Ядуурлын түвшин 18 хувьд хүрвэл нийгэм эмх замбараагүй болж, 36 хувьд хүрвэл хувьсгал болдог гэдэг. ҮСХ болон Дэлхийн Банкны хамтран тооцсон ядуурлын тооцооны үр дүнг авч үзвэл Монгол Улсын ядуурлын түвшин 2014 онд 21.6 хувь байсан бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар 29.6 хувьд хүрч 8.0 пунктээр өсжээ.
Энэ нь 2017 онд нийт хүн ам болох 3 сая хүнээс 907.5 мянган хүн нь ядууралд өртсөн байна гэсэн үг. Ядуурлын гүнзгийрэлт 2017 онд 7.7 хувь болж, 2014 оныхоос 2.5 пунктээр, ядуурлын мэдрэмж 2.9 хувь болж, 2014 оныхоос 1.0 пунктээр өссөн байна. Хот хөдөөгийн хүн амын амьжиргааны түвшинг харьцуулахад хөдөө орон нутагт ядуурал илүү нэмэгджээ. Түүнчлэн Монгол Улсын нийт хүн амд хөдөөгийн хүн амын эзлэх хувь бага ч хөдөөд ядуурлын түвшин 10.1 пунктээр өссөн байна. Тодруулбал, хөдөөд ядуурлын түвшин 2014 онд 2012 оныхоос 11.7 пунктээр буурсан байсан бол 2017 онд эргээд 10.1 пунктээр өссөн байна. Энэ нь ядуурлын шугамын дөнгөж дээр байсан өрхүүд эдийн засаг, нийгэм, байгаль, цаг уурын багахан хүндрэлд өртөж, буцаад ядуурлын шугамын доор орсныг харуулж байгаа юм.
Бүс нутгийн хувьд авч үзвэл Зүүн бүсэд ядуурал 12.5 пунктээр, Баруун бүсэд 10.0 пунктээр, Улаанбаатар хотод 8.4 пунктээр, Хангайн бүсэд 8.3 пунктээр, харин Төвийн бүсэд ядуурлын түвшин бусад бүсүүдтэй харьцуулахад арай бага буюу 4.6 пунктээр нэмэгдсэн гэсэн үг. Улсын хэмжээнд нийт аймгуудын ядуурлын байдлыг авч үзвэл Увс, Орхон, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв аймгуудаас бусад аймгуудад ядуурлын хамралтын хүрээ нь Улсын дунджаас дээгүүр байгаа юм... Өөрөөр хэлбэл, ядуурлын түвшин нийгмийн эмх замбараагүйтэлд хүрчихээд цаашилж байгааг дээрх судалгаанаас харж болохоор байгаа юм.
З.Уран
http://www.24tsag.mn/content/158426.shtml