхи гэсэн үг биш. Зүгээр л чамтай байгаа бүхэн түр зуурын гэдгийг санаж яв. Эхлэлтэй бол төгсгөлтэй. Тэр зүйлийг эхлэхээс өмнө жаргалтай байсан болохоор төгссөн хойно ч жаргалтай байхаа мэд. Үүнийг шалгуур болговол аль нь зуурдынх, аль нь үүрдийнх гэдгийг цэгнэж чадна. Үүрдийн бол үнэн, зуурдын бол хуурмаг. 

Сар тэнгэрт байвч тусгал нь нуурын мандалд байхтай адил. Сарны тусгал сар биш ч бодит үзэгдэл. Түүнчлэн зүүд ч гэсэн зүүд утгаараа бодит үзэгдэл. Зүүд, сэрүүн хорвоогийн хооронд нэг л ялгаа бий. Зүүд хэдэн хором үргэлжилдэг бол сэрүүн хорвоо харьцангуй удаан үргэлжилдэг. Харин Дорно дахинд үнэмлэхүй сэрүүн төлвийг танин мэдсэн юм. Түүнтэй харьцуулахад хорвоогийн сэрүүн амьдрал ч түр зуурын зүүд мэт. Үүрдийн үнэн, зуурдын хуурмаг ахуй аль аль нь бодит. Гэхдээ зуурдын хорвоод уягдахаараа чи зовлон нажид эдэлдэг. Харин үүрд оршихуйн үүдийг нээвэл, дотоод чанаддаа нэвтэрвэл үнэн гэгээн амар амгаланг ч нээнэ.

ОШО, Орчуулсан П.Бадрал

Санал болгох

Сэтгэгдэл

top