|

Эрүүл мэндийн байгууллагууд 7,8 тэрбум төгрөгийн өртэй

munkhod 2015/06/10 788 0

Эрүүл мэндийн байгууллагууд 7,8 тэрбум төгрөгийн өртэй

 

Эрүүл мэндийн салбарын өнөөгийн тулгамдсан асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэх гарцыг Сангийн яамтай зөвшилцсөнөөр төсвийн хүндрэлийг шийдвэрлэх болсноо өчигдөр Эрүүл мэнд спортын сайд Г. Шийлэгдамба хэвлэл мэдээллийнхэнд танилцуулав.
 
2015 оны Төсвийн тухай хуулиар Эрүүл мэнд, спортын сайдын төсвийн багц, эм эмнэлгийн  хэрэгслийн төсөв өмнөх оноос буурч, эмнэлгүүдэд өр төлбөр үүсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсээд байв.
 
ЭМСЯ-наас уг асуудлаар эмнэлэг, эмийн төрөлжсөн мэргэжлийн төвийг оролцуулан эмийн төсвийн хэтрэлт, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, өрийн судалгааг ЭМБ-уудаас авахад нийтдээ 7.8 тэрбум төгрөгт хүрсэн. Мөн уг өрийг барагдуулаагүй тохиолдолд эмийн нийлүүлэлтийг зогсоохыг эм ханган нийлүүлэгч байгууллагууд мэдэгдсэнийг салбарын сайд онцолж байв.
 
Засгийн газрын хуралдаанаар салбарын 2015 оны төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулан дөрөвдүгээр улирлын эм, эмнэлгийн хэрэгслийн төсөв болох 13.8 тэрбум төгрөгийг хоёр болон гуравдугаар улирлын төсөвт нэмж оруулахаар болов.
 
Ийнхүү төсвийн хуваарьт өөрчлөлт орж, өрийг барагдуулснаар эрүүл мэндийн салбар цаашид хэмнэлтийн горимоор ажиллан хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй чанартай үзүүлэх нөхцөл бүрдлээ. Эдийн засаг хямралтай энэ үед хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хамтран ажилласан эм, эмнэлгийн байгууллагуудад сайд талархал илэрхийлэв.
 
Эрүүл мэндийн салбарын энэ оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар эм, эмнэлгийн хэрэгслийн өрийн тооцоо Улаанбаатар хотод 7.867.050.2, Өвөрхангай аймагт 445.585.7, Баян-Өлгийд 106.200.3, Говьсүмбэр аймагт 184.566.8, Завхан аймагт 253.176.9, Хөвсгөл аймагт 565.500.3 төгрөг гэх мэт өр гарсан байжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг 

Санал болгох

Сэтгэгдэл

top