|

Өнөөдрийн ҮЗЭЛ САНАА хийгээд ЗАРЧИМ

munkhbat 2017/11/20 655 0

Өнөөдрийн ҮЗЭЛ САНАА хийгээд ЗАРЧИМ

 

Төрийн жолоон дээр ээлжлэн сандайлж буй Улс төрийн нам нэртэй санхүү - эрх ашгийн бүлэглэлүүдийн Нийгэмдээ, Та бидэнд бодитойгоор хүч тулган хэрэгжүүлж ирсэн, одоо ч үргэлжлүүлж буй "ҮЗЭЛ САНАА" нь яг юу вэ?

- Шударга үнэн гэж байдаггүй, тиймээс юу ч хийж болно. Ёс зүй гэдэг бол хоосон зохиомол догма. 
- ХӨРӨНГӨ, МӨНГӨ. Чи түүнтэй бол бурхныг ч худалдаж авч чадна. Тиймээс хөрөнгө мөнгөний төлөө өчүүхэн ч эргэлзэлгүйгээр бурханыг ч зольж болно.
- Бусдыг бүү өрөвд, бүү хайрла. Зөвхөн өөрийгөө...
Ийм л "үзэл санаа" манай нөхдүүдийн үйл ажиллагаа бүхнээс нь ханх тавьдаг.
.
Энэ үзэл санаагаа хэрэгжүүлдэг "ЗАРЧИМ"-ууд нь:
- Ёс суртхуун, шударга ёсыг зөвхөн оо энгэсэг болгон хэрэглэ. Тийм мэт харагд. 
- Ямар ч аргаар хамаагүй аргаар төрийн эрх мэдэлд хүр. Зорилгодоо нэгэнт хүрсэн хойно ямар бохир зам туулсныг чинь олонхи мартчихна, эсвэл мартуулчихна, санасан ганц нэгний амыг нь барь, ганцаардуул, хөөрсөн олныг өөдөөс нь турхир, бүр болохгүй бол гүтгээд шоронд хий, шороонд бул.
- Бүлэглэ, зохион байгуулалтад ор. Түүнээ нам, франц гэж уран гоёор нэрлэ. Ганцаараа чи амжилт олохгүй. Цөөврүүд үргэлж олуулаа явдаг юм. 
- Бас ардчилал, либерализм, социалист энэ тэр гэх мэтийн онол ярь. Гол нь олон түмэнд чи онолтой мэт харагдах нь чухал. Харин цаашаа эргээд тэр онолыг хогын сав руу шүлстэйгээ хамт нулим.
- Тэгээд эрээ цээргүйгээр томхон хус, хулгайл, хэний халаас байх нь чухал биш авч байх нь чухал. Төр түмнийх байтугай бурханых байсан ч хамаагүй гараа лавхан дүр, Боломж бүрийг ашиглаад амжуул...
- Сонгогчидыг унаж тустал нь хуур, худал амла, авилгалд, тархийг нь мөлчийтөл угаа. Дөрвөн жилийн дараа дахиад өчүүхэн зүйлээр саналыг нь авахад амар тул үргэлжийн өлөн зөлөм байлга. 
- Хуулийг өөрсөддөө ашигтайгаар зас, эсвэл үл тоо, уллан дэвсэл, 
- "Хувааж захир" гэж манж нар зүгээр нэг хэлээгүй юм шүү. Нийгмийн оюун санааг цаг үргэлжид маргаан зөрчил, хагарал тэмцэлд байлга, бүү амсхийлгэ. Үгүй ядаж ямар нэгэн цуурхал дуулианаар цатга. Тиймийн тулд бүх хэвлэл мэдээллийг худалдаж ав. Эс тэгвээс ард түмэн чинь та нарын цус үнэртсэн долларыг чинь анзаараад эхэлнэ шүү. 
- Үнэнийг эрж хайж буй, тэмцэж буй хэсгийг айлга, шах, хавч, нэр төрийг нь шороотой хутга, тэд бол чиний өрсөлдөгч учир тэдний үнэн зөв байх чухал биш, зүгээр л нуга дар, хог цэрээ хая, гутаа, гүтгэ, устга, 
- Өөрийнх нь, өөрийн бүлэглэлийнх нь явцуу эрх ашгийг давж алхсан хэнийг ч үл өршөө, үл өндийлгө. 
- Уяаных нь нохой болоогүй бол, замд нь тээглэсэн бол тэр хэн байх нь хамаагүй, зүгээр л өшиглө, золионд хая. 
ГЭХ МЭТ...
За ер эгэл хүний санаанд оромгүй, чөтгөр шулмын санаанаас л ундарч буй гэлтэй. Бидний улс төр ийм л ад зэтгэрийн мэт "Үзэл санаатай", түүнээ ийм л "Зарчим"-аар хэрэгжүүлсээр өдий хүртэл явж ирсэн. 
Жинхэнэ үзэл санааг ярихаа байж, ов залийг, хувиа бодохыг, адын шуналыг үзэл санаа гэх хүртлээ онхолдсон, харанхуй нүх рүү хийссэн. Хүндээ хөнгөнөөс хялбархаан худалдсан. 
Улс төрийн намууд иийнхүү жинхнээсээ үзэл санаагүй болж, явцуу бүлэглэлүүдийн эрх ашгийн өмхий шалбаагт гүнзгий шигдсэний гай гамшиг, лай ланчигийг ард түмэн ханатлаа үүрч, сөхөртлөө зүтгэж байна. Өдий хүртэл бид бүхний улс даяараа будилж, төөрч, самуурч ирсний үндсэн шалтгаан нь ердөө энэ. 
.
Манай улс төр өдий болтол санхүү-эрх ашгийн бүлэглэлүүдийн ийм мэт ширэнгийнх мэт хайр найргүй эрээгүй, соёл, оюуны хэлтэрхий ч үгүй зэрлэг өрсөлдөөнөөр л тодорхойлогдож ирсэн. 
Түүнээ улс төр гэж ард түмэнд итгүүлж, өөрөөр байж болдоггүй юм хэмээн үнэмшүүлсэн. Хамгийн эмгэнэлтэй нь сонгогчдын үнэмлэхүй олонхийн тархийг яг ингэж, "аль нэгэн нам, санхүүгийн бүлэглэлд багтаагүй л бол тэр хэн ч биш, юу ч үл хийж чадна. Хэрвээ чи хэн нэгэн юм бол, ямар нэгэн нам, бүлэглэл ард чинь гарцаагүй байх ёстой" гэж угаасан. 
Үнэхээр ч ямар нэгэн нам, бүлэглэлтэй л холбогдоогүй бол, түүний гар хөл, уяаны нохой нь болоогүй л бол ер хэн ч байсан өнөөгийн улс төрд урагшаа алхахад нэн бэрх. 
Бид харин өнөөдрөөс, яг энэ мөчөөс ҮЗЭЛ САНАА ярьж, ҮНЭТ ЗҮЙЛ, ЗАРЧМАА тойрч нягтарч эс чадваас тун удахгүй засаж залруулах боломжгүйгээр асуудал даамжирч, зүтгэж гарахын аргагүйгээр өмхий шалбаагт улам шигдэнэ. 
Өдий хүртэл улс төрийн тайзан дээр "тоглосон" аль ч намын ялгаагүй хууччуулаас одоо ямар нэгэн үзэл санаа, зарчим нэхээд нэмэргүй. Тэднийг өөрчлөгдөнө, ухаарна гэж горьдоод ч хэрэггүй, ёстой нөгөө "Нар хойноос навтас чирээд гараад ирэх"-ийн үлгэр. Өнөөгийн манай нийгэм цоо шинэ хүмүүс, итгэл үнэмшлийг, зарчмыг цаг үеэсээ үгүйлэн нэхэж байгаа. 
Бидний байдал Pawel Kuczynski-ийн цуврал зурган дээрх шиг л бий.
 
 Өнөөдрийн ҮЗЭЛ САНАА хийгээд ЗАРЧИМ
Өнөөдрийн ҮЗЭЛ САНАА хийгээд ЗАРЧИМ
Өнөөдрийн ҮЗЭЛ САНАА хийгээд ЗАРЧИМ
Өнөөдрийн ҮЗЭЛ САНАА хийгээд ЗАРЧИМ

Б.НАМИНЧИМЭД 

Санал болгох

Сэтгэгдэл

top