Маргаашнаас ес эхэлнэ. Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес хоногоор тооцон гурван ес дуусахад өвлийн жавар үргэн, хаврын улирал айсуй гэж үздэг. Ес эхлэх буюу аргын тооллын арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн идэр гурав буюу нялх гурван ес эхэлж байна. Энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог.
ЕСӨН ЕС
Нэг есөд яах вэ? XII/22-XII/30
Нэрмэл архи хөлдөнө
Хоёр есөд яах вэ? XII/31-I/8
Хорз архи хөлдөнө
Гурван есөд яах вэ? I/9-I/17
Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
Дөрвөн есөд яах вэ? I/18-I/26
Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө
Таван есөд яах вэ? I/27-II/4
Тавьсан будаа хөлдөхгүй
Зургаан есөд яах вэ? II/5-II/13
Зурайсан зам гарна
Долоон есөд яах вэ? II/14-II/22
Довын толгой борлоно
Найман есөд яах вэ? II/23-III/2
Нал, шал болно
Есөн есөд яах вэ? III/3-III/12
Ерийн дулаан болно