|

ЭВИЙ, ЖААХАН ОХИД МИНЬ

saikhnaa 2017/12/21 923 0

Хайр, энхрийлэл, өхөөрдөм, нялхамсуу бүхнийг цацруулагч охид минь. Энэ орчлонгийн хайрын гагнаас, эвийн холбоо, уярал зөөлрөлийн ундарга бол тэд. Хатуудаа хахир орчлонг сөрж гэтлэх ухаан, үгүй хоосныг буй байгаагаараа л дүүргэгч, орчлонд гэрэл гэгээ түгээгч хийгээд бусдын өгсөн хайраар цэцэглэн дэлбээлдэг эмзэгхэн охид минь. Өчүүхэн ч хир буртаг, муу муухайн сүүдэр хүргэмгүй тэднийг минь хүчирхийлэл, зодуур нүдүүр, худал, бусармаг зүйлс ямар их дагана вэ.

Охидод тулгарсан зовлон бэрхшээл, хууль бус бүхэн нийгмийг хэсэгхэн шуугиулж, хар бараан мэдээллээр "хооллогчдыг тодорхой хугацаанд тэжээчхээд мартагдсаар байгаа нь харамсалтай. Бүр тэдний үхэл, үнэнийг илчлэхийн төлөөх золиосыг хүртэл хүмүүс мэдээ, мэдээлэл төдийхнөөр л хүлээж авдаг боллоо.

Ой гарантай охиноо удаа дараа хүчирхийлсэн шившигт эцгийн тухай, найман настай охин ор сураггүй болоод бараг хоёр cap болох гэж байгаа мэдээллийг иргэд "Томчууд минь охидоо илүүтэй хамгаалаарай” гэж өөрсдөд нь өгч буй сэрэмжлүүлэг, дохио гэхээсээ ам дамжсан яриа, сошиалаар цэцэрхсэн мэдээ болгон хүлээж авч, хэсэг шуугиад л мартаж байна.

Өөрөөр хэлбэл, охидыг хүчир-хийлсэн, зодож, тамласан, амь насанд нь ноцтойгоор халдсан, тэдний эсрэг бусармаг, хууль бус бүхэн Монголын нийгэмд зүгээр л сенсаац болж хувираад байна. Зүй нь бол хүчирхийлэл, дарангуйлал, хууль бус бүхнийг хэн нэгэн үйлдэхээс хөх махаа чичиртэл айж эмээтэл нь, тийм зүйл бодох зайгүй болтол нь арга хэмжээ, бодит нөлөөллийг хүүхдийн төлөө төрийн болоод төрийн бус байгууллагууд, хууль хяналтынхан, иргэний нийгэмлэгүүд, эцэг эхчүүд хамтраад хийж байх ёстой юм.

Гэвч хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ одоогоор юу ч алга. Байгаа нь төрийн ордон хийгээд хүүхдийн төлөө гэх газрынхны тэдэн хүүхэд аавдаа, ахдаа хүчиндүүлснээс тэчнээн нь шүүхээр шийдэгджээ” гэх улиг болсон баримт, хэнд ч тус нэмэргүй тоо.

Ардчилсан Монгол Улсад охидын эсрэг зүй бус бүхэн буглан идээлснийг гэрчлэх, олон нийтэд өөрөөрөө дамжуулан сэрэмжлүүлэг, дохио өгөхийг оролдсон цөөн баримтыг энд дурдъя.

ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТ ЗАЛУУ ҮЕИЙН ТОДОРХОЙ ХЭСЭГ ЖИВСНИЙ НОТОЛГООГ ТЭР ЗАДАЛЛАА
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Монголын хууль хүчнийхэн ажлаа сайн хийдэггүй, эцэг, эхчүүдийн үр хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй байдал, хүүхэд, залуучуудын тодорхой хувь хар тамхи, мансууруулах бодис, архи, согтууруулах ундаа, төсөөлөхийн аргагүй бусармагт автсаныг нэгэн охин олон нийтэд зоригтойгоор зарласан. Өдгөө түүний хийсэн мэдээллийн зарим нь худал, дийлэнх нь үнэн байсан тухай сонин хэвлэлүүд нийтэлж, сурвалжилж байна.

Бас түүнийг хэний охин, хэн болох, ямар брэнд өмсдөг, хэчнээн сургууль сольсон, ямар цүнх үүрдэг, ямар хүмүүстэй нөхөрлөдөг хийгээд сэтгэцийн өвчтэй эсэх талаар судлан шаагилдаж байна. Зүй нь бол тэр хэн байх нь тийм ч чухал биш. Харин түүний найз нөхдийнхөө дундах завхрал, хүчирхийлэл, залуу үеийнхний донтолт, мансуурал, бусдыгаа хар тамхинд уруу татдаг, ороогүй нэгнийхээ уух юманд нууцаар хольдог гэх мэт томчуудын төсөөллөөс давсан муу муухайг илчилсэн маш чанга дохио юм, уг нь.

Ганцхан жишээ, Тэр охин өөрийг нь хууран мэхэлж уух зүйлд нь мансууруулах төрлийн бодис хийсэн, үүнээс гадна бас нэг дүүг нь уруу татаж, улмаар олуулаа нийлж хүчирхийлсэн тухай ярьсан. Энэ нь цаашлаад нэг биш хэдэн арав, магадгүй зуу зуун залуус хар тамхи, садар самуунд өртсөн, өртдөг байх магадлалтайг бидэнд дэлгэж буй маш том сэрэмжлүүлэг.

Насанд хүрээгүй хэчнээн зуун охин бэлгийн хүчирхийлэлд орж, түүнийгээ ар гэрийнхнээсээ нууж, найз нөхдөдөө дарамтлуулж, дээрэлхүүлж яваагийн дөнгөж нэг үзүүр. Олон мянган хүүхэд, залуус найз нөхдөө хар тамхи, мансууруулах бодист уруу. татаж, автуулдгийн жишээ. Энэ бол хууль хүчнийхэн хийгээд сэтгүүлчдэд араас нь хөөх хангалттай их ажил байгааг, эцэг, эхчүүдэд үр хүүхдэдээ анхаарал халамж тавьж, хаана юу хийж явдгийг нь мэддэг байх ёстойг ичтэл сануулсан явдал.

Гэвч насанд хүрээгүй охин бие мах бодийн болоод сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөний тухай биш, түүний, тэдний эрхийг хэрхэн хамгаалах, цаашид ийм хэрэг гарах эрсдэлийг багасгах ямар арга бидэнд байгаа тухай бус хэн гэгч дарга, сайдын хүүхэд вэ гэдэгт олон нийт анхаарал тавин, бүр нэхэн эрж байгаа нь харамсалтай. Буруу, бусармагийн тухай мэдээлэгч хэний охин гэдэг нь бус хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эрхийг нь бид хэрхэн хамгаалах вэ гэдэг л чухал.

ХҮҮХЭД ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ МОНГОЛД БИЙ БОЛСНЫ ТОД ИЛРЭЛ Д.СЭРЖМЯДАГ ОХИН БАЙХ МАГАДЛАЛТАЙ
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвөөс найман настай Д.Сэржмядаг охин алга болоод 49 хонолоо. Түүний сургийг ар гэрийнхэн нь битгий хэл Монголын мэргэшсэн татуул, тусгайгийнхан ч гаргаж чадалгүй өнөөдрийг хүрлээ. Гэгээн цагаан өдрөөр, хээр зэлүүд газраас бус таван мянга орчим хүн амтай сумын төвөөс охин алга болсон нь монголчуудад бас л нэг зүйлийг сануулж, сэрэмжлүүлээд байх шиг. Тодруулбал, ямар зорилгоор нь хамаагүй ямар ч л байсан Монголд хүүхэд хулгайлах гэмт хэрэг бий болсныг маш тодорхой хэлж өгч байна.

Үүний нотолгоо нь, охиныг алга болсонтой холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд хэчнээн хүүхэд алга болж, хэд нь олдсон талаарх тоо баримтыг албаныхан ил болгож эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд 70 хүүхэд алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэний 24 нь эрэн хайх ажиллагаа эхэлснээс 3-7 хоногийн дотор олдож, 46 нь өнөөг хүртэл ор сураггүй алга болоод байна. Тэд хаачсан бэ. Үүнээс хамгийн чухал нь эцэг, эхчүүд бага насны хүүхдээ, дүүгээ хаашаа ч явсан заавал харж хандах хүнтэй явуулахгүй бол аюултай гэсэн ил хэлээгүй сэрэмжлүүлэг.

ОХИДЫГ ОЙР ДОТНЫНХОН НЬ ХҮЧИРХИЙЛДГИЙГ ОЛОН БАРИМТ НОТОЛЛОО
Өнгөрсөн арав, арваннэгдүгээр cap охид, эмэгтэйчүүдийн нуугдмал зовлон шаналлыг ил гаргасан өдөр хоногууд байсан гэхэд хилсдэхгүй. Бага насны охидыг багалзуурдсан бузар булайг Баянзүрх дүүргийн V хорооны нэгэн орон сууцад жижүүр хийдэг Б гэгчийн таван настай дагавар охин олны өмнө дэлгэсэн гэхэд болно.

Шүүх эмнэлэгт халамцуу эмэгтэй нэгэн ядруу охиныг тэвэрчихсэн "Миний дүүг хойт эцэг нь удаа дараа хүчирхийлсэн бололтой. Шинжлээд өгөөч. Надад шинжилгээний мөнгө нь байхгүй” гэх зэргээр орилж, агсрахыг нэгэн залуу хараад зургийг нь авч, олон нийтийн сүлжээнд тавьснаар охиныг хүчиндсэн, хүчиндээгүй байгаасай гэх яриа олны дунд хуурай өвсөнд тавьсан гал шиг тарсан.

Хүмүүс охиныг ямар нөхцөлд амьдардаг, ээж нь хаачсан, охиндоо анхаарал халамж тавьдаг эсэх, хойт эцэг нь үнэхээр хүчин хийхээр хүн мөн үгүйг бус "Охиныг хүчинджээ” л гэж шуугилдсан. Харамсалтай нь шүүх эмнэлгээс охиныг хойд эцэг нь хүчиндээгүй гэх дүгнэлт гарсан. Гэхдээ энэ дуулиан олон эрийн арчаагүй, жигшмээр үйлдлийг олонд ил болгож, ой гурван сартайгаас 16 хүртэлх насны олон зуун охин төрсөн аав, хойт эцэг, ах, нагац, авга, танилдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг ил болгосон.

Бараг cap гаруй хугацаанд бүх хэвлэл мэдээллээр гарсан бага насны охидын эсрэг хүчирхийллийн талаарх бараан тоо баримт цаагуураа монголчуудад, ялангуяа ээжүүдэд "Охидоо бүгдээс нуу. Анхаарлаасаа хором ч бүү гарга. Аавд нь ч бүү итгэ” гэсэн мессежийг егсөн байх ёстой. Гэхдээ үүнийг бидний хэчнээн нь ойлгож, хэд нь "Тэр охиноо, энэ дүүгээ тэгсэн гэсэн” хэмээн ярьж суугаа бол.

Гарч буй хэрэг бүхэн бидэнд сэрэмжлүүлэг, өнгөрснөө эргэж харах, өнөөдөр юу алдаж байгаагаа сэхээрэх, алдахгүйн тэмцэл, алдсаны эрхийг хамгаалах, хэн нэгнийг гэмт хэрэг үйлдүүлэхгүйн төлөөх нөлөөлөл, хамтын ажиллагааны эхлэл байх ёстой болохоос бус мэдээ, амны зугаа байх ёсгүй. Эвий, жаахан үрс минь өөрсдөөсөө муу муухай бүхнийг бусдадаа сэрэмжлүүлж, амь нас, нэр хүнд, байгаа бүхнээ золиод ч томчууд бид ойлгохгүй бол юутай эмгэнэл вэ.

Эх сурвалж: Үндэсний шуудан – Б.Энхмарт

Санал болгох

Сэтгэгдэл

top