|

АЛДАХ ЭРХГҮЙ БОЛСОН

saikhnaa 2018/01/08 526 0

НИТХ-ын төлөөлөгч, Эрх зүйч, Улс төр судлаач Ч.Гантулга

Саяхан дэлхий дахинаа хамгийн нөлөө бүхийд тооцогдох эрхмүүдийг эрэмбэлсэн нь анхаарал татав. Гол шалгуур нь,тухайн эрхмийн эрх мэдэл, хөрөнгө чинээ, хийсэн бүтээсэн зүйл, улсдаа бүтээсэн баялаг. Уг жагсаалтын тэргүүн эгнээнд манай урд хойд хөршийн удирдагчид багтжээ. Удаах байруудад АНУ, Энэтхэгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Микрософт, Гүүгл, Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч нар бичигдсэн билээ.

Үнэхээр тэд нөлөө бүхий эрхмүүд мөн үү гэвэл мөн. Энгийн иргэний нүдээр харахад ч тэр, 21 дүгээр зууны эдийн засгийн даяаршил, нээлттэй бодлого, интернет сүлжээ,бараа бүтээгдэхүүн нийлүүлэлт үйлчилгээгээрээ дээрх гүрнүүд тэргүүлж байна. Энэ бүхэнд улс орны удирдагчид ихээхэн чухал үүрэгтэй билээ. Гол нь эдгээр баялаг нэг өдөр шууд бий болчхоогүй. Тууштай алсыг харсан бодлого төлөвлөлтийн дагуу газрын хэвлий дэх болон оюун ухаанаар бүтсэн бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд зохистой байдлаар нийлүүлж чадсанаар бий болсон баялаг юм.

Харин манай улсын хувьд ирээдүйд бид ийм байдлаар дэлхийн зах зээлд, бүс нутагтаа тоглогч болохын тулд одооноос тоглоомын дүрмэнд нэгдэн орж, хүн хүч, нөөц бололцоогоо бодитоор харах цаг болжээ. Нэгэн үес бид дэлхийг донсолгож явсан нь үнэн. Гэвч өнгөрснөөрөө омогшин, ирээдүйгээ умартаж хэрхэвч болохгүй. Ийм төрлийн сэтгэхүйн хэнээрхэл өдийг хүртэл биднийг салахгүй дагаж байгаа нь хачирхалтай. Угаас тусгаар тогтносон, байгалийн баялагтай, өөрийн өв соёл, уламжлагдан ирсэн ёс заншил дархлаатай бие даасан улсын урд ямагт боломж байдаг.

Дэлхийн соёл иргэншил рүү тэмүүлж ирсэн өнгөрсөн он цагуудаа харахад бид социалист нийгэм буюу төлөвлөгөөт эдийн засгийг халж, эдийн засгийн либералчлал, эрх чөлөөг дээдэлсэн үндсэн хуульт улсаа тунхагласнаар багагүй хугацааг ардаа орхижээ. Энэ хугацаанд төрийн өмчийг хувьчилж, (цаг хугацааны хувьд буруу үед хувьчилж үйлдвэрлэгч орноос хэрэглэгч болж хувирсан), газар лицензийн замбараагүй олголтыг өөхшүүлэн, хүний эрх нэрийдлээр орон нутгийн суурьшил хөгжлийн бодлого алдагдсан гээд олон завхрал үүссэнийг ч дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ бүхэн нь эргээд улсын суурь хөгжлийн бодлогын алдааг үүсгэсэн ч гэж болно.

Ардчилал, олон намын системд шилжсэнээр улс төрийн намуудын талцал, бүлэглэл бизнесийн сонирхлын хуваагдал газар авсаар, өнөөгийн нийгэмд хэрхэн биежин тогтсоныг бид нүдээр харж байна. Улс төрийн намуудын талцал хуваагдал яван явсаар "Баялгийн хувиарлалт” гэх хоёр үгэн дээр зангидаж байна. Харамсалтай нь, баялгийн хуваарилалтаа шударга хийж чадаагүйгээс болж, төрийн хямралд хүрээд байгаагаа мэдсээр байгаа боловч огтоос засахгүй явсаар өнөөг хүрлээ.

Тиймээс ч эдүгээ гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт ихэссэн ч яагаад ажлын байр нэмэгдэхгүй байна. Иргэдийн орлогод бодит өөрчлөлт ямар учраас гарахгүй байна? Ядуурлын түвшин жилээс жилд нэмэгдээд бараг 30 хувь руу дөхөж байгаа шалтгаан нөхцөл юу байна гэхчлэн түмэн асуудлын өмнө дорвитой шийдлүүдээ гаргаж чадаагүй л байна. Энэ бүх овоолго мэт асуудлуудыг үүсэхэд үе үеийн засгийн газруудын буруутай нөлөө байв уу гэх асуулт ч гарч ирнэ.

Гадаадын зээл тусламжид хэт их найдаж, хамар доор байгаа боломжоо хардаггүй. Харсан нэгэн нь гадныханд тавиад туучихдаг. Хариуцлага тооцъё гэхээр намаараа хамгаалдаг. Ийм л улс төр, нийгмийн системийг өнгөрсөн хугацаанд цогцлоон бий болгожээ гэж дүгнэж болохуйц.

Аливаа улс орны тусгаар тогтнолын баталгаа нь газар нутаг. Манай улсын хувьд лиценз хэлбэрээр багагүй газар нутгаа гадныханд дэвсээд өгчихсөн (Ашиггүй гэрээ хэлцэл хэлбэрээр). Улс төрчид үүн дээр дорвитой өөрчлөлтийг хийх сонирхолгүй байгаа нь эргээд эрх ашгийн зөрчил буйг харуулдаг. 2008-2012 оны хооронд зохион байгуулагдсан "Монголын эдийн засгийн форум” гадны хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байв. Харин одоо бол улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, дэд бүтцийн бүтээн байгуулалтын зогсонги үзэгдэл, төсвийн үр ашиггүй зарцуулалтаас үүдэж Монгол улс нэр хүндээ гадаад орчинд алдаж гүйцээд байна. Зүгээр ч нэг байхад өргөтгөсөн хөтөлбөрт ороогүй л болов уу.

Улс төр орсон буруу шийдвэр улс орныг ямар их хохиролд хүргэдгийг өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд бид харлаа. Төмөр замгүй нүүрсээ тээвэрлэх боломжгүйг бид ойлголоо. Эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэхгүйгээр үйлдвэрлэлүүдээ ажлуулах боломжгүйг үзэв. Хөдөө аж ахуй аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт технологи нэвтрүүлэхгүйгээр тоог нь өсгөх боломжгүйг ч бид мэдлээ.

Биднийг ингэж дотооддоо мунгинаж байх зуур хөрш улсууд маань нэгдэх замаар Ази Европ руу гарцуудаа нээж, төмөр зам барьж, зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэн, дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллөө бататгасаар байна. Том утгаараа ч тэр, хөрш орнууд дундаа хавчсан Монгол улсыг хөгжүүлж, дэлхийн баян гүрнүүдийн тоонд оруулах сонирхол байна уу гэдэг нь бас л эргэлзээтэй асуудал.

Байгалийн хийн хоолой, эдийн засгийн коридорын гол замуудаа манай улсыг тойруулан татаж, усан цахилгаан станц болон хараат бус эрчим хүчтэй болоход хавчин шахаж, дуртай цагтаа хил гаалийн хязгаарлалтыг хийх боломжтой гэдгээ харуулсаар байна. Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн Манжийн үе түүнээс хойших комментерний үеийг ч бас санагдуулахуйц. Үе үеийн Монголоо гэсэн баатруудын амиар олсон тусгаар тогтнол эрх чөлөөг хариуцлагагүй улс төрчдийн амаар үгүй хийлгэх гэж үү.

Монгол Улс, монголчууд бид дэлхийн улс орнуудад юу нийлүүлж чадах вэ? Юуг нь авч ашиглаж чадах вэ? Алс ирээдүйд ашиг шимээ хүртээх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр Монгол Улсын хувьд аль нь вэ? Өнөөдөр Арабын Эмират улс загвар хөгжлийг элсэн цөлд цогцлоож байгаагийн нэгэн адил Монголчуудад боломж бий юу. Энэ бүхнээ бид одоо бодитойгоор тооцож, хөгжил руу аваачих асуудлуудаа том агуулгаар нь харах шаардлагатай нэгэнт тулгарсан байна. Бид алдах эрхгүй болсон.

Санал болгох

Сэтгэгдэл

top